Хувцсан дээрх туг үсний соёл Хүннүгээс угшилтай


Б.Мөнхцэцэг 18 жил СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуульд хувцас, дизайны багшаар ажилласан. Тэрбээр “Хүннүгийн хувцасны төрөл зүйлийн судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. Б.Мөнхцэцэг эртний хувцас сэргээн засварлах дуртай ажээ.  

Та яагаад Хүннүгийн үеийн хувцсыг судлах болсон юм бэ? Хувцасны шинэ загварын тухай хүүхдүүдэд заах гэхээр үндэсний хувцсаа судалж мэдэх шаардлагатай болсон. Үндэсний хувцсыг судлаад, докторынхоо ажлыг “Хүннүгийн хувцасны төрөл зүйлийн судалгаа” сэдвээр хамгаалсан. Гарал үүслээс нь эхлээд судлахаар энэ сэдвийг сонгосон. Монгол үндэсний хувцасны суурь судалгаа гэсэн үг л дээ. Хүннүгийн үеийн хувцасны олдворуудыг сэргээсэн. Эзэнт гүрний үеийн сонирхолтой олдворууд байна.

Тухайлбал, энд булган захтай арьсан хүрэм, эсгий малгай, торгон дээл байна. Монголчууд хэдий үед ийм өвөрмөц загвартай хувцаслаж байв? Олон гүүрийн голын эсгий малгай, үслэг хүрэмний сэргээн бүтээлтийн ажил энэ байна. 2006 онд Монгол-Орос-Германы хамтарсан олон улсын хээрийн шинжилгээний анги Баян-Өлгий аймгийн нутаг Алтайн уулны Олон гүүрийн гол дахь зургадугаар булшнаас энэ үслэг хүрэм, эсгий малгайн үлдэгдлийг олжээ. Энэ булш нь МЭӨ IV-III зуунд хамаарагдана. Эрэгтэй хүнийг тарваганы арьсаар өнгөлсөн нэхий дээлтэй оршуулсан байжээ. Укокын мөнх цэвдэгт булшнуудаас гардаг хувцасны ижил уг дээл нь зарим газраа арьс болон ангын үсэн чимэглэлтэй, булганы арьсаар хийсэн босоо өндөр захтай. Үүнээс гадна богино даавуун өмд, эсгий гутал, өндөр оройтой дуулга маягийн эсгий малгайтай байв. Малгай нь шувууны толгойн дүрстэй, модон оройтой байжээ. Мөн энэ булшнаас модон морь, бугын дүрс бүхий чимэглэл олдсон билээ. Энэ бүс нутгаас олддог олдворуудыг анх олсон газрынх нь нэрээр Пазырыкийн соёлын дурсгал гэж нэрлэдэг. Түүх археологич, судлаачдын олж судалсан энэ дурсгалуудыг бид мэргэжлийн үүднээс нарийвчлан судалж байгаа. Хүннүгийн үеийг судалж байхад л энэ хувцасыг судалсан. Нэг хэсэг шуугиан тариад байсан олдворууд. Тэднийг судалж байж сэргээж хийсэн малгай, хүрэм юм. Үлдэцийг нь Новосибирск руу явуулж шинжлүүлсэн. Хонины арьсаар доторлосон булга, ердийн хэрэмний арьсан гадартай гээд байгаа юм. Оросуудын ердийн хэрэм гээд байгаа нь зурамны арьс байх бололцоотой.

Ийм хувцас сэргээн засварлахад хэр хугацаа орох вэ? Хүннүгийн хувцсыг би арван жил судалсан. Бүх хэмжүүр гаргаад, эсгүүр зохион бүтээлт гаргасны дараа бол хийх нь харьцангуй гайгүй. Нэг жилийн дотор хийдэг. Дандаа гар ажиллагаагаар хийдэг.

Сэргээн засварласан хувцасаа музейд өгөх үү? Сургууль дээрээ эртний монгол хувцасны музейтэй болчихьё гээд эднийгээ ийш тийшээ өгөөгүй хадгалаад байгаа.

Ийм цагаан хувцас хар болчих гээд одоо ч өмсөхөд хэцүү. Эртний монголчууд ийм цагаан дээл өмсдөг байжээ. Цэвэрлэх арга байсан юм болов уу? Илгэн дээл шүү дээ. Монголчууд малынхаа арьс ширийг боловсруулж хувцас хийдэг, түүнийгээ цэвэрлэх арга технологитой байсан шиг байгаа юм. Илгийг гурил, хужраар арчиж цэвэрлэх арга байдаг.

Ямар хүний өмсгөл бол? Булшнаас хамт олдсон зүйлүүдээс харахад энгийн хүний хувцас байж. Энэ бол Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Дугуй цахирын  хадны оршуулгаас олдсон дурсгал. Эрэгтэй хүүхдийн торгон дээлний хамт олдсон. Тэр эсгий дээлний оёдол хийц засвар бүр толгойд багтахын аргагүй сайхан. МУИС-ийн Археологи, Антропологийн тэнхимийн эрхлэгч, судлаач У.Эрдэнэбат булшийг нь судалсан. Хувцасны судалгаан дээр намайг хамтраач гэсэн хүсэлт тавьсан юм.

Энэ торгон дээл их өвөрмөц загвартай юм. Эмэгтэй хүний дээл үү? Үүнийг У.Эрдэнэбат, Ч.Амартүвшин нарын судлаачид 14-15 настай эрэгтэй хүүхдийн дээл гэж үзсэн. Материал нь суналтгүй, хатуувтар, уналттай маягийн торго байсан. Үүнийг сэргээхдээ аль болох эртний маягаар нь харуулъя гэж торгоны наймаачид захиж байгаад олж авсан. “Арьсан торго” гэж нэрлэгддэг торго юм.

