Дэлхийд таван одтой зочид буудал байдаг бол Монголд таван сая одтой нь байгаа

Б.Индраа: Таван хоногийн хугацаанд Европын холбооны 570 сая хэрэглэгчдэд Монгол Улсыг сурталчилна.

Ирэх оны гуравдугаар сард ХБНГУ-д зохиогдох  “Ай Ти Би - Берлин 2015" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцох бэлтгэлээ хангаж байна. Дэлхий дахинд Монгол Улсыг сурталчилж, аялал жуулчлалын мэргэжлийн зах зээл дээрх нэр хүндийг өсгөх зорилго бүхий энэхүү үзэсгэлэнд оролцох нь нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм. Тиймээс ч энэ удаагийн “Чухал сэдэв” буландаа “Аялал жуулчлал-Ирээдүй” ТББ-ын захирал Болдын Индрааг урьж ярилцлаа. Түүний хувьд салбарынхаа ирээдүйг өөдрөг, өнгөлөгөөр төсөөлж явдаг нь ярианаас нь мэдрэгдэж байв.

“Ай Ти Би - Берлин 2015" олон улсын томоохон үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцохоор болсон гэлээ. Энэ тухай ярилцлагаа эхэлье?

“Ай Ти Би – Берлин” гэдэг бол дэлхийн аялал жуулчлалын салбарын хамгийн том үзэсгэлэн, яармаг юм. Энэхүү үзэсгэлэн, яармаг нь  жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг. Харин “Ай Ти Би – Берлин 2015” үзэсгэлэнд Монгол Улс анх удаа түнш орноор оролцох гэж байна. Өөрөөр хэлбэл, энэ хүрээнд таван хоногийн хугацаанд Европын холбооны 570 сая хэрэглэгчдэд Монгол Улсыг сурталчлах боломж нээгдэж байгаа юм.  Түнш орноор оролцоно гэдэг маань эх орноо дэлхий дахинд сурталчлах аз, завшаан төдийгүй мэдээллийн олон сувгаар дамжуулан Европын холбооны 570 сая хэрэглэгчдэд Монголын талаархи мэдээллийг хүргэнэ. Тодруулбал, интернэт, телевиз, радио, хэвлэмэл сурталчилгаа зэрэг маркетингийн холимог сувгуудаар  дамжуулан хүргэх юм. Албан ёсны Түнш орны хувьд Монгол Улс “Ай Ти Би-Берлин 2015” үзэсгэлэнг албан ёсоор нээнэ гэсэн үг.  Нөгөөтэйгүүр яагаад энэ үзэсгэлэн, яармаг чухал юм бэ гэхээр зөвхөн аялал жуулчлал биш иргэний агаарын тээвэр, зочлох үйлчилгээ, интернэт гээд түүнийг  дагалдсан нийлүүлэлт, борлуулалтын компаниуд зэрэг өргөн цар хүрээтэй ойлголт. Учир нь аялал жуулчлал гэдэг маань 16 дэд салбараас бүтдэг. Түүнчлэн нэгдүгээрт “Ай Ти Би – Берлин 2015” үзэсгэлэнд оролцсоноор 570 сая хэрэглэгчдэд монголын тухай сурталчилна.  Хоёрдугаарт, мэргэжлийн зах зээл болох 180 орны 10 мянга гаруй үндсэн оролцогчид буюу олон улсын бөөний худалдаачин компаниудад Монгол Улсыг сурталчилна. Мэргэжлийн зах зээлээр дамжуулан мөн шууд аргаар “Монгол Улс руу тэгж байгаад нэг аялна даа”  гэж бодож байсан гадны жуулчдыг энэ үзэсгэлэнд зочилсноор “За одоо л Монгол руу явъя” гээд бүтээгдэхүүнээ худалдаж автал нь нөлөөлөх юм. Энэ хувьслыг хийх ёстой. 

Түүнчлэн 8000 гаруй хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, 60 мянган потенциал аялагч үзэсгэлэнд оролцоно. Тэгэхээр энэ үзэсгэлэн дээр үндсэндээ  бүх гэрээ, хэлэлцээр хийгддэг учраас манай аялал жуулчлалын салбарынхны хувьд өндөр ач холбогдолтой. Үүнээс гадна манай улсын хувьд эдийн засгийг төрөлжүүлэх үүднээс аялал жуулчлалын салбарыг дэмжиж байна. Хэдийгээр эдийн засгийн үр, өгөөж нь уул уурхай, барилга хот байгуулалт зэрэг салбаруудтай харьцуулахад багахан боловч жинхэнэ орон нутагтаа, эцсийн нийлүүлэгч малчин айлдаа очдог гэдэг утгаараа маш чухал. 

