Мөн адил үед амьдарч байсан тиранозавр (Tyrannosaurus) хэмээх махчин үлэг гүрвэлийн яс Хойд Америкаас олдсон байна. Бие нь хэмжээгээр гиганотозаврын дараа орох бөгөөд 12-13 м урт, 4,5-5 м өндөр, 5 тонн хүртэл жинтэй байв. Холливудын алдартай “Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн” (“Jurassic Park”- найр. Стивен Спилберг) хэмээх киног санаж байна уу? Тэнд гардаг аварга том махчин динозавр бол тиранозавр юм байна. Сонирхолтой нь киног бүтээгчид цаг хугацааны хувьд алджээ. Тиранозавр нь Юрийн галавт биш харин Цэрдийн галавын сүүлээр амьдарч байсан гэдгийг түрүүн дурдсан.
Тиранозавртай нэг овгийн тарбозавр (Tarbosaurus) хэмээх
үлэг гүрвэлийн яс Монголын говиос олдсон юм. Зарим судлаачид Хойд Америкийн
тиранозаврыг Монголын тарбозавраас гаралтай (эсвэл эсрэгээрээ) гэж үздэг байна.
Биеийн үзүүлэлтийн хувьд тарбозавр нь тиранозавртай ойролцоо бололтой. Манай
эрдэмтдийн нийлүүлж босгосон тарбозаврын бүтэн араг ясыг та Төв Музейд үзэж
болно.
Хамгийн өндөр үлэг гүрвэл нь одоо мэдэгдэж байгаагаар бол
зауропосейдон (Sauroposeidon) хэмээх өвсөн тэжээлт динозавр юм. Түүний өндөр нь
ойролцоогоор 18 м, жин нь 60 тонн хүрч байжээ. Яс нь АНУ-аас олдсон байна.
Зауропосейдон нь Цэрдийн галавын дунд үед амьдарч байжээ.
Хамгийн жижиг үлэг гүрвэл бол одоо мэдэгдэж байгаагаар
микрораптор (Microraptor) хэмээх махчин динозавр гэнэ. Микрораптор нь
ойролцоогоор 55-77 см урттай байжээ. Амьдарч байсан цаг хугацаа нь Цэрдийн
галавын эхэн үе. Яс нь Хятадаас олдсон байна.
Хамгийн хөнөөлтэй (үхэл таригч) үлэг гүрвэлүүд бол гиганотозавр, тиранозавр гэх мэт аварга махчин динозаврууд биш харин тэднээс жижиг биетэй, гэхдээ маш хурдан, шаламгай үлэг гүрвэлүүд байжээ. Тухайлбал Цэрдийн галавын сүүлээр амьдарч байсан мегараптор (Megaraptor) хэмээх махчин үлэг гүрвэл үүнд багтана. Түүний биеийн урт 6-8 м. Хэдийгээр гиганотозавртай харьцуулахад жижиг биетэй боловч хүнтэй харьцуулах юм бол аварга том. Мегарапторын нэг онцлог бол хоёр хөлийнхөө нэг нэг хуруунд маш том (35 см) хумстай байв. Түүнчлэн уян налархай хүзүү, маш хүчирхэг эрүү, хөрөө шиг шүднүүдтэй байв. Байгалиас заяасан эдгээр “зэвсэг”, хурдан шаламгай байдал зэрэг нь мегарапторыг Цэрдийн галавын төгс анчин болгожээ. Сүргээрээ ангуучилж байгаа тохиолдолд тэд хүссэн амьтнаа зүйл дуусгах боломжтой байсан байж таарна. Хамгийн сенсацитай олдвор 1971 онд Монголын говиос илэрчээ. Энэ нь өөр хоорондоо амь өрсөн тэмцэлдэж, зууралдсан байдалтайгаар олдсон үлэг гүрвэлүүдийн яс юм. Велоцираптор (Velociraptor) хэмээх махчин үлэг гүрвэл протоцератопс (Protoceratops) хэмээх өвсөн тэжээлт үлэг гүрвэлийг довтолж байгаад хоёул амьдаараа газарт булагдаж, хадгалагдан үлдсэн нь тэр аж. Яснуудын зууралдсан байдлыг үзвээс, велоцираптор нь протоцератопсын доор орсон байгаа бөгөөд толгойноос нь зүүн гараараа зуурч, хөлийнхөө аварга хумсыг гэдсэнд нь шигтгэсэн, харин протоцератопс нь велоцирапторын баруун гарыг амандаа сайтар гэгч нь зуусан байжээ. Энэ бол маш сонирхолтой, ховор олдвор юм гэх мэтээр хамгийн, хамгийн гэсэн жагсаалтыг үргэлжлүүлээд байвал мөддөө дуусахгүй ажээ.