Эх дээлнээс нь хэр их үлдсэн байв. Та хэдий хэмжээгээр сэргээсэн бэ? Бүгдийг нь босгож хийсэн. Археологийн олдвор дандаа дутуу байдаг. Жаахан хэсэг ч байсан бид байгаа хэсгийг нь сэргээчихээд, энэ юуны хэсэг вэ гэдгийг бусад олдворуудтай харьцуулж үзэж байж бүрэн бүтэн болгодог. Эх загвар нь түүхийн музейд гарсан “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнд гарсан.

Эртний хувцас сэргээхэд их ажил ордог байх? Жишээлбэл энэ хүүхдийн дээлний тасархай хадны оршуулганаас олдсон. Хадны оршуулганаас үлдсэн хувцас үйрч унахгүй арай биетэй, бодитой, үлдэц сайтай байдаг. Үс нь байхгүй, хаа нэгтээ үсний ноолуурлаг, сортой хэсэг нь үлдээд, хөрс нь байдаг. Дандаа хуруу хуруу зайтай оёж зүүсэн байдаг. Үүнийг утсаар эмхэрдэж байгаад гараар оёсон.

Та ийм хувцас босгохын тулд их л олон хуучны ном зохиол уншдаг уу? Монгол судлалын холбогдолтой ямар л ном зохиол гарна тэр болгоныг уншиж судалдаг.

Хувцастай холбоотой судалгааны материал хэр их байдаг вэ? Яг хувцасны мэргэжилтэн ийм түүхэн судалгааг дагнаад судалсан нь ховор. Дандаа археологийн, түүхийн эрдэмтэд судалдаг. Тэдний судалгааны дашрамд судлагдсан мэдээллүүд олддог.

Энэ хүүхдийн дээлний суга гараа гаргах хэмжээний онгорхой юм аа? Сугалдарлах зориулалттай. Дээр үед сугалдарлах хэрэгцээг мэддэг байж.

Нуруун дээрээ шилбэ товчтой хийжээ? Анх монгол зурган дээр эндээ ийм нүхтэй юм шиг байна даа гэж таамагладаг байсан. Лавшруулаад судлахаар Английн нэг цуглуулагчийн хувийн цуглуулгад “Тал нутгийн стиль” гэсэн яг суга хэсгээрээ онгорхой дээлний цуглуулга байсан. Төв Азийнх гэсэн тайлбартай зураг олдсон. Өнгөрсөн жил Баянхонгороос бас ийм нүхтэй дээл олдсон.

Энэ булган захтай үстэй дээлэн дээрх туг үснүүд ямар учиртай вэ? Туг үснүүдийг Пазырыкийн соёлтой холбоотой гэж үздэг байсан. Тэгсэн чинь Баян-Өлгийгөөс олдох болсон. Хамгийн анх олдсон газрын нэрээр Пазырыкийн соёл гээд байгаа болохоос биш үнэндээ Хүннүгээс угшилтай гэдгийг Хүннү судлаач Я.Ганбаатар “Хүннүгийн түүх соёл” номондоо дурдсан байдаг. Туг, үс, сүүлтэй дээлний тухай хэд хэдэн баримт олдсон. Их Монгол Улсын хааны өргөөнд хөл тавьсан анхны Европын аялагчдын нэг Плано Карпини бас бичсэн байдаг. “Тэд богиновтор үстэй дээлтэй юм байна. Үстэй дээл нь тахимаа хүрсэн сүүлтэй” гэж бичсэн. Түүний биет олдвор гараад ирсэн. Д.Тангад гээд угсаатны зүйч байдаг. Түүний хээрийн судалгааны тайланд бас сүүлтэй дээлний тухай дурдсан. Угсаатны зүйчид хөгшчүүлээс аман ярилцлага их авдаг. Булган аймгийн өндөр настан ярихдаа “Монгол дээл одоогийнх шиг ийм хормойтой байгаагүй юм. Хонины сүүл шиг сүүлтэй байсан. Хүүхдийн дээлийг саяхан болтол бид тэгж хийж байсан гэж тэр хөгшин ярьсан байдаг. Хонины сүүл шиг хормой манай монголчуудаас, хүннүчүүдээс гаралтай гэдэг нь баталгаатай. Пазырыкийн булшнаас олдсон гээд яг ийм туг үстэй зургуудыг бид номноос харж байсан. З.Фройдын “Онгон шүтээн хорио цээр”-ийн тухай ном бий. Туг үс тахих заншлын талаар олон судлаач тайлбарладаг. Хүй нэгдийн үеэс монголчууд энэ заншлыг хувцсандаа хадгалж авч үлдсэн нь баримтаас харагдаж байна. Онгон шүтээн болж байсан амьтныхаа үсийг хувцас хунартаа үлдээдэг. Ан агналаа гэхэд туг үсийг нь биедээ авч үлдээд, уучлал гуйдаг. Муу зүйл болохоос сэргийлэх гэх мэтээр туг үстэй холбоотой, цаашдаа судалбал олон тайлбар хийж болох заншлууд бий. Энэ үстэй дээлэн дээрх тус үс сүлжсэн хэсэг нь нэг талаас чимэглэл боловч зан заншил соёлтой холбоотой янз бүрийн дохио мэдээлэл агуулдаг. Хүүхдийн хувцсанд манайхан явуу хаддаг. Хүннүгийн үеийн булшнаас үлдсэн олдвороос шинжлэхэд ханцуйны үзүүр, хормой, зах хавиар мөн энгэрийн голоор явуу хаддаг байж. Явуу хүүхдийг хамгаалах зорилготой. Одоо ч хөдөөгийхөн хаа нэгтээ хүүхдийнхээ хувцсанд явуу хаддаг нь эртний улбаатай.