Аялал жуулчлал хэдий бие даасан салбар ч ихэнх тохиолдолд түгээгч сувгийн үүрэг гүйцэтгэж ирсэн, өөрөөр хэлбэл гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татдаг, байгаль орчин ба соёлын өвийг хамгаалдаг, эх оронч үзлийг бий болгодог зэрэг давхар нийгэм, эдийн засгийн эерэг ач холбогдолтой. Энэ утгаараа аялал жуулчлал чухал гэж үзэж байгаа юм. 

-Өмнө нь тус үзэсгэлэнд ямар улс түнш орноор оролцож байсан бэ. Тэдний туршлагаас харахад үнэхээр жуулчдын тоо өссөн байв уу?

-Би жишээ дурдая. Тухайлбал, 2007 онд Энэтхэг, 2008 онд Доминикан, 2010 онд Турк, 2011 онд Польш, 2014 онд Мексик зэрэг улсууд оролцсон байдаг. Харин ирэх онд Монгол Улс энэхүү үзэсгэлэнгийн албан ёсны түнш орноор оролцох гэж байна. Бид өнгөрсөн жилүүдэд түнш орноор оролцсон улсуудын статистик мэдээлэлтэй танилцсан. Үнэхээр жуулчдын тоо өссөн байна. Хувьсгалын тохироо нь бүрдсэн, аялал жуулчлалын бодлого сайтай, дэд бүтэц нь сайн шийдэгдсэн Турк улсын хувьд 2012 оноос хойш өнгөрсөн оныг хүртэл хүлээн авсан жуулчдын тоо даруй 50 хувиар өссөн байгаа юм. Энэ утгаараа Турк дэлхийд хамгийн их жуулчин хүлээж авдаг орнуудын дөрөвдүгээрт, Европын холбоондоо зургадугаарт орсон байх жишээтэй. 

2011 онд оролцсон Польш улс гэхэд 2011-2012 оны хооронд жуулчны тоо 11 хувиар өссөн байгаа юм. Бид 2011 онд тус үзэсгэлэнд Соёлын түнш орноор оролцож байсан. Соёлын түнш орноор оролцохдоо Монгол Улсын соёл урлагийг аялал жуулчлалтай уялдуулж,  улс орны имидж төрхийг зорилтот зах зээл дээр шинээр, өөр өнцгөөс харуулж чадсан. Соёлын түншээр оролцсоны дараа Монгол улсын Засгийн газар Албан ёсны Түнш орноор оролцох шийдвэрийг гаргасан юм.

Учир нь  "Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого"-ын 5.2.1.5  Аялал жуулчлалын хөгжлийн бодлогод дурдсан: Аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгоно. Монголд ирэх жуулчдын тоог “1 сая”-д хүргэх гэж заасан байгаа. Түүнчлэн  "Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-ний нэг. Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлогод дурьдсанаар “Аялал жуулчлалын салбарын гадаад сурталчилгааны маркетинг төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлнэ. Дөрөв. Гадаад харилцааны хэсэгт дурдсан: Монгол Улсын талаар зөв ойлголт бүрдүүлэх..., Монгол Улсыг дэлхийд таниулах зорилгоор англи хэлээр телевизийн нэвтрүүлэг бэлтгэнэ гэсэн заалтуудын хүрээнд хийгдэж байгаа цогц асуудал юм. 

Жуулчны тоог нэг саяд хүргэнэ гэж байна. Мэдээж энэ бол өнөөгийн агаарын тээвэр, дэд бүтэц, зочлох үйлчилгээний салбар зэргийн хүчин чадлыг тооцоход их тоо. Одоогийн байдлаар бид жилдээ нэг 450 гаруй мянган жуулчин л хүлээж авдаг. Харин энэ тоог яаж нэг саяд хүргэх юм бэ гэвэл Европын холбоо, Япон, ОХУ, БНХАУ, АНУ зэрэг томоохон зах зээл дээр идэвхжүүлэлт хийх шаардлагатай, эхний ажлууд төлөвлөгдсөн. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд Монгол улсын талаар бий болсон ойлголт, имиджийг өөрчилж, засч, залруулах шаардлага тулгараад байна. Харин энэ бүх боломжийг олгож байгаа зүйл бол “Ай Ти Би – Берлин 2015” үзэсгэлэн яармаг юм. Бид эндээс гараагаа зөв эхлүүлж чадвал бариа сайн байх нь гарцаагүй. 

