Монгол өвлийн аялал жуулчлал хөгжихөд юу чөдөр болж байна вэ. Үүнтэй хэрхэн тэмцэх вэ?

Нийслэл Guide сэтгүүл: Монгол өвлийн аялал жуулчлал хөгжихөд юу чөдөр болж байна вэ. Үүнтэй хэрхэн тэмцэх вэ?

“Mongolia Expeditions” компаний захирал С.Алдархишиг: Ер нь 10 дугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл Монголд аялал жуулчлал идэвхгүй байдаг. Засгийн газарт өвлийн болон олон асуудал тулгамдаж, мөнгө олох бүх салбар хумигдаж, валютын ханш ч чангардаг хэцүү үе. Харин аялал жуулчлал бол энэ хүнд үеийг даван туулах авралын гарц гэдгийг дарга нар ойлгохгүй байгаа юм. Аялал жуулчлалын салбарынхан төрийн дэмжлэггүйгээр өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн төлөө чадлаараа л ажиллаж ирсэн. Гэвч дан ганц тур оператор өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэдэг боломжгүй. Үүнд төрийн цогц бодлого, санхүүгийн асар их дэмжлэг хэрэгтэй. Ийм дэмжлэг үндсэндээ байхгүй нь хамгийн том чөдөр болж байна. Энд төртэй холбоотой хэдэн зүйл хэлье. Шинчлэлийн засгийн газар шинээр байгуулсан ССАЖЯ гэж бий. Шуудхан хэлэхэд энэ яам монголын аялал жуулчлалын салбарыг хэтэрхий давжааруулж байна. Яамны 2012-2013 онд хийж бүтээсэн ажлын тайланд бичсэнээр, тэд 1 том ажил хийсэн бөгөөд үүнд нь 16,392км аялалын замын чиглэл тогтоосон, цаашид сум болгон өөрийн бренд аялалтай болох зорилт тавин ажиллана гэх мэт зүйлс багтжээ. Энэ бол угаасаа жижиг байгаа салбарыг шууд мөхөл рүү чирж байгаа явдал юм. Аяллын замын чиглэл нь зах зээлийн эрэлтийн дагуу аялагчийн хүсэлтээр бий болдог болохоос биш, төрөөс заасан маршрут хүний сонирхолыг татаж, мөнгө олно гэхэд бэрх. Мөн брендийг хувийн хэвшлийнхэн бий болгодог байхад төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд эхэллээ. Тэгээд ч эхлээд Монгол улсаа бүхлээр нь таниулж байж дараа нь аймаг, сумын тухай яривал зохино. Миний бодлоор өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлье гэвэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэсэн томоохон хотуудаа түшиглэх хэрэгтэй. Жишээ нь: өлийн саруудад Дархан хотод томоохон мөс, цасан хотхонг урлагийн бүтээлийн хэмжээнд байгуулаад урлаг, спортын олон арга хэмжээг, каледарчлан төлөвлөж, зар сурталчилгааг сайн түгээх хэрэгтэй.

Хятадаас ирэх жуулчдын тоо нэмэгдвэл үндэсний аюулгүй байдалд хор уршигтай” гэсэн хуучинсаг гэх үү, хэт эх оронч гэх үү үзлээ баримталсаар байна. Манайхан өвлийн аялалын арга хэмжээгээ хүн хүрэхэд хэцүү, хүрч очсон ч зардал мөнгө ихээхэн шаардагдах уулын мухарт шахам зохион байгуулаад байдаг. Бөөн зардал гаргасан учраас орлого гэх юмгүй болдог нь тур операторуудын хувьд өвлийн аялал сонирхохгүй, өвлийн аялалын бүтээгдэхүүн гарч ирэхгүй байх шалтгаан болж байна. Хөршүүдээсээ суралцья. Харбин хот өвөлдөө манай Улаанбаатараас ч хүйтэн. Тэгсэн ч 30 шахам жилийн өмнөөс тэд цас мөсний баяр зохион байгуулсаар ирсэн. Одоо эл арга хэмжээг зорин 10 сая орчим жуулчин ирж байна. Сүүлийн жилүүдэд дэлхий нийт манай өмнөд хөршийн аялал жуулчлалын ихээхэн сонирхох болсон. Гэтэл манай улс ”Хятадаас ирэх жуулчдын тоо нэмэгдвэл үндэсний аюулгүй байдалд хор уршигтай” гэсэн хуучинсаг гэх үү, хэт оронч үзлээ баримталсаар байна. Үүний оронд тэднийг хэрхэн татах, ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож болох талаар тодорхой бодлого боловсруулаад ажиллах хэрэгтэй. ССАЖЯ угтаа иймэрхүү зүйл л хийх ёстой. 300 гаруй жилийн түүхтэй Цайны зам гэж бий. Гурван улсын энэ замыг дэлхийн аялал жуулчлалын бренд болгож олон тооны жуулчин татна, ЮНЕСКО-гийн соёлын өв болгоно хэмээн ОХУ, Монгол, БНХАУ-ын холбогдох төрийн байгууллагууд санамж бичигт гарын үсэг зураад баталгаажуулсан юм билээ. Гэтэл манай улсын бодлого өнөөг хүртэл тодорхойгүй байгаа учраас энэ ажил гацаад байна. Монгол улсын Засгийн газраас энэ тал дээр анхааран ажиллаж, холбогдох зохицуулалтыг хийвэл эдийн засагт тодорхой нөлөө үзүүлэх нь дамжиггүй.