“Mongolian guide” төвийн захирал Ч. Буянбадрах: Сүүлийн үед дэлхийн аялал жуулчлалын урсгал Ази, Номхон далайн орнууд руу чиглэж буй нь Монгол оронд ч ашигтай хандлага юм. Монголд аялж жуулчилж буй хүмүүс ихэвчлэн Хятадаар дамжин ирдэг. Харин Хятадад ирэх жуулчдын тоо жил бүр 8%-р өсч буй энэ таатай нөхцлийг бид чадварлагаар ашиглах хэрэгтэй. Манай улс өвлийн аялал жуулчлалын хүрээнд морин аялал, тэмээн аялал, морин чарганы аялал, нохойн чарганы аялал, цана тэшүүрийн аялал, мөсөнд авирах аялал, цаа бугын аялал, цаатаны урцанд хоноглох аялал, өвлийн наран мандахыг харах аялал, цас мөсний баярын аялал, монголын шинэ жилийн баяр үзэх аялал, монголчуудын цагаан сарын баярыг үзэх аялал, малчин айлын өвлийн амьдралыг турших аялал, ан хийх аялал, мөсөн цооногоос загас барих аялал, харзны усанд орох аялал, цасаар хучигдсан талд халуун рашаанд орох аялал, шинийн гуравны бөөгийн тахилга үзэх аялал, мөсөн шагайгаар наадах аялал гэх мэт маш олон сонирхолтой аяллыг зохион байгуулах боломжтой.
Гэвч мэдээж саад тотгор бий. Монголчууд “манай орон маш хүйтэн, өвөлдөө -30 хэм хүрч хүйтэрдэг, эх газрын эрч тэс уур амьсгалтай, цас их ордог” гэж байнга ярьдаг нь “монгол оронд өвөл очвол хүйтэн юм байна” гэх ойлголтыг санамсаргүйгээр бий болгодог. Мөн аялал жуулчлалын ихэнх компани зөвхөн дулааны аяллын маршуттай байдаг тул өвлийн аялал жуулчлал гэдэг ойлголт орхигдоод байна. Жуулчны баазууд өвлийн улиралд үйл ажиллагаагаа шууд зогсоодог нь бас сөрөг нөлөө үзүүлдэг. Угтаа бүс нутаг бүрт нэг жуулчны баазыг сонгон шалгаруулж, өвөл ажиллуулан, бүх татвараас нь чөлөөлж өгөөд, харин сонгогдсон бааз өвлийн улиралд хямдралтай үнээр үйлчлэх гэх мэтээр санаачилга гаргадаг байвал зүгээр. Мөн орчин үеийн шаардлага хангасан, жуулчдын сонирхолыг татахуйц засалтай цанын баазуудыг бий болгоход төрөөс хөнгөлттэй, хүүгүй зээл олгож дэмжих нь зүйтэй гэж боддог. Өвлийн болон тусгай аяллын зарим техник хэрэгслийг оруулж ирэхэд гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөх шийдвэр гаргасан нь төр засгийн зүгээс үзүүлж буй бодит дэмжлэг боловч энэ талаарх мэдээлэл тун бага байна. Монголд өвлийн улиралд жилд 80,000 орчим жуулчин ирдэг гэж мэдээлдэг боловч бодит байдал дээрээ аяллын хөтөлбөрүүдэд хамгийн ихдээ л 40-60 хүн харагддаг. Бусад нь дан орон нутгийнхан, зохион байгуулж байгаа хүмүүс нь өөрсдөө юм. Одоогоор манай өвлийн аяллын маршрут Хөвсгөлийн “Мөсний баяр” Өмнөговийн “Тэмээний баяр”, “Чингисийн хүрээ” баазад болдог “Бүргэдийн баяр” гээд л дуусна. Компаниуд эдгээр үйл ажиллагааг өөрсдийн хүчээр явуулах гэж оролдож байгаа ч жилээс жилд улам дордож байна. Энэ нь, төр засгийн зүгээс дорвитой дэмжихгүй байгаагаас зохион байгуулагчдын урам хугарч “За яах вэ, нэг юм хийсэн болохгүй бол болохгүй” гэх маягаар хандаж эхэлдэгтэй холбоотой. Уг нь бүх аяллын компани өвлийн аяллын хөтөлбөртэй болж, өргөн сурталчилгаа хийх нь чухал. Өвлийн аяллын бас нэгэн чухал хэсэг бол цагаан сар. Монголын цагаан сар Хятадын цагаан сартай ойролцоо цаг үед болдог ч зан заншлын хувьд өөр гэдгийг сурталчилах хэрэгтэй. Энэ тал дээр сүүлийн үед ӨМӨЗО-ны сурталчилгаа маш хүчтэй явагдаж байгаа. Манайхаас ITB, WTM гэх мэт олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож буй байгууллагууд сурталчилгааны материалууддаа өвлийн аялал жуулчлалтай холбоотой мэдээллүүдийг түлхүү оруулмаар байгаа юм.