Гадаадын аялал жуулчлалыг Монголд

Эх сурвалж: “Аялал жуулчлалын тогтвортой хөгжил” сэтгүүл. 2014 оны №24

ГЖҮГ-ын мэдээлэл сурталчилгааны хэлтсийн дарга асан Д.Доржнамжил: Гадаадын аялал жуулчлалын түүх анх галт уурын тэрэг (төмөр зам) буй болсон цагаас эхэлжээ. Түүний хөгжлийн явцад дэлхийн II-р дайн садаа болсон боловч түүний дараа дахин хүчээ авч нийт дэлхийн хэмжээнд улс гүрнүүдийн харилцааны чухал нэгэн үйл явдал болон оршсоор өнөөг хүрлээ. Дэлхий ертөнц 2 лагерт хуваагдаж байсан тэр он жилүүдэд ч аялал жуулчлал хөгжлийн өндөр түвшинд хүч түрэн хөгжсөөр ирсэн түүхтэй. Тэр үед аялал жуулчлалыг “Народная дипломатия” гэж нэрлэдэг байсан. Дэлхийн аялал жуулчлал нь “аливаа орны ард түмэн аялал жуулчлалаар дамжуулан бусад улс орнуудын түүх, соёл, нийгмийн амьдралтай чөлөөтэй танилцах” ганц боломж нь байсан буй за.

Дэлхийн аль ч оронд гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь эдийн засаг, нийгэм, улс төрийн өндөр ач холбогдолтой үйл ажиллагааны нэг гэдэгт эргэлзэх зүйл үгүй билээ. Монгол оронд гадаадын аялал жуулчлал хөгжих эхлэл тавигдсанаас хойш өдгөө хөгжсөөр нэг жарныг элээж байна. Аялал жуулчлалын үйл ажиллагаа нь аль ч улс оронд ашигтай гэдэг нь нэгэнтээ батлагдаж, орчин үеийн бие даасан шинжлэх ухааны салбар болтлоо хөгжсөн өнөө үед бид өөрийн оронд хэрхэн зөв зохистой хөгжүүлэх вэ?  гэдэг асуудалд онцгой анхаарах цаг болоод байна. Монгол оронд гадаадын аялал жуулчлалыг ашигтайгаар, амжилттайгаар хөгжүүлэх маш өргөн боломж бидэнд бий гэдэг нь эргэлзээгүй. Гэхдээ аялал жуулчлалын үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд гаргаж, мэдлэг чадвар, менежментийг зөв хийх нь маш чухал. Өнөөдөр бид гадаадын жуулчид ирж байвал зөвхөн “мөнгө” л орж ирнэ гэдэг явцуу бодлогоос илүү монгол орныг зорих жуулчдыг аль болох олшруулах ирээдүйг голлон анхаарах ёстой болов уу. Үүний тулд аяллын материаллаг бааз, тэднийг татах үйлчилгээний соёл, дэлхийн аялал жуулчлалын зах зээл дээрх реклам мэдээллийг сайжруулах, өндөр боловсролтой хөтөч /гайд/, аялал жуулчлалын өргөн мэдлэгтэй боловсон хүчнээр хангах, нүүдэлчдийн ёс заншлыг таниулах зэрэг наад захын ажлуудыг чанартай, зөв зохиоход анхаарах хэрэгтэй байна. Хэрвээ зөв зохион байгуулж чадвал, манай орон гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлэх, маш өргөн боломжтой улс. Сүүлийн жилүүдэд ажиглаж байхад манай оронд ирсэн жуулчдын үзвэр үйлчилгээний талаарх мэдээлэл төдийлөн хангалттай бус мөн аялал жуулчлалын өндөр мэдлэгтэй бүх төрлийн мэргэжилтнүүдийг гадаад дотоодод сургаж боловсруулах ажил явц муутай байгаа нь харагддаг. Монгол оронд цорын ганцхан мэргэжлийн жуулчны байгууллагатай байсан, өнгөрсөн үед ч тэд өөрийн чадварлаг боловсон хүчнүүдийг гадаад, дотоодод бэлтгэж чадаж байжээ. Гадаад хэлтэй жуулчны хөтөч /одоогийн орчуулагч, хэлмэрч биш шүү/ гайд, тогооч, зөөгч, аялал жуулчлалын мэргэжилтнүүдийг жишээлбэл: гадаад жуулчдад үйлчлэх орчуулагч, зөөгч, тогооч, буудлын ажилтан, жуулчны эдийн засаг, санхүү, газарзүйн мэргэжилтнүүдийг Болгар, Югаслав, Баруун болон Зүүн Берлин,
Унгар, Чехословак, СССР одоогийн ЗХУ, Япон, Куба, Тайвань зэрэг/ гадаад оронд явуулан урт, богино хугацаагаар сургаж, дадлагажуулах ажлыг системтэйгээр хийдэг байсан учир жуулчдын үйлчилгээнд гомдол зөрчил гардаггүй, монголд “дахин ирэхгүй” гэдэг үг хэзээ ч сонсогдож байгаагүй юм. Аялал жуулчлалын дээд курсэд жуулчны сэтгэл зүйн судлал гэдэг онолыг заадаг юм билээ. Энэ нь ямар орны жуулчид юунд дуртай, юунд дургүйгээс эхлээд тэдний үндэсний онцлогт тохируулан хоол ундыг бэлтгэх, тэдэнд зориулан бэлэг дурсгалын худалдааг зохиох зэргээс өгсүүлээд улс орон бүрийн онцлогийг тусгасан олон зүйл хамаарагддаг. Жуулчны үйлчлэгч, орчуулагч гайд гэдэг нь зөвхөн түүх соёл, зан заншил, эд өлгийн зүйлс, хөгжил цэцэглэлт, байгаль, орчин мэдлэг, дадлагатай зориуд бэлтгэгдсэн хүмүүсийг хэлдэг.