Нөгөөтэйгүүр, улирлын чанартай, жижиг болон дунд бизнесийн цөм нь болсон аялал жуулчлалын салбарыг тогтвортой хөгжүүлэхэд бид бүтээгдэхүүний төрөлжүүлэлтийг хийх, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхээс гадна өөр хоорондоо салбар дотроо бус гадаадын орнуудтай өрсөлдөх нь илүү чухал байна. Энэхүү үзэсгэлэнд оролцох болсноор Засгийн газар дэлхийн дахинаа аялал жуулчлалын салбарт өндөр ач холбогдол өгч байгаа гэсэн мессэжийг өгч байна. Үүнийг дагаад манай салбарынхны дунд тодорхой хэмжээний өөрчлөлт гарч буй нь сайшаалтай. Хамтран ажиллая гэж байна, нэг нэгнийгээ дэмжие, үл ойлголцлыг арилгая гэх зэргээр эерэг зөв уур, амьсгал бүрдэж байна. 

Шинээр томилогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзаад “Аялал Жуулчлалын Үндэсний Хороо” гэх биднийг ахалж ажилладаг хороонд бага зэрэг өөрчлөлт оруулсан. Холбогдох яамдын төрийн нарийн бичгийн дарга нар орсноор гаргаж буй шийдвэрүүд түргэсэж, илүү ажил хэрэгч болж ирлээ.  Энэ бүхнээс бид аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа арай ахисан төвшинд явах нь гэж харж байна.

Манай ТББ бол “ажлын аппарат” гээд ойлгочиход болно. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын салбарт анх удаа төр, төрийн бус хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд   үзэсгэлэнгийн зохион байгуулалтыг “Аялал жуулчлал-Ирээдүй” ТББ-аар гүйцэтгүүлж байна.  ТББ тус ажлын зохион байгуулалтыг хариуцсанаар бид ХБНГУ-ын 19 хувь НӨАТ-аас чөлөөлөгдөж, мөнгө хэмнэх боломжтой болсон. Энэ нь ТББ-ын тухай хуулийн хүрээнд ч бид чиг үүргээ гүйцэтгэж байна гэсэн үг. 

-Энэхүү үзэсгэлэнд оролцох төсвийг сонирхмоор байна. Таны ярьж байгаагаас харахад багагүй зардал гарах болов уу гэж харагдаад байна  л даа? 

-Улс оронд нүүрлээд буй эдийн засгийн хямрал, гадаад валютын ханшийн өсөлт зэргээс шалтгаалан төсөв нэлээд танагдсан. Тодруулбал, бид анх 51 ажлыг 18 тэрбум төгрөгт багтаан зохион байгуулахаар төлөвлөөд байсан бол төсөв танагдсанаар чанарыг нь өөрчлөхгүйгээр 41 ажлыг 10 тэрбум төгрөгт багтаан зохион байгуулахаар болсон. Үүний долоон тэрбум төгрөгийг ойрын хугацаанд яаралтай шийдвэрлэх учиртай. Ер нь ТББ чинь өөрөө хөрөнгө босгох боломжтой. Энэ хүрээнд бид анхны хөрөнгө босгож бүрдүүлэх үйл ажиллагааг өнгөрөгч арван нэгэн сарын 27-нд зохион байгуулсан. Нэг тасалбар 100 ам.долларын үнэтэй ч бид 500 тасалбар зарж чадсан. 

“Арьс, ширний холбоо”, “Ноос, ноолуурын холбоо”, “Говь ХК”, Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ ХК” бидний үйл ажиллагааг бүтээгдэхүүн, үйчилгээ зэргээр дэмжин хамтран ажиллах болсон. Бидэнд монголын нэр бүхий зургаан зурагчин Монгол Улсаа сурталчлахад 84 дэд сэдвийн хүрээнд бүтээл зургаа хандивлаж байгаа. Зочид буудлын салбарынхан ч гэсэн боломжийн хэрээр дэмжиж ажиллаж байна. Салбарынхан маань чадах чинээгээрээ чармайж байна. Энэ мэтчилэн тархай, бутархай монголчууд бид нэгдэж чаддаг юм байна гэдэг нь харагдаж байна. 