Таамаглал
Амьд үлэг гүрвэлийг хэн ч олж хараагүй, бас
хэзээ ч олж харахгүй учраас тэдний талаарх зарим мэдээлэл эрдэмтдэд үнэхээр
дутагдаж, зөвхөн таамаглахаас өөр аргагүй байдаг.
Тухайлбал үлэг гүрвэлүүд ямар өнгөтэй байсан,
ямархуу дуу авиа гаргадаг байсан нь тодорхойгүй. Мөн тэд яаж үрждэг байсан нь
нууц. Чулуужсан өндөгнүүд олддог болохоор ямар ч л байсан нэг хэсэг нь
өндөглөдөг байж. Гэтэл сүүлийн үед, зарим үлэг гүрвэлүүд зулзагалдаг байсан
байж болзошгүй гэж үздэг болоод байна.
Тэр бүү хэл олдож буй чулуужсан ясны эзэн
эрэгчин динозавр байсан уу эмэгчин динозавр байсан уу гэдгийг мэдэх аргагүй юм.
Түүнээс гадна үлэг гүрвэлүүд нь хүйтэн цустай
байсан уу үгүй юу гэдэг нь маргаантай асуудал хэвээр байна. Тэдний хойч үе
болох одоогийн гүрвэлүүд хүйтэн цустай амьтад, тиймээс үлэг гүрвэлүүд ч гэсэн
хүйтэн цустай байсан гэж нэг хэсэг эрдэмтэд үздэг. Гэтэл өөр хэсэг эрдэмтэд
болохоороо зарим үлэг гүрвэлүүд хурдан шаламгай, хүйтэн сэрүүн газар амьдрах
чадвартай байсан, тиймээс бүлээн цустай байсан байж таарна гэж баримт сэлтээр
нотлоод байна. Ер нь бол хүйтэн ч цустай, бүлээн ч цустай үлэг гүрвэлүүд байсан
болов уу.
Мөхөл
160 сая жил үргэлжилсэн үлэг гүрвэлийн эрин үе
Цэрдийн галавын эцэст, 65 сая жилийн өмнө төгсгөл болсон байна. Чухам юунаас
болж үлэг гүрвэлүүд мөхсний нууц нь одоо болтол тайлагдаагүй. Энэ талаар олон
янзын онол, таамаг бий.
Хамгийн магадлангуй нь гэвэл, Дэлхий дээр
астероид унаж, түүнээс шалтгаалан уур амьсгалын маш их өөрчлөлт гарсан, үлэг
гүрвэлүүд энэ өөрчлөлтөд дасан зохицож чадаагүй учраас мөхсөн гэсэн онол юм.
Энэ таамаглалыг 1980-аад онд АНУ-ын нобелийн шагналт физикч Луис Альварес (Luis
Alvarez) болон түүний хүү геологич Уолтер Альварес (Walter Alvarez) нар анх
дэвшүүлжээ.
Тэдний тооцоогоор Дэлхийтэй мөргөлдсөн
астероидын диаметр 6-15 км байсан гэнэ. Хэрэв тийм бол мөргөлдөөн болсон газарт
асар том хонхор үлдэж хоцорсон байх ёстой. Эрдэмтэд хоёр боломжит газрыг
онцлоод байна. Нэг нь одоогийн Мексик улсын Юкатаны хойгийн төгсгөлд орших 180
км өргөн, 1.6 км гүнзгий Чикчулуб (Chicxulub) хэмээх тогоо. Нөгөө нь Аравийн
тэнгисийн ёроолд байрлах Шива (Shiva) хэмээх тогоо. Тэнгисийн ёроолын онцлогоос
шалтгаалан өнөөдөр тогооны хэлбэр дүрс өөрчлөгдсөн ч гэсэн анхны байдлаар нь сэргээж
загварчилбал хааш хаашаа бараг 600 км ба 450 км үргэлжилсэн хэмжээтэй, 12 км
гүн хонхор байх ёстой ажээ. Ийм “оромыг” 40 км-ын диаметртай бие л үлдээнэ.
Ямартай ч үлэг гүрвэлийн мөхөл нь өнөөдөр
шинжлэх ухаанд хараахан шийдэгдээгүй байгаа “орчлонт ертөнц яаж үүссэн бэ?”,
“их нэгдлийн онолыг байгуулж болох уу?”, “амьдрал хэрхэн үүссэн бэ?”, “харь
гаригийнхан гэж бий юү?”, “хорт хавдрыг ялан дийлж болох уу?” гэх мэт тулгуур
асуудлуудын нэгд тооцогдсон хэвээр байна.