Түмэн хишигтэн цогцолбор



Түмэн хишигтэн төслийн хүрээнд найман зууны тэртээх Их Монгол гүрний түүхийг бодит бүтээн байгуулалтаар илэрхийлсэн, Чингис хааны хамгийн ойрын бүх талаараа шилэгдмэл, Их Монгол улсын 120 мянга орчим цэргүүдээс шалгаруулж бүрдүүлсэн түмэн дайчдын морьт уран баримал бүхий түүх, аялал жуулчлалын цогцолборыг энэ төслийн хүрээнд бүтээн байгуулна. Чингис хааны Түмэн хишигтэн цогцолбор нь УБ хотоос зүүн тийш 51 км зайд, Туул голын хөвөөнд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Цонжинболдог хэмээх түүхэн газар байрлана.

Төсөл хэрэгжсэнээр Монголчуудын үндэсний бахархал болох Чингис хааны нэр алдар түүний болоод Их Монгол улсын цэргийн сүр хүч, дуурсгасан гавъяа гэх мэт түүхэн үнэнийг дэлхий дахинаа сурталчлах, монголчууд эх түүхээрээ бахархах, омогших сэтгэлийг бадраасаар байх болно. Мөн түүх соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ соён гэгээрлийг олгох юм. Дэлхийн хэмжээнд ганцад тооцогдох урлагийн хосгүй бүтээл, гайхамшигт 10 мянган уран баримал бүтээн босгоно. Монголчуудын түүхийг гуйвуулсан, булаалдсан, үгүйсгэсэн олон улс орнуудад XIII зууны дайчин баатруудын түүх бол Монголынх, нүүдэлчдийнх гэдгийг баталгаажуулах зорилгыг ч агуулж байгаа ажээ.  

Соёл амралт, зугаалгын цогцолбор нь бүхэлдээ ногоон байгууламж байх бөгөөд өндөр зэрэглэлийн зочид буудал, зоогийн газар, хурлын танхим, албан өрөө, лоунж, спортын дотор болон гадаах цогцолбор, амралтын байр, саун массаж, нум сумын талбай, уламжлалт тоглоом наадгайгаар тоглох хэсэг, худалдаа үйлчилгээний төв, гоо сайхны үйлчилгээ үзүүлэх төв зэрэг нь эл цогцолборт байрлана. Мөн багачуудад зориулж морин тойруулга, хийлдэг байшин, томчуудад зориулсан экстрем тоглоом зэргийг байршуулах юм байна. Мэргэжлийн шаардлага хангасан урлагийн тайз байгуулж ардын язгуур урлаг, морин хуур, сонгодог хөгжим, поп эстрад дуу хөгжмийн тоглолтыг зохион байгуулах аж.

Түмэн хишигтэн цогцолборт түмэн хишигтэн баатаруудын баримлаас гадна алсыг харах цамхаг, агаарын дүүжин, XIII зууны зэвсэг техникийг байрлуулсан хэсэг, хиймэл нуур, горхи, амрах талбай, усан оргилуур, авто зогсоол, угтах хэсэг, явган зам талбай, сүүдрэвч, цэцгийн мандал, ногоон байгууламж, таримал мод зэргийг цогцлоох юм байна.

Түмэн хишигтэн цогцолборт байрлах баатар цэргүүд нь Манлай хишигтэн, Их гол хишигтэн, Цагдуул хишигтэн хэмээх гурван хэсэгт хуваагдах ба тухайн үедээ тус тусын үүрэгтэй байжээ. Чингис хаан нэгэнтээ “Ерэн таван мянгатаас өмчлөн ялгасан Түмэн хишигтнийг минь миний суудалд суух хөвүүд ургийн урагт гэрээс мэт санаж, үл гомдоон сайтар асрагтун. Эд Түмэн хишигтнийг минь миний эрхэм хутаг хэмээсүү” хэмээн зарлигласныг Монголын нууц товчоонд өгүүлсэн байдаг.

Манлай хишигтэн: Түмэн хишигтэн дайчдын цувааг хошуучлан явах Манлай хишигтнүүд нь дайсанд гэнэтийн цохилтыг өгч няцаах, гол хүчээ иртэл саатуулан барих, дайсны бөөгнөрсөн цул хүчийг сарниаж цувруулан бутаргах зорилгоор амсхийх зав өгөлгүй өдөөн хатгалдаж, зохистой газарт отон бүгсэн гол хүч хүртэл хуурмагаар ухарсаар дайснаа тал талаас нь бүслэн хаах, таслан цохих нөхцөлийг бүрдүүлэх, зарим үед дайсны нутаг дэвсгэр, цэргийн байрлалын зах сэжүүрээс нь дэрлэж цохих, араар нь тойрч цохих үүрэгтэй байжээ. Тэд хөнгөн хувцаслаж, нум сумаар зэвсэглэдэг байв. Их Монгол улсын цэргийн аян дайны зохион байгуулалт нь уян хатан шинж чанартай байсан бөгөөд араас нь дайсан довтлох үед Манлай цэргүүд Цагдуулын үүрэг гүйцэтгэдэг байжээ.

Их гол хишигтэн: Манлай цэргийн ард буюу цувааны төвд байрлах их гол хэсгийн хишигтэн баатарууд нь дайн тулаанд хамгийн хүчтэй, шийдвэрлэх цохилтыг өгөх үүрэгтэй байсан тул байлдааны гарамгай ур чадвартай дайчдаас бүрддэг байв. Тэд Манлай цэргийн дайралтын үр дүнд дэг нь эвдэгдсэн дайсны хүчийг улам сульдаах, улмаар бут ниргэх үүрэг хүлээнэ. Чингис хаан армиа их гол хэсгээс удирдах бөгөөд энэ хэсэгт дайны 4 хөлт Хар сүлд байрладаг байжээ.

Цагдуул хишигтэн: Цувааны төгсгөлд байрлах, арьсаар ширмэлсэн эдээр өөрийгөө болон морио хуягласан Цагдуул хишигтэн баатарууд нь цувааны араас дайран ирэх дайсныг илрүүлэх, дайралтыг таслах цохих үүрэгтэй байв. Тэдний хувцас хэрэглэл хуяг дуулга, зэр зэвсэг нь харьцангуй хүнд нүсэр байх бөгөөд тэд Манлай болон Их гол хишигтэнтэй ижил үүргийг хүлээдэг байлаа. Их Монгол улсын цэргийн аян дайны зохион байгуулалт нь уян хатан шинж чанартай байсан бөгөөд цувааны урд хэсгээс бус аль ч талаас дайсан довтлох үед Цагдуул цэргүүд Манлай цэргүүдийн үүргийг, Манлай цэргүүд Цагдуулын үүргийг гүйцэтгэн тулалдах зэргээр Хишигтэн цэргүүд нөхцөл байдалдаа зохицон өөрчлөгддөг байжээ.