Мэдээж олон хүн хэлж байна, шүүмжилж байна. Та нар маркетингийн үйл ажиллагаанд ийм их хөрөнгө зарцуулаад монголчуудад юу наалдаж байгаа юм бэ гэж. Тэгвэл бидний  аливаа хийж байгаа үйл ажиллагаа цаашаа үргэлжилсэн, зарцуулсан төгрөг, евро болгоныг үр өгөөжтэй болгохыг чармайж байна. Өөрөөр хэлбэл, 45 минутын баримтат кино маань бүтэн нэг жил хагасын турш Европын холбооны улсуудад цацагдана. 

Үүнээс гадна “Адал явдалт аялал жуулчлалын нийгэмлэг” Монгол улсыг адал явдалт зах зээл дээр байршуулах сургалтуудыг явуулж тур оператор, хөтөч нарын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлнэ. Хувийн хэвшлийнхэн хуралдаж байгаад яг ямар чиглэлийн сургалтыг зохион байгуулах шаардлагатайг өөрсдөө шийдэх ёстой: мөсөнд авиралт, уулын, дугуйн, г.м. Эхний ээлжинд үүнийг хийчих юм бол дараагийн нийгэмлэгийн хурал дээр ажлаа тайлагнана. Энэ чинь дахиад л сурталчилгаа явагдаж байна гэсэн үг. Манай ТББ-ын Удирдах зөвлөл есөн гишүүнтэй. 

Ерөнхий сайдын дэргэдэх зөвлөхүүд болон ССАЖЯ-ны төлөөлөл, салбарын ТББ-уудын төлөөллүүд багтсан гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр Монгол Улсын төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын хамтын ажиллагаа бодлогын болон хэрэгжилтийн түвшинд гарч ирсэн гэж ойлгож болно. Сүүлийн жилүүдэд яригдаж байгаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодит биелэл “Ай Ти Би Берлин 2015” дээр илэрч байна гэж үзэж байгаа.

-Үзэсгэлэнгийн үеэр ямар, ямар арга хэмжээ болох вэ? 

-Гуравдугаар сарын 3-ны орой Монгол Улс албан ёсоор нээлтээ хийх юм. Тухайлбал, Индонезийн Ерөнхийлөгч ирэхэд Германы канцлер Ангела Меркель ирж байсан. Энэ утгаараа бид үзэсгэлэнгийн нээлтэд болж өгвөл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг оролцуулахаар ярилцаж байгаа. Хэрэв Ерөнхийлөгч оролцож амжихгүй бол Ерөнхий сайдыг оролцуулахаар төлөвлөж байна. Албан ёсны 3600 ВИП зочид,  төлөөлөгчдийг оролцуулсан нээлтийн хурлын дараа Монгол Улс 45 минутын гала концертыг толилуулна.  Энэ концертод 60 гаруй хүний бүрэлдэхүүн хамгийн сор болсон урлагийн номеруудыг үзүүлж, шоу зохион байгуулж, хүмүүсийг татах юм. Үүний дараа Монголын үндэсний зоог, хоолтой хүлээн авалтыг зохион байгуулна. Энэ маш чухал. Ирэх оны хоёрдугаар сарын 24-нд Берлин хотын өдөртөө 100 мянган  хүн очиж сонирхдог “Сони центер”-т  Монгол Улсыг үзэсгэлэнгийн албан ёсны түнш орон болсоныг 100 гаруй хэвлэл мэдээллийнхэнд зарлахаар төлөвлөсөн байсан. 

