Агуй судлал өндөр хөгжсөн АНУ, ОХУ, Франц, Итали, Болгар, Польш, Хятад зэрэг олон улс оронд агуйг тохижуулан тоноглож зочид буудал, ресторан, эмнэлэг, сувиллын газар, музей, үзэсгэлэн, урлагийн танхим, эрдэм шинжилгээний болон туршилтын лаборатори болгон ашиглаж байна. Франц улсад анхны газар доорх лабораторыг 1897 онд байгуулж байсан бол Хятадад МЭӨ 336 оны үеэс эхлэн агуйг засварлан буддын сүмийн цогцолборыг байгуулж байжээ. Энд 500 орчим том, жижиг агуй байх бөгөөд агуйн дотор, гадна байгуулсан буддын уран барилгын дурсгал болох олон арван сүм байхаас гадна 2000 гаруй бурхадын хөрөг зураг, сийлбэрийг агуйн хананд зурж сийлсэн байдаг.
Дэлхийд хамгийн томд тооцогдох уг агуйн цогцолборыг “Cave of ten Thousand Buddhas” гэж нэрлэдэг. Эртний хүмүүс агуйг орогнох газар, орон гэр, агуулах, шашин мөргөлийн газар болгон ашиглаж байсан бол орчин үеийн хүмүүс агуйн гайхамшгийг мэдрэх, судлан шинжлэх, тусгай хэрэгцээгээ хангах үүднээс ашиглах болсоноор “Агуйн аялал жуулчлал” хэмээх нэр томъёо бий болжээ. Агуйн аялал жуулчлал нь АНУ, Европ, Азийн олон улс орнуудад бие даасан аяллын төрөл болтлоо хөгжиж чадсан байна.
Агуйн аялал жуулчлал гэж юу вэ?
Газар доорх харанхуй ертөнц болох агуй нь эртнээс хүн төрөлхтөн сонирхлыг татсаар ирсэн байна. Тиймээс орчин үеийн аялагч, жуулчид энэ нууцлаг ертөнцөөр аялж гайхалтай шинэлэг зүйлийг мэдрэхийг хүсдэг. Дэлхийд алдартай олон агуйнууд байгалийн болон түүх, соёлын чухал объектынхоо хувьд аялал жуулчлалын сэтгэл татах үзмэр болдог бөгөөд жилдээ олон мянган жуулчдыг хүлээн авдаг.
Тухайлбал дэлхийн хамгийн томд тооцогдох АНУ-ын Өмнөд Кентуки мужид орших “Mammoth cave” буюу ”Арслан зааны агуй”-г 1942 онд үндэсний парк болгон агуйн аялал жуулчлалыг хөгжүүлж байна. Паркад ирсэн хүмүүс зөвхөн агуйг сонирхохоос гадна сургалт судалгаа, түүх соёл, адал явдалт болон спортын аялалд оролцдог байна. Ийм цогцолборууд нь гадаадын аялагчдыг ихээр татахаас гадна дотоодын аялагчдын амралтын өдрөө идэвхтэй өнгөрүүлэх газар болдог. Үүнтэй адил дэлхийд алдартай агуйн аялал жуулчлал хөгжиж буй цогцолборын нэг нь “Cave of ten Thousand Buddhas” буюу “Арван мянган Буддагийн агуй”-н цогцолбор юм. Энэ агуйн цогцолбор нь түүх соёлын болон шашны аялал жуулчлал, агуйн зочид буудал, жуулчны үйлчилгээний хамгийн том төвийн нэг болдог. Одоо цогцолборын 10 орчим хувийг олон нийтэд сонирхуулдаг байна.
