“Морьтны гайхамшиг” үзүүлбэрийг дэлхийд гайхагдтал нь хөгжүүлэхийг хүсдэг

“Циркус Монголия Хадагаа” болон “Хан Монгол” морин циркийн хамтлаг өнгөрсөн зуны турш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өдөр бүр Монгол үндэсний хэв маягтай циркийн үзүүлбэрүүдээрээ үзэгч түмнийгээ бахдуулан бишрүүлсэн. Тэр дундаа олон жилийн турш гадна дотны үзэгчдийг гайхуулж, 2012 оноос эх орондоо тоглолтоо толилуулж ирсэн “Морьтны гайхамшиг” үзүүлбэрийн хамт олныг удирдан зохион байгуулагч, “Хан монгол” циркийн захирал Ш. Цогтхүүтэй ярилцсан ярилцлага.

Энэ удаагийн тоглолт чинь юугаараа онцлог вэ. “Циркус Монголия Хадгаа” продакшинтай хамтран тоглож байгаа гэсэн? Энэ жил “Морьтны гайхамшиг” үзүүлбэр үүсгэн байгуулагдсаны 40 жилийн ой, мөн тэрхүү номерын санаачлагч Монгол улсын гавьяат жүжигчин Долгорын Норовцэрэн багшийн маань мэндэлсний 90 жилийн ой давхцаж байгаа. Энэхүү тоглолт маань эдгээр ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах ажлын нэг байсан. Тодорхой шалтгааны улмаас хугацаанаасаа бага зэрэг хойшлогдсон ч амжилттай явагдаж өнгөрлөө. “Циркус Монголия Хадагаа” манай цирк 2 хамтраад үндэсний хэв маяг нэгдсэн тоглолтоо үзэгчиддээ хүргэлээ. “Морьтны гайхамшиг” үзүүлбэр маань циркийн манежинд тоглогддог хэлбэрээрээ тоглогдсон.

Циркийн манежинд тоглох, задгай талбайд тоглох хоёр юугаараа ялгаатай юм. Илүү давчуу орон зайд баригдаж тоглох болохоор нарийн ажиллагаа шаардагдах байх? Яг ч давчуу гэж хэлж болохгүй л дээ. Манежны тойрог маань ОУ-ын стандартад нийцсэн хэмжээтэй байдаг. Морины хурдаар давхиж болох хамгийн жижиг тойрог буюу 13.5 метрийн хэмжээтэй. Энэ бол морин циркийн үзүүлбэрийн нарийн гүйцэтгэл хийхэд хамгийн тохиромжтой талбай юм. Яагаад гэхээр гадны нөлөө багатай. Задгай талбайд тоглож сураагүй морь бол гаднах талбайд замынхаа дагуу явах ч байна, явахгүй ч байна. Тойрогт анхнаасаа хийгээд дасчихсан морь нарийн гүйцэтгэлийг хийж ажиллаж чаддаг.

“Морьтны гайхамшиг” тоглогч эртнээс алдартай байсан. Гэхдээ нэлээд хугацаанд тасалдсан шүү дээ? Яг ч тасалдсан гэж хэлж болохгүй. Бид гадаадад тоглолтоо хүргээд л явж байсан. Харин сүүлийн жилүүдэд хүний нутагт хөгжүүлээд байдаг, яагаад Монголдоо хөгжүүлж болдоггүй юм бэ гэсэн байр сууринаас энд сургалтын төв байгуулаад яваандаа цирк болгох төлөвлөгөөтэй байна. Манай морьтны тоглолт социализмын үед анх гарч байхдаа “Моринд гарамгай Монгол залуус” нэртэйгээр нээгдэж байсан. Үнэхээр гайхалтай үзүүлбэрүүд үзүүлдэг байсан учраас яваандаа “Морьтны гайхамшиг” нэртэй болсон.

Монголчууд моринд гарамгай гэдэг үүднээс гадны үзэгчид илүү сэтгэл хөөрлөөр хүлээж авах, хүлээлт байдаг болов уу? Сайн хүний нэрийг худалдаж иднэ гэдэг шиг бидний өвөг дээдэс Чингис хаан монголчуудыг морьтой нь Монгол гэдэг нэртэй нь дэлхийд дархалж өгсөн гавьяатай хүн. Тийм ч учраас гадны хүмүүс дайчин монголчууд гэдэг утгаар нь хүлээж авдаг. Энэ ч үүднээс бид ялангуяа морины үзүүлбэрийг дутуу хийх, алдаа гаргах, муухай харагдах эрх байхгүй.