120 хүний багтаамжтай 15 ханатай сайхан сийлбэртэй гэр бариад тэнд ажиллаж, амьдарч байгаа монголчуудаасаа ахмадуудаа хоймортоо суулгана. Монгол уламжлалаараа тэдэнтэйгээ золгоод, идээ, будаагаа засаад сайхан өнгөрүүлнэ гэж төлөвлөж байгаа. Эхний өдөр болох энэ арга хэмжээг гэхэд л гадны 100 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл дамжуулна. Мэдээж Германд суугаа Элчин сайд, нэртэй монголч эрдэмтэн нарыг монгол дээлтэй нь үг хэлүүлнэ. Үүнээс гадна хүүхэд, залуучуудад зориулаад “Алтан Өргөө” МУСК-г үзүүлнэ. Яагаад гэхээр энэ киног 1964 онд Герман-Монгол хоёр улс хамтарч хийсэн анхны кино. Тэгэхээр бидний өгөх мессэж бол хэдийгээр өнөөдөр 21 дүгээр зуунд амьдарч байгаа ч гэсэн хоёр улсын харилцаа эртнээс үүдэлтэй юм шүү гэдэг санаа. Өөрөөр хэлбэл, эв найрамдлын харилцааг сурталчлахаас гадна эрдэмтэдтэйгээ ярилцаж байгаад өөр нэг МУСК үзүүлэхээр төлөвлөж байгаа. Үзэсгэлэнгийн үеэр гурван  удаа Европын холбооны  600 гаруй сэтгүүлчдийг оролцуулсан хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Үүнээс гадна аялал жуулчлалын мэргэжлийн хурал чуулган, дугуй ширээний ярилцлага зэрэг нийт долоон  удаагийн илтгэл тавьж оролцоно. 

Мөн олон улсын “Адал явдалт аялал жуулчлалын нийгэмлэг” болон бусад мэргэжлийн холбоо байгууллагуудтай стратегийн түншлэл байгуулах зэргээр хамтран ажиллана. B2B ба B2С уулзалт, эвэнт,  соёлын арга хэмжээг Берлин хотод зохион байгуулна.  Монгол Улсын талаар сурталчилсан нэгдсэн каталогийг тус бүр 6 хэл дээр хэвлэх бөгөөд  софт хувилбараар интернэтэд байршуулна. 

Германы  мэргэжлийн фильм продакшн компаниар Монгол Улсыг сурталчилсан 45 минутын “Монгол улс – хөгжлийн эрин зуунд” баримтат кино, 30 минутын сурталчилгааны кино, 10 минутын сурталчилгааны видео, 30 секундын болон 15 секундын найман  ширхэг видео шторкуудыг бэлтгүүлж байна. Тухайн 45 минутын баримтат киног Европын холбооны орнуудаар нэг жил хагасын туршид 50 гаруй телевизүүдээр цацуулж, 100 сая хэрэглэгчдэд хүргэнэ.  Үзэсгэлэнгийн үеэр Герман даяар цацагддаг 4.5 сая сонсогчидтой “Классик” радиогоор Монгол Улсыг долоон хоног сурталчилж “Монголыг хэн сайн мэдэх вэ” сэдэвт шагналт тааврыг шууд явуулна. 

Үүнээс гадна аялал жуулчлалын мэргэжлийнхэний оролцдог “Trade professional” өдрүүдэд Монгол Улсын нэгдсэн стэнд дээр орой бүр B2B арга хэмжээ, хүлээн авалт зохион байгуулна. Үзэсгэлэнгийн үеэр хоёр удаагийн интернэт блоггер сешн-д Монгол Улсыг сурталчилан оролцоно. Үүнд сэдвийн дагуу салбарын мэргэжилтнүүдийг оролцуулахаар төлөвлөөд байна. Түүнчлэн www.mongolia.travel вэб хуудсыг динамик төлөвт оруулж шинэчлэн сайжруулна.  Монгол Улсын стэнд болон үзэсгэлэнгийн талбайд Германд байгаа ардын урлагийн хамтлагуудыг тоглуулахаар төлөвлөсөн. Үүнээс гадна  “Визит Берлин” компанийн дөрвөн мэдээллийн цэгээр дамжуулан  Монгол Улстай холбоотой мэдээлэл тарааж, үндэсний онцлогийг илтгэсэн сувенир борлуулна. Өдөртөө 150-160 мянган хүн ирдэг Германы хамгийн том худалдааны гудамжинд бүтэн сарын турш эх орноо сурталчилна. 

