Цус сэлбэхээр Оросоос цаа буга оруулж ирлээ

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум, дархадын цэнхэр хотгор, Шишгэд, зүүн, баруун тайга, Цагааннуур, Улаан-Уул сумдын нутгаар манай улсын цаатан иргэд тархан суурьшдаг. Тэд өвлийн улиралд хасах 50 хэмийн хүйтэнд 2100-2900 метрийн өндөрлөг газарт цаа бугын аж ахуйгаа эрхэлсээр амьдралаа залгуулж байна.

Цаачдын амьдралын гол түшиг тулгуур болсон цаа бугын тоо толгой тууштай өсөхгүй байна гэсэн тоо, баримттай судалгаа гарснаас хойш Засгийн газраас үүнд анхаарлаа хандуулж эхэлсэн. Иймээс цаа буга маллан, тайгад амьдарч буй уйгар угсааны тува, цаатан иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, тэдний боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, цаа бугын аж ахуйг сэргээх зорилго бүхий "Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна.

-ЦАА БУГА 25 НАСЛАЖ, ЖИЛД НЭГ УДАА ТӨЛЛӨДӨГ-

Хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Тува улсаас 19 үржлийн цаа буга оруулж ирж, энэ сарын 5-ны өдөр Цагааннуур сумын цаатан иргэдэд хүлээлгэн өгчээ. Тус ажлыг Туркийн хамтын ажиллагааны Монгол дахь агентлагийн  санхүүжилтээр “Шү-До” ХХК гүйцэтгэсэн байна. Цаа бугын тоо толгойг өсгөх, үйлдэр угсааг сайжруулах, цус сэлгэх зорилгоор ийн нутагшуулах болжээ. Цаа буга дээд тал нь 25 хүртэл наслаж, жилд нэг удаа төллөдөг аж.

2013 оны байдлаар Манай улсад 367 цаа маллагч нүүдэлчин буюу 86 өрх айл 1511 цаа маллаж байгаа гэсэн судалгаа гарчээ. Цаатан хэмээн бидний нэрлэдэг эдгээр иргэдийг Монгол улс 1960-аад оны үед л анх “тоож” иргэний үнэмлэх олгож эхэлсэн байдаг. Сүүлийн жилүүдэд хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хүрэн тайгын эзэн болсон цаатан иргэдийн амьдралын түвшин сайжирч, цаа бугын тоо толгой өсөх хандлагтай байгаа ажээ.