ТАХИЙН ТАЛД 120 ОРЧИМ ТАХЬ ӨВӨЛЖИЖ БАЙНА

 Тахийн тоо толгой буурсан гэх мэдээллийн дагуу “Олны үг ортой эсэхийг шалгалаа”. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, 2014 онд Тахийн талд нутагшуулж буй тахийн сүрэг маш амжилттай өсөн нэмэгдэж байгаа аж. Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг Тахийн талын Хонин ус, Тахийн усны говьд энэ өвөл 120 орчим тахь өвөлжиж буй юм байна.

2014 оны эхний унага дөрөвдүгээр сарын 16-ны өдөр мэндэлжээ. Зүүнгарын говийн тахийн сүрэгт энэ жил долдугаар сарын дунд үеийн байдлаар 22 унага эсэн мэнд бойжиж байгаа нь тахийн сүрэг, тоо толгой нэмэгдсэнийг гэрчилж байгаа хэрэг аж.


Өнгөрсөн долдугаар сарын эхээр 3 тахийн гүүг Праг хотын амьтны хүрээлэнгээс тээвэрлэн авчирчээ. Энэ 3 гүүг жил орчим хугацаагаар тахь нутагшуулах төвийн дасгах хашаанд байлган ажиглахаар болсон байна.

Нутгийн иргэд тахь болон бусад зэрлэг амьтанд зориулж нарны эрчим хүчээр ажилладаг худаг гаргажээ. Ингэснээр бэлчээрийн нөхцөл сайжирч, сүргийн нутагшил тогтворжсоны дээр 1000 шахам хулангийн сүрэг уг худгаас ундаалж байгаа аж.

Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргаа ирэх онд Чех, БНХАУ-аас болон Хустайн нуруунаас нийт 14 тахь авч нутагшуулах зорилготой байгаагаа дуулгалаа.

Өнөөдрийн байдлаар Тахийн талд бундан азаргатай сүрэг хамгийн том нь бөгөөд 25 тахьтай аж. Заримдаа энэ сүрэг 2 хэсэгт хуваагдах боловч шаардлагатай үед эргэн нэгддэг байна. Чонын аюул тахийн талын унаганы мэнд үлдэхэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлсээр  байгааг нутгийн иргэд хэллээ.

Тахийн талд буй бүх тахийг 1945 онд байсан 31 тахийн есийх нь үр төл гэж үздэг байна. Тэдгээрийн ихэнхи нь 1900 онд баригдсан 15 тахийн үр төл аж. Лондонгийн амьтан судлалын хүрээлэн болон Монголын эрдэмтдийн тахийг амьтны хүрээлэнгээс хээр талд эргэн нутагшуулах аз сорьсон хамтын ажиллагаа амжилттай хэрэгжсэний үр дүнд 2011 оны байдлаар 300 гаруй тахь эх нутгийнхаа хээр талд эрх чөлөөтэй амьдарч буй гэв. 1945 онд байсан 31 тахь 1990-ээд оны эхээр 1500 гаруй болжээ.

1992 оны зургадугаар сарын 6-ны өдөр Украины Аскания-Новагийн Үндэсний хүрээлэнгээс ГИДЦГ-ын “Б” хэсэгт анхны таван тахийг авчирсан. Үүнээс хойш нийтдээ 13 удаагийн тээвэрлэлтээр нийт 109 тахь авчирч сэргээн нутагшуулсан байна.

Олон орны эрдэмтэд судалсан ч тахийн амьдрал, идэш тэжээл, шилжилт, нүүдэллэх хөдөлгөөн, хэрхэн сүрэглэдэг зэрэг нь одоо хүртэл бүрэн тодорхой болоогүй байгаа аж.

Өнгөрсөн тавдугаар сард Тахийн тал төслийн удирдлагууд Шинжаны тахь үржүүлгийн газар болон Каламайлын Нөөц газартай тахь солицох, үржүүлэх тал дээр хамтран ажиллахаар тохирч, 2015 оны дөрөвдүгээр сард 6 тахь авчрахаар төлөвлөжээ.

Дашрамд дурдахад, тахь тун үзэсгэлэнтэй амьтан бөгөөд угийн зэрлэг тул хүнд элгэмсүү дотно ханддаггүй байна. Тахид биеийн төрх, галбир, өнгө зүс гэхчилэн хурдан адууны бүхий л шинж байдаг аж. Тахь хааяахан маш сайхан янцгаадаг. Дэргэд нь үүр цайлгаад, өглөө эрт янцгаахыг нь сонсох боломжтой юм байна.

Тахь сүргээрээ амьдардаг учраас харж, ажиглаж бүртгэхэд харьцангуй хялбар байдаг аж. Нэг сүрэгт 3-10 гүү байдаг. Тахийн азарга ихэвчлэн үр төлөө гурван нас буюу хязаалан болмогц нь сүргээсээ хасдаг байна. Тахийн үрээ сүргээсээ хөөгдөхдөө төдийлөн ажирдаггүй, их тайван байдаг аж. Харин тахийн байдас сүргээсээ хөөгдөхдөө тун сандарч, айж эмээгээд, алс хол тэнэж алга болох нь бий аж. Эцэг азарга хүчээр хазаж хөөхөөр харсан зүг рүү чигээрээ явдаг байна. Ойр орчимд нь тахийн сүрэг, азарган үрээ таарахгүй бол 200, 300 км тэнэх нь энүүхэнд. Ингэж явсан тахийн байдас хилийн тор хүрээд буцсан тохиолдол байдаг ажээ.