Жилдээ 15 сая гаруй зорчигч тээвэр хүлээж авдаг нисэх онгоцны буудал дээр Монголоо сурталчилна. Үүнээс гадна эх орондоо өрнөж байгаа томоохон бүтээн байгуулалтыг сурталчлан, таниулахаар төлөвлөж байгаа. Мөн олон улсын туршлага солилцох жуулчны улирлыг сунгах шилдэг туршлага, бүтээгдэхүүн хэрхэн төрөлжүүлэх талаар бүтэн нэг цаг 30 минутын хэлэлцүүлгийг зохион байгуулна. 

Хэлэлцүүлэгт Монгол Улсыг сонирхсон тур оператор компаниудыг урьж, оролцуулна. Энэ мэтчилэн эх орноо олон улсад сурталчилан таниулах маш олон ажлыг хийхээр төлөвлөөд байна. Нэгэнт л бид мөнгө зарж, үзэсгэлэнд  оролцож байгаа учраас өдөр бүрийг үр, дүнтэй өнгөрүүлэхийг хичээж байгаа. Хэдий чинээ олон өнцгөөс харагдаж чадна, олон сонголт өгнө тэр хэрээрээ Монгол улс руугаа жуулчдын урсгалыг татна. 

Би өмнө нь дурьдсан нэг сая жуулчин хүлээж авах төлөвлөгөөтэй гэж. Тэгэхээр MICE буюу хурал, чуулганы жуулчлалаар эх орондоо авчиръя гэж байгаа юм. Бид олон улсын байгууллагуудтай юу гэж ярьж байна гэхээр “Та нар бүсийн хурал, чуулган зэргээ зуны улиралд жуулчидтай өрсөлдөхгүйгээр аравдугаар сараас хойш зохион байгуул” гэсэн саналыг тавьж байна. Харин Улаанбаатар хотын НАЖГ Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг томоохон зочид буудлууд жуулчны бус өвийн улиралд зочид гийчдэд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх асуудлыг ярьж байгаа юм.

Тэгэхээр бид жуулчлалын хугацааг сунгахын тулд бүтээгдэхүүнээ баяжуулж, янз бүрийн зохион байгуулалттай арга хэмжээ, эвентүүд зэргийг хотын удирдлага ч тэр, хувийн хэвшлийн компануид бүгд хийж байна. Тухайлбал, энэ зун дуурийн сонгодог үдэшлэг ямар гайхалтай болсон билээ. Хэн ч талын монголд сонгодог урлаг энэ хэмжээнд хөгжсөн гэж төсөөлөөгүй л байхгүй юу. Бид  өнөөх л нэг тал нутаг, морь, хөдсөн дээлтэйгээ амьдраагүй гэдгийг тэдэнд харуулахыг хүссэн. Монголыг дэлхий дахинд арай өөр өнцгөөр харуулахыг зорьж байна. 

-Олон улсын хамгийн нэр хүндтэй үзэсгэлэнд оролцохын тулд Монгол Улс ямар шалгуурыг хангасан бэ.  Жилдээ ганцхан улс түнш орноор оролцдог юм уу. Эсвэл бусад улс, орнуудад ч гэсэн эрх олгодог юм уу?

-Жил бүр ганцхан улс л түншээр оролцдог. Шалгуур гэдэг утгаараа 2011 онд энэ үзэсгэлэнд Монгол Улс соёлын түнш орноор оролцохдоо өөрсдийгөө нэлээн таниулчихсан. Мөн Нэгдсэн Үндэсний Байгууллагын дэргэдэх Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллага жил бүр дэлхийн 187 орны судалгаа явуулдаг. Тэгэхээр монголчуудын хувьд язгуур шинж чанараа хадгалж үлдэж чадсанаас гадна аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд гадаадын 42 оронг Монгол руу визагүй, хөнгөлөлттэй нөхцлөөр аялуулах арга хэмжээ авсан зэрэг олон хүчин зүйлс манай руу  анхаарал татаж байна. 

Бидэнд түүх, соёл, өв уламжлал, тусгай сонирхлын бүтээгдэхүүн, найрсаг, зочломтгой чанар гээд бахархах зүйл их бий. Тиймээс ч бид CNN-тэй хамтраад “Mongolia nomadic by nature” буюу “Монгол, язгуур нүүдэлчин” гэдэг лого-г хийлгэсэн. Үзэсгэлэнд бид ийм логотой оролцоно.  Хэдийгээр сүүлийн 20 гаруй жилийн турш зохион байгуулалтгүй сурталчилгаа дэлхий дахинд цацагдсан боловч гадныхан биднийг сонирхож байна. Энд, тэндэхийн хурал, цуглаанд оролцож байхад “Чи Монгол юм уу, ямар ч байсан үхэхээсээ өмнө заавал танай оронд очиж үзнэ” гэж хэлдэг. 

