Нийслэл Guide сэтгүүл: Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь Монгол улсад ямар үр ашиг авчрах вэ?
“Nomadic Expeditions” компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Гэрэлтөв: (Энэ ярилцлага 2014 оны 1-р сарын эхэн үеийнх учраас албан тушаал хуучнаар орсон болно.) Монголд аялал жуулчлал зуны хэдхэн сард л идэвхтэй өрнөдөг учир энэ салбарын нийгэм, эдийн засагт эзлэх орон зай, үр нөлөө хүчирхэгжиж чадалгүй өнөөг хүрсэн. Аялал жуулчлалын салбарын сайн боловсон хүчнүүд уул уурхайн салбар руу орж буйн нэг гол шалтгаан энэ. Өвлийн аялал жуучлал хөгжвөл үйлчилгээний байгууллагуудад илүү үр ашигтай, үр бүтээлтэй ажиллаж салбар ч өргөжин тэлж, ажлын байрны орон тоо нэмэгдэж, энэ бүхнийг дагаад Монгол улсад орох орлого ч өснө. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хөдөө орон нутгуудад жуулчид байрлах тохь тухтай байруудыг бий болгохоос эхлээд аялал жуулчлалын бүтээгдэхүүн буюу үзэж харах зүйлсийн тоог нэмэх хэрэгтэй болно. Үүнд төрөөс ихээхэн анхаарч, хөрөнгө, санхүүжилт гаргах шаардлагатай. Жишээ нь, Өвөр Монголд шинээр үзвэр үйлчилгээний газар, цогцолбор барихад хятадын төр санхүүгээр дэмжиж, “Цайны зам” гэх мэт аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн гаргахад ихээхэн анхаардаг. Тэд аялал жуулчлалаар дамжуулаад хятад соёлынхоо агууг танин мэдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Аялал жуулчлалын бас нэг ач холбогдол үүнд оршдог. Зөвхөн хувийн хэвшлийнхний оролцоогоор өвлийн аялал жуулчлал хар аяндаа хөгжинө гэвэл их л урт хугацаа орох байх даа.