Манайхаас өөр морины цирк хөгжсөн ямар орнууд байна? Европын орнууд чинь ерөөсөө морины соёл нь урлаг болж хөгжөөд нэлээд удчихсан. Хэдэн зуун жил үе удам, дамжчихсан байдаг. Манайх морины ахуй соёл гэдэг утгаараа хэдэн мянга жил хөгжсөн ч урлаг тал руугаа бол 70 гаруй жилийн түүхтэй. Яг энэ чиглэлээрээ сонгодог морин цирк болгож хөгжүүлсэн орон Оросоос авхуулаад олон байгаа.

Сонгодог морин циркийн үзүүлбэр гэхээр юугаараа онцлог вэ? Энэ бол морины төгс сургалтыг хэлээд байгаа юм. Морь хүнтэй бараг ярихаас наагуур болоод ойлгодог. Яв гэхээр яваад, унт гэхээр унтаад, бүжиглэдэг, ямар ч ташуургүй, эмээл хазааргүй морийг сургадаг болсон байна. Манай морины цирк ч мөн адил нийгэмтэйгээ хөл нийлээд энэ чиглэл рүүгээ хөгжих хэрэгтэй байгаа юм. Циркийн урлагт манай бусад урлагаас онцгой нэг юм байдаг. Дэлхийн улс оронд Монголын циркчид л монголын нэрийг өндрөөр өргөж, тахалж явдаг. Түүнчлэн манай цирк дэлхийд дээгүүр байр суурь эзэлдэг, Орос суурин дээр Монгол хөөмий, уртын дуу, бүжигтэйгээ хослуулж чаддаг болохоор манай циркчид хаана ч очсон нүүр бардам байдаг.

Морины циркийн морьдыг хэрхэн яаж сонгодог юм бэ? Зарим хүмүүс миний морь номхон юм чинь циркт сургаж болох байх гэдэг. Болно л доо. Гэхдээ миний баримталдаг зарчим эсрэгээрээ огт эдэлж байгаагүй, эмнэг адуу аваад анхнаасаа суурийг тавих сонирхолтой. Хоёрт, “Морьтны гайхамшиг” тоглолтын хувьд биерхүү, том морь хэрэгтэй болдог. Яагаад гэхээр хажуу талд нь зүүгдэх, дээгүүр доогуур нь орж гарахад гэдэс, хөл хоорондын зай хол байх ёстой, хажуу талд нь унжихад дагаад ороод ирэхгүй байх ёстой. Ийм шалгуур хангахаас гадна мэдээж царай зүс, өнгө үзэмж, нас хүйсийг нь харна. Залуу морь сургаад авчихсан байхад удаан эдэлнэ. Түүнээс биш баячуудтай адил хурдан морь сонгодог шиг шилж сонжоод аманд нь орсон үнээр нь худалдаж авахгүй.

Том биетэй адуу гэхээр монгол морьд жижигддэг байх нээ? Биерхүү монгол адуу байна. Баруун, баруун хойд зүг рүүгээ гайгүй том адуу байдаг. Ерөнхийдөө эрлийзжсэн адуу л ажлын шаардлага хамгийн сайн хангадаг. Яг Европын цэвэр цусны том адуу болохоор илүү эмзэг болчихдог.

Адуугаа та өөрийн биеэр сонгодог уу. Адуу малтай их харьцдаг болохоор ер нь уяачдаас дутахгүй морь шинжинэ биз? Ерөнхийдөө л өөрөө харж, үзэж байж сонгодог. Өөрийнхөө мэргэжил, ажлын шаардлагын хүрээнд бол шинжээч байлгүй яахав. Сэтгэлд хүрсэн адуугаа шөнөжин зүүдэлж байгаад л ямарч үнээр байсан авахын төлөө л зүтгэдэг.

Адуугаа хэдэн настайгаас, хэдий хэр удаан хугацаанд сургадаг вэ? Тухайн адууны характер болон ямар сургалт гэдгээс нь шалтгаална. Шинэ мал, шинэ амьтантай ажиллаж эхэлнэ гэдэг чинь ахиад л анхнаасаа л амьтан сургаж эхэлж буй шинэ сургагч шиг байдаг. Эхлээд мориныхоо характерийг мэдээд, түүнд нь тааруулж сургана уу гэхээс өөрийнхөө хийлгэх гэсэн юмыг хүчээр нүдээд байвал яг хийлгэх гэж байгаа үзүүлбэрт нь таараагүй адуу байна. Морийг сонгоод унаж үзэхэд энэ морь нэг тиймэрхүү үзүүлбэрт л таарах юм байна даа гэсэн багцаатай болдог. Аль болох богино хугацаанд сургаад авахыг боддог ч багадаа л хоёр, гурван сар шаарддаг.