Тэгэхээр хувьсгалын тохироо нь бүрдээд бид түүнд нь дөрөөлчихсөн юм болов уу гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр улс орны ерөнхий концепц гэж бий. Аялал, жуулчлалын бүтээгдэхүүн болгон тухайн орон нутгийн онцлогийг харуулсан байдаг. Хүн бүхэн нүүдэлчний соёлыг үзье, малчин айлд зочлох хүсэлтэй байдаг. Наадам, монгол зочломтгой зан, чанартай танилцая гэж байгаа юм. Тэгэхээр бүтээгдэхүүний чанарыг бид тууштай сайн байлгах шаардлагатай. Үүнээс гадна монгол хүний байгаль, дэлхийтэйгээ харилцан шүтэлцээтэй амьдрах уламжлал, эх дэлхийгээ хайрлаж тэтгэх, өвөг дээдэс ахмадуудаа хүндлэх ухаан зэрэг бидэнд онцлог зүйлс маш их бий. Мэдээж бидэнд алдаа, оноо байгаа. Гэхдээ бидэнд аялал жуулчлалын салбар хөгжих найдваргүй гэж харах шалтаг, шалтгаан байхгүй. Одоо л бид хөдөлж, бүх асуудлаа цэгцэлж, шийдвэрлэх цаг. Хэрэв ингэж чадвал цаашид салбарын өөдрөг, өнгөлөг ирээдүй харагдаж байна. 

-Жуулчдын тоог нэг саяд хүргэнэ гэж байна. Мэдээж энэ бол сайхан төсөөлөл. Гэвч зам, харилцаа, дэд бүтцийн асуудал хүнд хэвээр байгаа шүү дээ?

-Энэ үнэн, санал нэг байна. Ер нь Монгол Улсын аялал, жуулчлал хэзээ ч хямдхан бүтээгдэхүүн байгаагүй. Яагаад гэхээр АНУ-аас зорьж ирж байгаа жуулчин гэхэд л дор хаяж 15-16 цаг нисч ирж байна. Виз авахаа болиод гурван жил болж байна. Өмнө нь виз авах гэж бас чирэгдэл учирдаг байсан. Үүнээс гадна манай нэг бүтээгдэхүүнийг үзэх гэж л 70-80 цаашилбал хэдэн зуун км замыг туулах болдог. Дээрээс нь манай шатахуун ямар үнэтэй билээ. 

Гэхдээ улсын хөгжил замаа дагана гэдэг утгаараа 2021 он гэхэд бүх аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдоно гэж байгаа. Энэ бол сайхан мэдээ. Ер нь аливаа зүйлийн талаархи мэдээллийг яаж хүргэхээс маш их шалтгаалдаг. Би нэг жишээ дурьдая. Финляндад гэхэд жуулчин ирээд модон жорлонд бие засаад л, өглөөний цайн дээрээ 100 грамм Финлянд водка уучихаад модон чаргаар яваад л жинхэнэ орон нутгийн онцлогийг илэрхийлсэн аялал хийж байгаа юм гэж үздэг. 

Гэтэл Монголд бид ийм үйлчилгээ үзүүлэхээр хөгжөөгүй энэ тэр гээд л шүүмжлүүлдэг. Аливаа зүйл дээр мэдээллийг бодит, зөв өгөх хэрэгтэй. Асуудал гарлаа гэхэд газар дээр нь хамгийн оновчтой аргаар шийддэг байх ёстой. Өнөөдрийг хүртэл манай салбарынхан гал унтраагч маягаар ажиллаж ирсэн. Энэ маягаар асуудлыг шийдвэрлээд л явж байна. Гэхдээ энэ байдал цаашид өөрчлөгдөнө гэж найдаж байгаа. Яагаад гэхээр “Ай-Ти-Би” үзэсгэлэнд даатгалын компаниуд хүртэл саналаараа оролцох хүсэлтээ тавьсан. Жуулчны аюулгүй байдал гэдэг хамгийн чухал асуудал. Өнөөдөр Монгол Улсад аялал жуулчлалын бизнест зохицсон даатгалын систем байхгүй. Тэр бол маш том асуудал. Үүнээс болоод бид зарим тохиолдолд төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлж чадахгүй байгаа юм. 

