Түндэнпэлжээлин хийдэд бэлэг дэмбэрэлийн өргөө бий.

Түндэнпэлжээлин хийдийн хойд талын хаалгаар ороход “Зээ маа” цэцэрлэг бий. Яслиас эхлээд ахлах бүлэг ахлах бүлэг хүртэл таван ангитай. Яслид нэг ойгоос таван нас хүртлэх хүүхдүүд хүмүүждэг. Багшийн ярианаас үзэхэд, “Эцэг эх нь хүүхдийнхээ солих живхийг нь өгчихдөг. Хүүхдүүд үеийхэнтэйгээ байхад уйлж сүйд болохгүй. Нэг ангидаа хоёр багш ажиллаж байгаа болохоор хүүхдүүд нь зутардаггүй” аж. Анги нь улсын цэцэрлэгийн ангийн талбайтай бараг ижилхэн бөгөөд саруулхан. Ариун цэврийн өрөө, урлагийн заал нь том, тохь тухтай. “Зээ маа” цэцэрлэгийн зөвшөөрөл маш хурдан хугацаанд гарчээ. Өрөө, тасалгаа, тоглоом наадам гээд бүгд стандартад нийцэж байна гэсэн үнэлгээ авсан байна. Хүүхдүүдээ өглөө 7.30 цагт хүлээж аваад үдэш 19.30 цагт аав ээжид нь хүлээлгэж өгдөг. Өдрийн таван хоолтой. Сургалтын хувьд хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх шатар, даамны дугуйлан, авъяас билгийг нь нээх дуу бүжгийн сургалт явуулдаг. Үүнээс гадна дэргэдээ эмнэлэгтэй учраас эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хүүхдүүдээ хамруулах боломжтой. Зан заншил, уламжлалт ахуй соёл, ёс жаяг, хүндлэх дээдлэх, хайрлах харилцах соёлд сургахыг чухалчилсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тус цэцэрлэгийг тохижуулахад 200 орчим сая төгрөг зарцуулжээ. Хувийн цэцэрлэг учраас төлбөртэй бөгөөд нэг сарын төлбөр нь 200-250 мянган төгрөг аж.

“Лонад гүнсэл” эмнэлэг: Тус эмнэлэг нь хүүхдүүдэд үйлчлэх тодотголтой боловч томчуудын харшил, астам гэх мэт өвчинг эмчилдэг байна. Орчин үеийн эмчилгээнээс гадна уламжлалт бариа заслын эмчилгээ хийдэг. Үзлэг, эмчилгээ, бариа засал, амрах гээд дөрөв таван өрөөтэй. Ханиад шуухитнаагаас эхлээд харшил, тархины даралт гээд хүүхдийн өвчинд өдрийн эмчилгээ хийдэг аж. Тус эмнэлэгт харшил, астамаар дагнаж 10 гаруй жил ажилласан туршлагатай хоёр хүүхдийн эмч ажилладаг байна. Хүүхдүүдэд үзлэг хийхээс гадна физик эмчилээ хийдэг. Тоног төхөөрөмжийн хувьд орчин үеийн шаардлагад нийцсэн ажээ.  

Хүүхдэд нэр хайрлаж, угаалга үйлдэх өргөө: Шинэ төрсөн хүүхдийг угаах, нэр хайрлах ёс нь хамгийн хүндтэй зан үйлийн нэг бөгөөд монгол түмэн эрт цагаас эрхэм дээд үйл болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Хүүхдийн угаалгыг зарим нутагт төрснөөс нь хойш гурав хоногийн дараа, зарим газарт эхийнх нь бие тэнхэрсний дараа буюу 7-15 хоноод хийдэг. Орчин үеийн хүүхдийн угаалгыг хийлээ гэхэд ах дүүгээрээ цуглаж найрлаад өнгөрдөг болсон ёс байна. Мөн хүүхдийн төрөл төрөгсөд, хамаатан саднуудыг суулгах сандал засчээ. Шинэ хүнд номын дуу сонсгосны дараа багш лам, эсвэл аав нь нэр хайрладаг. Угаалга үйлдэх зэс, мөнгөн тавганд тусгайлан бэлдсэн усаар шинэ хүүхдийг угаагаад, эрүүл мэндэд тустай 25 ургамлын дээжээр утлага хийж зассан орон дээр өлгийддөг ажээ. Энэ мэт зан үйлийг гүйцэтгэсний дараа зочдод босоо хүлээн авалт хийж болох зориулалттай танхим хүртэл тохижуулжээ. “Бэлгэ дэмбэрэл”-ийн өргөөнд мөн “даахь үргээх ёслол” үйлдэж болно. Монголчууд даахь үргээхдээ зандан модоор үсэнд нь хүрдэг уламжлалтай учир заншлын дагуу зандан мод бэлтгэж тавьжээ. Шинэ хүүхдийн угаалга үйлдэх, даахь үргээх ёслолыг “Бэлгэ дэмбэрэлийн өргөө”-нд хийхийг хүсвэл захиалга өгөх юм байна.