Морио сургахын хажуугаар тухайн морьдтойгоо хүнээ бэлдээд явдаг байх. Нэг морин дээр нэг л хүн сургуулилдаг юм уу, олон хүн зэрэг ажиллах уу? Морийг ямар ч тохиолдолд бэлэн байлгах үүднээс хүүхдүүдийг байнга сольж явдаг. “Морьтны гайхамшиг” тоглолтын хувьд тухайн морь янз янзын хүнтэй ажиллаж байж тэр бүхэнд үргэхгүй, зугтаахгүй бэлэн болдог. Харин бүжиглэдэг, жүжиглэдэг морины хувьд яг нэг хүн тулж ажиллаж гаршуулдаг юм.

Танай цирк өөрийн хичнээн адуутай вэ? Одоо 20 гаруй адуу байна. Үржлийн хэдэн адуу бас байгаа.

Өөрсдөө адуугаа үржүүлж байгаа юм уу, хэзээнээс адуугаа өсгөж эхлэсэн бэ? Өөрсдөө үржүүлээд жил гаруй болж байна. Материаллаг баазтай болчихсон болохоор өөрсдөө шаардлагатай морио үржүүлж эхэлсэн. Нэгдүгээрт багаас нь авч сургахад амар, хоёрт хөрөнгө санхүүгээ хэмнэх үүднээс өөрсдийн үржлийн адуу давуу талтай. Нөгөөтэйгүүр хүний гар дээр төрнө гэдэг чинь дөл нь зөөлөрдөг. Манай монгол адуунууд бэлчээрт төрдөг болохоор хагас зэрлэг шахуу байдаг.

Хичнээн төл хүлээн авсан бэ? Энэ жилдээ дөрвөн унага гарсан. Тэд нар маань гурван жилийн дараанаас ажилдаа орж эхэлнэ дээ. Тэр болтол эрүүл энх өсгөх л чухал байна.

Морин циркчин бусад циркийн жүжигчдээс юугаараа онцгойрдог юм. Ямар чадвар эзэмших ёстой вэ? Морин циркчин өөрөө зуун хувь сайн байгаад хамтрагчаа дутуу бэлдэх юм бол хэн ч биш. Багаар ажилладаг бусад циркчдийн хувьд хоорондоо ярилцаад ойлголцож болдог. Морин циркчин хүн морио хийх үзүүлбэрийнхээ хэмжээнд бүрэн сургаж, итгэлтэй болсны дараа өөрөө зуун хувь үзүүлбэрээ гүйцэтгэж байж төгс тоглолт хүнд хүргэдэг. Бид нар чинь тайзан дээр хичнээн хүмүүс рүү хараад инээгээд үзүүлбэрээ үзүүлж байсан ч нүднийхээ булангаар морио байнгын хянаад л, санаа тавьж байдаг. Тэр утгаараа морины циркийн жүжигчин залхуу байх үндэслэлгүй. Байнга морио тэжээнэ, эмчилнэ, арчилна, хоол хүнсийг нь өгнө гээд цаг үргэлж зогсоо зайгүй ажилладаг даа.

Циркийн жүжигчдийг их багаас нь бэлдэж авдаг. Харин яагаад морин циркийн жүжигчдийг багаас нь сургадаггүй юм бэ? Морин цирк хурд хүч, тамир шаардсан урлаг тул гарын тамир гүйцсэн хүн хийх ёстой. Морины хөдөлгөөн дээр биеийн хөдөлгөөнийг зохицуулж авч явна гэдэг бага насны хүүхдэд арай эрсдэл ихтэй. Ер нь 16 нас хүрсэн залуусыг авч бэлддэг. Энэ насны хүүхдүүд гарын тамир гүйцэж, өөрийгөө их бага хэмжээгээр аваад явах чадвартай болдог. Хоёрт, морин дээрээс буугаад үсрээд гарахад бага насны хүүхэд бие жижиг учраас тушигдаад байдаг. 13 настайгаас нь эхлүүлээд гурван жил сурахад 16 хүрэхдээ жагссан сайхан морин цэрэг болж байгаа юм даа.