Дэлхийд таван одтой зочид буудал байдаг бол монголд таван сая одтой зочид буудал бий. Сувд гэдэг маань Монгол гэрийг хэлээд байгаа юм. Монгол гэр сувд шиг л харагддаг. Монголын тал нутгийг хар. Далай шиг цэлгэр, уужим тал нутаг эх оронд маань бий гэж хэлдэг. Тэгэхээр Япончуудад далай шиг их тал нутаг гэхээр сонирхолтой санагддаг. Европчуудад монголд ирж хотжилтын стрессээ тайлахыг санал болгодог. Монголын тал нутагт ирээд нүдээ аниад, өөрийгөө сонс, мэдэр. Салхины чимээнээс өөр чимээ сонсогдохгүй байх вий гэхээр тэдэнд маш сонирхолтой ертөнц байхгүй юу. Тэнгэр, газрыг зааг алсын, алсад харагдана, нүдээ нээгээд эх орны минь уудам тал, нутгийг хар гэж хэлдэг юм. Үүнээс гадна европчууд монголд ирээд гэр бүлийн халуун дотно уур амьсгал, харилцааг мэдэрдэг гэж хэлдэг. Би ганцхан жишээ хэлье. Европоос монголд ирсэн эмэгтэй надад хэлж байсан юм. “Би Монголд ирээд гэр бүлийн халуун, дотно харилцааг мэдэрлээ, олж харлаа. Сумын наадам үзэхээр очиход өлгийтэй хүүхдээ тэвэрчихсэн, эмээ, өвөөгөө дагуулчихсан, эцэг, эхтэйгээ нэг гэр бүл 3-4 үеэрээ явж байх юм. Тэгээд суудалдаа суутал өрөөсөн хөлийг минь хүүхдээ тэвэрсэн эрэгтэй тохойлдчихсон, нөгөө өвдгийг нь жаахан охин тэвэрчихсэн үзэж байсан. ” гэж.  Тэгэхээр бидэнд үзүүлж, харуулах, гадныханд ухаарал өгөх зүйлс маш их бий.  Гагцхүү мэдээллийг, мессэжийг зөв хүргэх ёстой. Монголд аялал жуулчлалын салбар хөгжиж байна, хэдийгээр бидний хүссэн шиг хурдан биш ч гэсэн. Гэхдээ бидэнд алдаагаа засах боломж олгож байгаа нь сайшаалтай. Тиймээс ч би салбарынхаа ирээдүйг өөдрөгөөр хардаг. Монголоо гэсэн сэтгэлээр л аливаа асуудлыг шийдвэрлэж ажиллаж ирлээ. 

Мөн эрүүл мэндийн жуулчдыг монголд хөгжүүлэх боломжтой. Бидэнд дорнын анагаах ухааны арга, рашаан, сувилал зэрэг байгалийн үнэт зүйлс байгаа. Тиймээс, аялал жуулчлалыг төрөлжүүлж хөгжүүлэх нь чухал. Үүнээс гадна бясалгал, шарын шашны хоёр дахь том төв гэдэг утгаараа монголыг сонирхох хүмүүс цөөнгүй. Ер нь гадныхан манайд ирээд долоо хоноод буцахдаа монголчуудтай маш сайхан найз, нөхөд болоод буцдаг. 

-Улаанбаатар үзэх юмгүй гэдэгтэй санал нийлэх үү?

-Би хувьдаа санал нийлэхгүй. Үзэх зүйл байгаа. Гэхдээ жуулчид яагаад нийслэлд ирэх дургүй байдаг юм бэ гэхээр замын түгжрэл, агаарын бохирдол зэргээс татгалздаг. Нөгөөтэйгүүр сүүлийн жилүүдэд хотын иргэд гадныханд маш таагүй ханддаг болсон. Та ч гэсэн анзаарсан биз. Хэт үндсэрхэг болж байна. Энэ мэтчилэн жуулчид Улаанбаатарынхны найрсаг бус зангаас татгалзаж байгаа юм. Түүнээс биш Улаанбаатар үзэх юмгүйдээ биш. Үзэх зүйлс байгаа. 

Х.Өнөржаргал