Тэдгээрийг засмал зам тавьж байсан “Дорноговь АЗЗА” компанийн ажилчид олсон байна. Тэд зам тавьж байсан газраасаа нийт 15 ширхэг ийм чулуужсан зүйл олсон ч тухайн үед холбогдох байгууллагуудад мэдэгдээгүй ажээ.
Өнгөрсөн сарын 4-нд залуус олдворуудаа аймгийнхаа музейд хүлээлгэн өгсөн байна. Олдворуудын долоо нь нэлээд том, нэг нь гурван литрийн бидон савны чинээ бол найм нь Монгол орноос өмнө нь олдсон үлэг гүрвэлийн өндөгний дайтай болохыг нутгийн хүмүүс хэлж буй юм. Тус музейнхэн ШУА-ийн Палеонтологийн төвд энэ тухай мэдэгдэн, палеонтологчдыг урьж шинжлүүлэхээр ажлаа эхлүүлжээ.
Зарим эх сурвалж мэдээлэхдээ, тэдгээр биетийн нэг нь бараг 40 литрийн савны хэмжээтэй том байсан гэсэн юм. Гэвч Шинжлэх ухааны академийн Палеонтологийн төвийнхөн түүнийг үгүйсгэв.
Үлэг гүрвэл, эртний хөхтөн судлалын багийн гишүүн Р.Барсболд хэлэхдээ “40 литрийн савны хэмжээтэй том өндөг гэж байхгүй, худал мэдээлэл. Худал хуурмаг мэдээллийн талаар би юу хэлэх вэ. Жил бүр л Монгол нутгаас үлэг гүрвэлийн чулуужсан өндөг зэрэг олдворууд олдож л байдаг. Нэг их сүрхий том нээлт биш, байж л байдаг зүйл.
Дээрх олдвор 70, 80 сая жилийн л өмнөх олдворууд болов уу. Нэг их ач холбогдолтой гэж үзэхгүй байна. Мэдээллийн эрин зуунд мэдээлэл асар хурдацтай өөрчлөгдөн түгж байна. Тиймээс үлэг гүрвэлийн чулуужсан өндөг олсон дээрх мэдээлэл тэр олон мэдээллийн дунд орхигдоод үлдсэн байх” гэв.
Жил бүр Монголоос үлэг гүрвэлийн өндөг олддогийг батлах мэт өнгөрсөн есдүгээр сард мөн л Монголын археологчид говиос үлэг гүрвэлийн өндөг олсон байна. Энэ талаар http://tushenka.info сайтад мэдээлэхдээ, Монгол-Америкийн археологчид хамтран явуулсан судалгааны ажлынхаа хүрээнд эртний энэ амьтны маш сайн хадгалагдсан чулуужсан махны хэсэг олжээ.
Энэ бол Монголын говиос олдож байгаа анхны олдвор биш. Говь нутаг шинжилгээний анги ажиллахад байгаль цаг агаарын хувьд хүнд ч үнэхээр олон нууцыг хадгалсан байдаг” хэмээжээ. Дашрамд дурдахад, анх 1920-иод онд Монголын говиос үлэг гүрвэлийн чулуужсан өндөг олдсон байна.