Дээрх баримтуудаас байгалийн жамаар бий болсон агуйг хэрхэн аялал жуулчлалд ашиглаж байгааг харж болох юм. Тэгвэл хүн төрөлхтний бүтээн цогцолоосон агуйн цогцолбор нь агуйн түүх, соёлын аялал жуулчлалын гол нөөц болдог. Ийм цогцолборуудаас хамгийн алдартай, хамгийн томд тооцогдох нь Йордан улсад орших Петра хот юм. Энэ газар Иорданы хамгийн алдартай жуулчдын зорих газар төдийгүй дэлхийн шинэ 7 гайхамшигийн нэг юм. Уулын чулууг нүхлэн томоохон хэмжээний хэвтээ агуй үүсгэн, агуйн нүүрэн хэсгийг эртний Египет, Грек, Ромын уран барилгын загвараар сийлэн бүтээсэн энэ гайхамшигтай ордоныг 2000 гаруй жилийн өмнө байгуулжээ. Энд хааны бунханаас эхлээд театр, сүм зэрэг олон арван цогцолбор дурсгалууд бий. Энэ мэт дэлхийд алдартай агуйн аялал жуулчлалын цогцолборууд цөөнгүй.
Тэгвэл агуйн жуулчлал гэж юу вэ гэдэг асуулт гарч ирнэ. Агуйн аялал жуулчлал хэмээх ойлголтыг хамгийн энгийнээр “Газар доорх ер бусын ертөнцийн гайхамшгийг мэдрэх, тусгай хэрэгцээгээ хангах, судлан шинжлэх зорилгоор зохиогддог аялал” гэж тодорхойлж болох юм.
Агуйг аялал жуулчлалд ашиглахдаа байгалийн унаган төрх байдлаар болон жуулчдад зориулан тэдний аюулгүй байдлыг хангах, тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор шат, гэрэлтүүлэг тавьсан байхаас гадна зочид буудал, зоогийн газар болгосон байдаг. Олонх жуулчид энгийн аюулгүй агуйд танин мэдэхүй, гоозүйн үүднээс аялдаг бол агуйн эрсдэлтэй гүн, хол хэсэг рүү мэргэжлийн аялагчид тусгай тоног хэрэгсэлийн тусламжтайгаар аялдаг. Агуйн аялал жуулчлалыг дагнасан хэлбэрээр болон бусад аяллын төрлүүдтэй хавсарсан байдлаар зохион явуулах боломжтой бөгөөд дагнасан агуйн аялал нь мэргэжлийнхний хүрээнд зохиогддог тусгай сонирхлын аялал байдаг. Харин аяллын бусад төрлүүдтэй хослуулан зохион явуулж буй агуйн аялал нь сонирхогчдын хүрээнд зохиогддог ерөнхий сонирхлын танин мэдэхүйн аялал байдаг. Агуйд аялагчдыг ерөнхийд нь доорх 3 бүлэгт хуваан үзэж болох юм. Эдгээр нь:
1. Мэргэжлийн агуй судлаачид
2. Агуйг сонирхогчид
3. Адал явдал эрэлхийлэгчид
Агуйд зохион явуулдаг аяллын төрлүүд
Агуйн аялал жуулчлал тусгай сонирхлын, экзотик (ер бусын) аялал бөгөөд зохион байгуулалтын нөхцөл аялагчдын сонирхол хэрэгцээнээс шалтгаалан хүнд болон хөнгөн адал явдалт аялал болох тохиолдол бий. Аялагчдын хүсэл, сонирхлоос хамаарч агуйн аялал нь дараах аяллын төрлүүдтэй холбогдоно. Үүнд:
Байгалийн аялал жуулчлалын хувьд, Агуйн нь байгалийн объектынхоо хувьд байгалийн аялал жуулчлалын ер бусын нөөц юм. Тиймээс олонх жуулчид агуйн тогтоц, өвөрмөц байдал, агуйн гоёмсог хурдас, агуйн нуур, гол горхи зэрэг гайхамшигийг мэдрэхээр аялдаг.
Түүх, соёлын аялал жуулчлалын хувьд, Хүн төрөлхтөн агуйг эртнээс өөрийн хоргодох газар, орон гэр болгосноороо өөрийн сэтгэл санааны илэрхийлэл болох зураг дүрслэлийг үлдээхээс гадна ордон, сүм, бунхан, шашны цогцолбор болгох зэргээр урлаг, түүх, соёлын гайхамшигт дурсгалуудыг үлдээсэн байдаг. Тиймээс агуй нь түүх, соёлын дурсгалт газар болохынхоо хувьд олон сая жуулчдыг өөртөө татдаг.
