Эртнээс нааш өвөг дээдэс мянга мянган жилээр газар нутгаа цөлжилтийн аюул, бэлчээрийн даац хэтэрсэнээс үүсэж болох цөлжилтийн аюулаас аварч ирсэн уламжлал бий ажээ.
Монголын тал хээрийн бүсийн өнгөн хэсэг гэгддэг үржил шимт давхарга нь харьцангуй нимгэн байдгаас түүнийг хүүхдийн зулай мэт эмзэгхэн хөрс гэж үздэг. Энэ ч утгаараа хөрсний эвдрэлд амархан орж цөлжилт нүүрлэн цааш хурдацтай тархаж болох аюутай бүс гэгддэг. Хөрсний энэхүү эвдрэл доройтол чухал юунаас голлон шалтгаалж үүсдэг вэ гэвэл бэлчээрийн даац хэтэрсэнээс гэж үздэг. Тал хээрийн бүсийн үржил шимт энэ эмзэгхэн хөрсийг малын хөлөөр удаан хугацаанд далхалснаас тухайн газар нутгийн хөрс дагтаршиж нягтран улмаар чулуужих мэт хатууралд ордог байна. Ийнхүү нягтарч хатуурснаар хөрсний чийг уур чадвар муудаж, үржил шимт чанар нь доройтойн, ургамлын үндэс богиносож, ургалт нь тачирхан болж сийрэгжин улмаар элсний нүүдэл бүрхэж цөлжилт нүүрлэх аюул учирдаг. Нэгэнт үндэс нь богинсож бат бөх чанар нь алдагдсан өвс ургамал цаашдаа хүчтэй салхинд үндсээрээ булгаран хийсч элс шуурах нөхцөлийг хурдасгадаг байна. Талхигдлаас үүссэн хөрсний энэхүү нягтрал хатуурлыг даамжрахаас сэргийлж эс чадвал тухайн газар нутаг бэлчээрийн гүн доройтолд орж өнөөгийн хот суурин, худаг усны ойролцоох хаяа хатавч шиг улаан сайр болон хувирах аюул нүүрлэдэг аж. Бэлчээрийн гүн доройтолд орж чулуужин хатуурч буй үхмэл хөрсийг сийрэгжүүлэн зөөлрүүлж, мөн түүнээ элдэв төрлийн ялзмаг, ялгадсаар баяжуулан бордож, нар салхи, ус чийг нэвтрүүлэн улмаар ургамлын үндсийг уртасгах нөхцлийг бүрдүүлж, өтгөн шигүү өвс ургамалтай соргог сайхан бэлчээр нутаг болгон хувиргадаг байгалийн гайхамшигт технологийг Үлийн цагаан оготно гүйцэтгэж иржээ.
А.А.Таракановский, Г.Амарсанаа, Ц.Одбаяр нарын зэрэг эрдэмтэн судлаачдын 1989 оны бүтээлд “....өвс ургамал сайтай бэлчээр нутаг жил дараалан малын хөлд талхигдсанаас хөрс дагтаршиж ургамал сийрэгжин улмаар оготно олшрох таатай нөхцлийг бүрдүүлдэг. Ийнхүү 1-14 жилийн зайтайгаар оготны хэт олшролт бий болж тухайн нутгийн ургамлыг бусдад хүрэлцэхгүй болтол хэрэглэснээр хүн, мал амьтад бүгд дайжин нүүж тэр орчин нутаг талхигдах эдэлгээнээс ангижирч түрч боловч амсхийдэг байна. Оготно олшрох үедээ нэг га-д 1000 гаруй толгой оногдож өдөрт дунджаар 4-5кг, жилдээ 2тн орчим ялгадас гаргаж хөрсийг борддог. Мөн хөрсийг хавж сэндийчэн хааш хаашаа нэг метр газар 4, нэг га-д 40000 нүх малтаж, талхлагдаж дагтаршсан хөрсийг агааржуулан сийрэгжүүлэх онцгой нөлөөг үзүүлдэг. Нөгөө талаар нүх ухах явцад газрын гүнээс өнгөн хэсэг рүү эрдэс, бодис эргэдэг онцлогтой. Оготны хэт олшролт нь цаашдаа өөрсдийгөө дарамтанд оруулж үржил нь зогсонги болж мөхөлд хүргэдэг. Ийнхүү 2-3 жилд оготны нөлөөгөөр иж бүрэн сайжирсан хөрсөнд зүйл бүрийн ургамал ургаж ургац хэд дахин нэмэгддэгийг олон жилийн судалгаа харуулдаг. Энэ бүхэн бол хөрсийг бэлчээрийн доройтолд оруулахгүй амрааж байх өөрийн дотоод зохицуулалтыг байгаль эх заяасан байдаг. Үлийн цагаан оготно бидний дайсан бишээ....” хэмээн онцолжээ.