Та морин дээрх нум сум харвааны үзүүлбэрийг наадмын нээлтэд оруулах талаар санал дэвшүүлж байсан. Тэгвэл үнэхээр үзүүштэй номерын нэг болох байх даа? Энэ үзүүлбэрийг наадмаар үзүүлж байсан. Гэхдээ морин дээрх нум сум харвааны үзүүлбэрийг моринд гарамгай, нум сум чадамгай эзэмшсэн хүн үзүүлэхгүй бол зүгээр гоё харагддаг гээд хэн дуртай нь хийж болохгүй. Наадмаар олон хүнтэй газар тоглуулахад ер нь эрсдэлтэй. Сайхан хийж чадах юм бол жинхэнэ монголын бахархал болно.

Та нар гадагшаа, дотогшоо явж үзүүлбэрээ үзүүлэхэд адуугаа хэрхэн авч явдаг вэ? Социализмын үед гадаадад тоглохдоо засгаас бүх мөнгийг нь даагаад, вагоноор тээвэрлээд аваад очдог байсан. Харин одоо тоглолт эхлэхээс тодорхой хугацааны өмнө тухайн орон нутагт нь богино хугацаанд морио сургаж бэлтгээд тоглодог жишиг тогтлоо. Ингэхлээр явдлын зардал, малын хорио цээрийн бичиг гаргах гээд олон юмаа хөнгөвчилж байгаа юм.

Тэгэхээр морьдоо түр авч хэрэглэдэг юм уу, худалдаж авчихаад тэндээ үлдээчихдэг юм уу? Янз янз байна. Хамтрагчтайгаа яриад хэрвээ бид нар морийг нь гаргая та бүхэн сургаж бэлдээд ав гэвэл бэлдэж тоглочихоод буцаад ирнэ. Харин цаанаасаа морь гаргаж чадахгүй гэх юм бол морьдоо үнэ тохирч аваад буцахдаа зардаг юмуу, эсвэл тэндээ бааз болгож үлдээгээд дараагийн гэрээ, контракт арга хэмжээнд очиход өөрсдийн бэлэн морьтой болчихсон байдаг.

Ер нь танай цирк мориноос өөр амьтан сургаж, циркийн үзүүлбэр үзүүлдэг юм уу? Байнаа байна. Манайх чинь ер нь морин цирк гэхээсээ илүү, хэтийн зорилго маань монголдоо ганц томоохон амьтны цирктэй болох явдал. Монгол ахуйдаа ойртуулж таван хошуу малаа сургах, чоно есөн шидийн амьтан сургах зорилготой байна. Одоогоор манайд тэмээ, сарлаг, чоно, шонхор шувуу, адуу гээд таван төрлийн амьтан байгаа.

Та өөрөө багаасаа мал ахуйд ойр өссөн үү. Яаж яваад циркт орчихсон юм? Яг үнэнийг хэлэхэд би чинь унаган хотын хүүхэд. Гэхдээ багын мөрөөдөл, сонирхлынхоо дагуу морин циркчин болсон. Багын дэлчигнүүр зантай, төмс чулуугаар жонглёрддог, толгой гар дээрээ өнхрөөд явдаг байсан. Тэр хоббиндоо хөтлөгдөөд 10 настайгаасаа циркийн дугуйланд явж эхэлсэн дээ. Үйлдвэрчний ордонд явдаг байхад 12 настайд Монгол улсын гавьяат жүжигчин Д.Норовцэрэн багш маань морин циркчин болгохоор шалгаруулж авч байв.

Анхны тайзан дээр үзүүлж байсан үзүүлбэрээ санадаг уу? Анх 16 настай тайзан дээр гарч байлаа. Тухайн үед “Морьтны гайхамшиг” үзүүлбэрийг зритл дүүрэн хүн үзнэ. Бүр хүлээж байгаад ирж үздэг хүн ч байсан. Анхны тоглолтоо тоглолтоо их тод санадаг юм. Аав, ээж хоёрыгоо авчирч суулгаад тоглож байхад харьцангуй сандраагүй. Тайзнаас бууж ирээд л нэг уужуу амьсгал авдаг. Яваандаа тав зургаан жилийн дараанаас тайзан дээр гараад ирэхээр тоглолт хийнэ гэхээр ид бах, омогшил төрдөг болсон доо. Үзүүлбэрээ илүү төгс гүйцэтгэх гээд л өөртөө итгэлтэй бардам зантай болчихдог.

Та хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүдээс чинь аавынхаа мэргэжлийг уламжилж авсан хүн байна уу? Гурван хүүхэдтэй. Том охин маань одоо 18 настай, Түвшинсайхан гээд охин бий. Бас морин циркийн жүжигчин. Энэ жил улсын аварга болсон. Бага хоёр нь хоёулаа хүү. Одоохондоо балчир байгаа болохоор циркээр явах эсэх нь тодорхойгүй л байна.

Эх сурвалж: Өдрийн сонин