Энэ оны жуулчин хүлээн авах үйлчилгээний улирал дуусч байгаа болохоор одоогоос ололт, алдаа оноогоо тооцож, шинээр бодлого төлөвлөх, дараа жил бэлтгэх, хийж амжуулах ёстой зүйл олон байгаа гэж бодож байна. Монгол жуулчин гадаад оронд аялж ирээд, ямар сайхан юм үзэж харснаа ах дүү, танил тал, хамт олондоо ярьж өгдөг. Тэд үүнийг сонсоод тэр гоё газар орноор аялж үзэх хүсэл өөрийн эрхгүй төрдөг биз дээ. Тэдний л нэгэн адил бид гадаад жуулчдыг гомдоолгүй, сайн үйлчилснээр өөрийн орны өвөрмөц сонин хачиныг тэдэнд үзүүлж, таниулж чадсанаар Монгол оронд аялан ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байх болно.

Жил бүр энд тэнд зохиогддог үзэсгэлэнт яармагт аялал жуулчлалын байгууллага, тур оператор, тур агентлагуудтай гэрээ байгуулах төдийхнөөр хязгаарлах нь учир дутагдалтай юм. Бид өөрсдөө дайчин давшингуй ажиллаж, дэлхийн хэмжээнд өөрийн орны тухай мэдээлэл хүргэх явдал нь гол асуудал. Өөрөөр хэлбэл, бид монгол орны үзэсгэлэнт байгаль, ёс зан заншил, түүх дурсгалаа оновчтой, үр дүнтэй сурталчлах ёстой. Үүний тулд аяллын маршутыг шинэчлэн тогтоох, цаг улирлын байдлыг тооцоолон жуулчдын ирэх улирлын хугацааг сунгах зэрэг сонирхолтой аргуудыг бодож боловсруулмаар байна.

Жишээлбэл: Бразилд жилд ганц удаа болдог “Рео Карнавал”-ыг үзэхийн тулд дэлхийн сая сая жуулчид бүтэн жил хүлээдэг. Гэтэл манай дэлхийд ганцхан “монгол наадам” түүнээс юугаараа дутах билээ. Гагцхүү бид дэлхийд хосгүй тэр наадмаа төрөл бүрийн аргаар гадаад орнуудад сурталчлах хэрэгтэй бөгөөд 5-15 минутын телекино, клип, сурталчилгааны материалуудыг хангалттай хийж рекламдах асуудал ч чухал байна. Монголд одоотой адил өнгөт хэвлэл үүсээгүй тэр үед ч Монголыг үндэсний ганц аялал жуулчлалын байгууллага (одоогийн Жуулчин компани) өөрийн орны түүх дурсгал, үзвэр үйлчилгээний талаар өнгөт танилцуулгуудыг гадаадад хэдэн сая хувиар хэвлүүлж, дэлхийн аялал жуулчлалын зах зээл дээр тараадаг байсан. Бид одоо “Динозаврын музей”-тэй болсон энэ үед, түүнийгээ дэлхий нийтээр амжилттайгаар сурталчилбал олон орны жуулчдын сонирхлыг татах нэг чухал зүйл болох нь гарцаагүй.

Мөн “Дээлтэй монгол” наадмыг өргөн хэмжээгээр сурталчлах төдийгүй одоогийн шинэчлэлийн засгийн газраас бүх аймгийн төвүүдийг засмал замаар холбож байгаа энэ үед дээрх наадмыг аймаг, сум багийн хэмжээнд зохион байгуулах асуудлыг орон нутгийн байгууллагуудтай хамтран хийж болох юм. Бас баруун европын жуулчид (Герман, Дани, Австри, Франц, Щвейцарь гэх мэт) явган аяллыг их сонирхдог. Үүнтэй уялдуулан морин болон тэмээн аялал, шувуу ажиглах аялал, загас сонирхогчдын аяллуудыг зөв зохион байгуулж чадвал жуулчны аялах хугацаа, манай орны эрс тэрс улирлын богино хугацааг сунгаж болмоор санагдана. Манай оронд одоо дотоодын аялал их хөгжиж байгаа нь сайшаалтай хэрэг. Гэтэл аль ч улсын валютын орлогын нэгэн чухал эх үүсвэр нь гадаадын олон орны жуулчдыг өөрийн оронд аялуулах явдал юм. Үүнд онцгойлон анхаарлаа хандуулж, олон төрлийн ажлыг эрчимтэй зохиох нь гадаад орны жуулчин хүлээн авдаг байгууллага, холбоодын нэн чухал зорилт байх ёстой гэж бодож байна.