Хүн байтугай аливаа амьтан, хорхой шавьж, ялаа шумуул хүртэл өөрсдийнхөө арьс үсийг тордож, нөхөн сэргээж, гоёж гоодож байдаг. Үлийн цагаан оготно хэмээх мэрэгч нь хэт олшролтынхоо хүчээр хийж буй гайхамшигт нөхөн сэргээлт бол бүх ургамлыг нь хөрсөн доор нь оруулж бүрэн гүйцэд бордолт хийдэг байна. Монголчууд бид чоныг байгаль эхийн цэвэрлэгч санитарь хэмээн нэрлэдэг шигээ үлийн цагаан оготно бол байгаль эхийн “цагаан нөмрөгт гоо сайханчид” ажээ.
Байгаль эх маш эмзэгхэн тал хээрийн бүсэд цөлжилт нүүрлэх үед нь хурцадтайгаар үржин олширдог үлийн цагаан оготно хэмээгч энэхүү хурдан шалмаг нөр их хөдөлмөрч бяцхан амьтадыг бүтээж буй болгосон нь ойлгомжтой юм. Монголчууд хэдэн мянган жилийн туршид мал малласаар ирсэн атлаа малын хөлийн талхигдал болон оготны олшролтоос болж цөлжилт нүүрлэлээ хэмээн орчин үеийн бидэн шиг сандарч тэвдэж байгаагүй нь чухамдаа байгаль эхийн энэхүү гайхамшигт дотоод зохицуулалтыг сайн мэдэж ухаарч байсантай холбоотой. Оготно олшроод ирэнгүүт “бидний суудал ихдэж газар дэлхийдээ даац хэтрүүлэн дарамт үүсгэсэн байна, Тэнгэр эцгийн ивээлээр оготно олширлоо” хэмээн ухаарч 2-3 жилийн зайтайгаар алслан нүүдэллэн оддог байжээ. Гэтэл өнөөгийн малчид юуны чинь нүүж суух манатай, өмчилж авсан хашаа бууц, худаг усаа сахин жилийн дөрвөн улиралд нэгэн довон дээрээ эргэлдсэн дошны амьтад болон хувирчээ. Нүүхээ больсноор оготно 10-14 жилийн зайтай бус 1-2 жилийн зайтай олширч улмаар мал, оготно, машин гуравтаа нухлагдаж амралт эдлэхээ больсон хөрс талхигдалд хүчтэй нэрвэгдэн цөлжилтийг хурдасгах аюул улам эрчимтэй нүүрлэсээр байгаа аж.
Чухам ийм учраас л Монголын нутаг дэвсгэрийн цөлжилт жил жилээр буурч багасах бус харин ч улам идэвхжиж өдгөө 70 гаруй хувьд хүрээд байгаа нь тодорхой. Байгаль эхийн гайхамшигт дотоод зохицуулалтыг хүлээн зөвшөөрч оготно олшироод ирэхийн цагт нутаг сэлгэн алслан нүүж хөрсөө амрааж байхаас өөр арга зам байхгүй мэт.
Эх сурвалж: Өдрийн сонин