Адал явдалт, спорт аяллын хувьд, Хүний хүсэл, мөрөөдөл хязгааргүй байдаг тул хүн төрөлхтөн цаг үргэлж шинийг сэдэж, шинэ мэдрэмжийг эрэлхийлж байдаг. Энэ байдал нь олон жуулчдыг агуй руу хөтөлдөг байна. Босоо хэлбэрийн томоохон агуй руу шүхэртэй үсрэх, агуйн нууранд сэлэх, агуйн хүн хүрэхэд бэрх, гүн хэсэгт хүрэх зэргээр адал явдал эрэлхийлэгч жуулчид аялдаг.
Эрдэм шинжилгээний аяллын хувьд, Агуй нь байгалийн болоод түүх соёлын объектынхоо хувьд маш олон салбарын эрдэмтэн, судлаачдын сонирхлыг татсаар байдаг. Тухайлбал агуйн морфологи, морфометр, уур амьсгал, ус зүй, хөрс, биологийн төрөл зүйл, археологи, түүх соёлын дурсгалыг судлах зорилгоор судалгааны аялал хийдэг. Зарим тохиолдолд дээрх судлаачид нь адал явдал эрэлхийлэгч болон хувирах тохиолдол бий.
Сургалт, танин мэдэхүйн аяллын хувьд, Агуй нь байгаль, түүх соёлын дурсгалт зүйлсийнхээ хувьд танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой объект юм. Агуйн аялал жуулчлал өндөр хөгжсөн орнуудын агуйн аяллыг сонгон үйлчлүүлж буй аялагчдын дийлэнх хувийг өсвөр насны хүүхэд залуус эзэлдэг. Тиймээс тэдэнд зориулсан тусгайлсан аялал, үйлчилгээг бий болгодог. Мөн Хятадын Миао тосгонд агуйг түшиглэн бага сургуулийг байгуулан сургалт явуулахын зэрэгцээ сургалт, танин мэдэхүйн зорилготой агуйн аялал жуулчлалыг зохион явуулдаг байна.
Эмчилгээ, сувилгааны аяллын хувьд, Зарим агуйд эмчилгээний ач холбогдол бүхий рашаан, шавар байхаас гадна агуйг эмчилгээ, сувилгааны зорилгоор ашиглах явдал бий. Тогтмол температур, ихээхэн иончлогдсон цэвэр агаар, дуу чимээгүй нам гүм байдал зэрэг агуйн бичил уур амьсгал болон бусад хүчин зүйлүүд нь амьсгалын замын болон зүрхний багтраа, харшлын өвчнийг анагаахаад чухал ач холбогдолтой байдаг байна. Манай оронд ч гэсэн Ловончомбын, Сэндэрт, Их, Бага, Эхийн агуй зэрэг агуйнуудын рашаан, шаврыг эмчилгээ, сувилгааны зорилгоор хэрэглэж байсан мэдээ бий.
Эртнээс хүн төрөлхтөн агуйг орогнох газар, орон гэр, агуулах, шашин
мөргөлийн газар болгон ашиглаж байсан. Өнөө үед ч түүний гайхамшгийг мэдрүүлэх,
судлан шинжлэх, жуулчдын тусгай хэрэгцээг хангах зорилгоор зочид буудал,
зоогийн газар, музей, үзэсгэлэнгийн танхим, эмнэлэг, сувиллын газар болгох
зэргээр жуулчдын сэтгэл татах үзмэр болгон ашиглаж байгаа нь агуйн аялал
жуулчлалыг бие даасан аяллын төрөл болон хөгжихөд нөлөөлсөн байна. Энэ бүхнээс
дүгнэн манай оронд агуйн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарууштай доорх
саналыг дэвшүүлж байна. Үүнд: