Өмнөговийн эртний өв соёл (ном)

 (ном)

Чулуун зэвсгийн бууц суурин: Өмнөговь аймгийн нутгаас эртний хүмүүсийн урт удаан хугацааны туршид амьдран сууж байсныг илтгэх дурсгалт газрууд, тодорхой зохиулалтаар засаж бэлтгэсэн олон арван олдворууд илэрсэн байна. 1920-30-аад онд томоохон судалгааны ангиуд Монгол нутагт ажиллахаар болсон нь хүн төрөлхтний анхны өвөг үүссэн голомтын нэг нь Төв Ази түүний дотор Монголын говь нутаг байж болох тухай Г.Ф.Осборн, В.Д.Мэтью, Д.Блэк зэрэг эрдэмтэдийн дэвшүүлсэн таамаглалтай холбоотой юм. Энэхүү таамаглалыг газар дээр нь нягтлан батлах зорилгоор 1925 онд Р.Ч.Эндрюсийн удирдсан Төв Азийг судлах экспедиц бүрэлдэхүүндээ археологч Н.К.Нельсоныг чулуун зэвсгийн үеийн дурсгалыг тусгайлан судлуулахаар урьж оролцуулсан байдаг. Тэрбээр Баянзагийн сууринг илрүүлэн олж, зарим туршилтын малтлагуудыг гүйцэтгэсэн юм. Хожим нь Монголын болон гадаадын олон эрдэмтэд тухайн газар суурин судалгааны  ажлыг гүйцэтгэжээ. 1960-1966 онд А.П.Окладников, Д.Дорж нарын удирдсан Монгол зөвлөлтийн археологчдын бүрэлдэхүүнтэй Монгол чулуун зэвсгийн дурсгал судлах анги бараг бүх аймгийн нутгийг хамарсан хайгуул судалгаа явуулсан байна. Дээрх судалгааны үр дүнд хуучин чулуун зэвсэг болон шинэ чулуун зэвсгийн үеийн дурсгал олон газраас илрүүлжээ. Үүний дотор Оцон Мааньтын палеолитын үеийн бууц багтана. Тухайн газрын чулуун зэвсгүүд нь дунд палеолитын үед холбогдох бөгөөд судлаачид Европ, Өвөр Ази, Африкийн мөн үеийн дурсгалтай олон шинжээрээ адил эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой хэмээн үздэг.

Сүүлийн жилүүдэд тухайн аймгийн нутагт хийсэн хайгуул судалгааны явцад шинээр цөөнгүй дурсгалыг илрүүлэн олсон юм. Үүний дотор Ханбогд сумын нутаг дахь Хацавчийн толгод, Зүрх уул, Их цагаан хад, Хургын ам, Ундайн голын дурсгалуудыг нэрлэж болно. Зүрх уулын чулуун зэвсгийн дурсгалт газрын он цаг нь хуучин чулуун зэвсгийн доод шатны төгсгөлөөс дунд үед, Ундайн голын дурсгалт газар нь хуучин чулуун зэвсгийн дээд үеэс шинэ чулуун зэвсгийн үеийг хамрах бол Хургын амны дурсгалт газар нь шинэ чулуун зэвсгийн хөгжингүй үед холбогддог юм. Эдгээрээс харахад говийн бус нутаг тэр дундаа Өмнөговь аймгийн чулуун зэвсгийн түүх дор хаяж хэдэн зуун мянган жилийн настай болох нь тодорхой байна.

Булш оршуулга: Тус аймгийн нутагт одоогоор хүрэл, хүннү, монголын үед холбогдох булш оршуулгын дурсгал бүртгэгдсэн байна. Булш, оршуулгын дурсгалын тархалт бусад бүс нутгийг бодвол сийрэг таруу хэдий ч хуурай, сайр, уул нурууг даган ганц нэгээрээ эсвэл хэдэн арваараа дараах байдлаар ангилах боломжтой. Үүнд: Хүрлийн үе (шоргоолжин булш, хиргисүүр, дөрвөлжин булш), Хүннүгийн үе (чулуун дарааст жижиг булш), Монголын үе (чулуун овоолгот булш, хадны оршуулга)

Шоргоолжин булш нь манай улсын зүүн урд хэсгээс баруун урд хэсэгт илүүтэй тархсан өвөрмөц хэлбэрийн оршуулгын зан үйл бүхий дурсгал юм. Энэ дурсгалын ерөнхий хэлбэр нь дотогшоо хотойсон дөрвөн талт босоо хашлага юм. Хашлаганы дотор гонзгой урт зууван хэлбэрийн нүх байх ба хүнээ зүүн болон зүүн хойш нь хандуулан ихэнх тохиолдолд түрүүлгэ нь харуулан оршуулсан байдаг. Он цагийн хувьд хүрлийн дунд үе буюу НТӨ II мянганы эхний хагасаас сүүлийн хагаст холбогдоно. Энэ төрлийн булшийг Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо, Номгон, Гурвантэс зэрэг сумын нутгаас 50 орчмыг илрүүлэн олж, Ханбогд сумын Ундайн гол, Цогтцэций сумын Барууннаран, Ухаа худаг зэрэг газар 20 орчмыг малтан шинжилжээ.

Дөрвөлжин булш нь Хэнтий, Хангайн нуруунд төвлөрөн тархаж урагш болон баруун тийш тархалт сийрэг болдог. Тус аймгийн нутагт байгаа дөрвөлжин булшнууд нь тухайн дурсгалын хамгийн өмнөд зах хэмээн үзэж болно. Гаднах хэлбэрийн хувьд умард болон төв хэсгийн дөрвөлжин булшийг бодвол хашлага, намхан, хэмжээний хувьд ч жижиг байна. Энэ төрлийн дурсгал Ханбогд, Цогтцэций, Номгон, Гурвантэс сумын нутагт тэмдэглэгдсэн ба Ханбогд сумын Ундайн голд цөөн тоотойг малтан шинжлээд байна. Он цагийн хувьд хүрлийн төгсгөлөөс НТӨ I дэх мянганы эхний хагаст холбогдоно. Тус аймгийн нутагт Хүннүгийн үед холбогдох булш оршуулгын дурсгал Мандал-Овоо, Цогтцэций, Цогт-Овоо сумдын нутагт тэмдэглэгдсэн бөгөөд эдгээрээс Цогтцэций сумын Ухаа худагт нэг хүннү булш малтан шинжилсэн байна.

Уг булш нь 380 x 480см хэмжээтэй дөрвөлжин хэлбэрийн дараастай 100 см орчим гүнээс ирмэгийг дагуулан чулуу өрж, зүүн хойш хандуулан тавьсан 45-50 орчим насны эрэгтэй хүний оршуулга гарсан байна. Булшинд ясан зэв, нумын наалт, ясан цорго, ясаар хийсэн явуу зэрэг тухайн үед холбогдох эд өлгийн зүйлс дагалдуулсан байжээ. Уг булшны хүний ясанд хийсэн С14 радиокарбоны шинжилгээрээр НТӨ 400-353 он хэмээн гарсан нь он цагийн хувьд нэлээд эрт холбогдох дурсгал болохыг харуулдаг.

Тус аймгийн нутагт Монголын үед холбогдох чулуун дарааст булш оршуулгын дурсгал олон тоотой тэмдэглэгдсэн бөгөөд эдгээрээс сүүлийн жилүүдэд цөөнгүйг малтан шинжлээд байна. Одоогоор Цогтцэций, Ханбогд, Гурвантэс сумын нутагт 30 орчим булш малтжээ. Эдгээр булшнууд нь дугуй болон зууван дугуй чулуун дараастай, хүнээ дундажаар нэг метр гаруй гүнд хойд болон баруун хойд зүгт хандуулан дээш харуулан тэнэгэр байдалтай оршуулж хүндээ зэр зэвсгийн зүйлс, гоёл чимэглэл, аж ахуй, багаж хэрэгсэлийн зүйлсийг дагалдуулан тавьсан байжээ. Хадны оршуулгын хувьд Ханбогд сумын зээрдийн агуй, Оюу толгой орчим, Ноён сумын Гурван зээрдийн агуй, Оюу толгой орчим, Ноён сумын Цагаан ханан зэрэг цөөн хэдэн газарт тэмдэглэгдсэн хэдий ч үлдэж хоцорсон олдвор хэрэглэгдэхүүний хувьд тухайн үеийн эдийн болон оюуны соёлыг тодорхойлоход чухал ач холбогдолтой хосгүй хэмээн үнэлэгдэж байна.

Хот суурин: Говь нутаг эртний нүүдэлчин овог аймаг, улс гүрнүүдийн хувьд үеийн үед өмнө зүгийн байгалийн болон улс төрийн хил болон оршсоор иржээ. Үүнийг гэрчлэх хилийн далан шуудуу, хот балгадын үлдэгдэл энэ нутагт олон тоотой бий. Монголчуудын дунд “Чингисийн далан” хэмээн нэрлэгдсэн шороон далан Өмнөговь аймгийн нутгаар 300 гаруй км үргэлжилнэ. Энэхүү дурсгалтай он цагийн хувьд нэг үед холбогдох хотын туурь 10 гаруй байдаг. Сүүлийн жилүүдэд судлаачид энэхүү шороон далан, хотын туурийг X-XI зууны үед буюу Тангуд нарт холбогдуулан авч үзэж байна. Үүнээс гадна Хүннү гүрний түүхэнд холбогдох Номгон сумын Баянбулагийн турь, Ханбогд сумын Мангасын хүрээ, Баян-Овоо сумын Сайрын балгас гэсэн гурван хотын турийг илрүүлэн олоод байна. Эдгээр хотуудыг судлаачид Хүннү гүрний хил хязгаарыг сахих хот хэмээн үздэг. Номгон сумын Баянбулагийн турийг 1950-иад оны үед Х.Пэрлээ анх судлан шинжлэж Хүннүгийн үед холбогдоно хэмээн үзсэн ба түүнээс хойш олон хээрийн шинжилгээний анги тэнд ажиллаж байжээ. Уг турь нь бороо салхи болон малын хөлөөр тахлагдан эвдэрч эдүгээ хэрмийн хойд талын хана харьцангуй бүтэн үлдэж баруун талын ханын үлэмж хэсэг, мөн зүүн тал нь огт мэдэгдэхгүй болсон байна.

Хэрмийг шороо дагтаршуулан хийсэн бөгөөд хойд тал нь 180м, баруун тал нь 110 урттай юм. Хойд талын хоёр овгор нь нэлээд өндөр, ойролцоогоор хоёр метр орчим ажээ. Уг турьд хийсэн малтлагаар түүхий тоосгоор өрсөн барилгын үлдэгдэл мэдэгдсэн бөгөөд хүрэл толины хагархай, хүрэл тамга хүрэл зоос холховч нумын эд анги, хүрэл зэв зэрэг олдворууд илэрсэн байна.

Ханбогд сумын нутаг дахь Мангасын хүрээ хэмээх гадуураа дугуй далантай, төв хэсэгтээ дөрвөлжин хэрэм бүхий хот нь гадаад хэлбэрийн хувьд бусад хотуудаас ялгагдах онцлог шинжтэй боловч түүвэр байдлаар цуглуулсан олдворууд нь Баянбулагын турийн хэрэглэгдэхүүнтэй ижил тул нэг нь он цагт хамааруулан авч үздэг. Түүнээс холгүй орших Сайрын балгас ч мөн адил Хүннүгийн үед холбогдоно. Сүүлийн үед хийсэн он цаг тогтоох радиокарбоны шинжилгээгээр эдгээр хотууд нь НТӨ I зууны үед холбогдох нь баттай тогтоогдсон юм. Дундад зууны үеийн хот суурин дээр дурьдсан “Чингисийн далан” гаас гадна Цогтцэций сумын нутагт орших Хээрийн булаг, Цогт-Овоо сумын Дугшихын балгас, Ханхонгор сумын Годил балгас, Ханбогд сумын Дөшийн дөрвөлжин зэрэг хэдэн дурсгалт газрууд бий.

Хадны зураг: Тус аймаг нь хадны зургийг дурсгалаар бөгөөд зарим зураг дүр дүрслэлээр өвөрмөц, бусад бүс нутгийн дурсгалаас ялгаатай байна. Одоогоор тус аймгийн Номгон, Ханбогд, Ноён, Хүрмэн, Ханхонгор, Булган, Даланзадгад, Баян-Овоо, Сэрвэй зэрэг сумдын нутгийн 30 орчим газраас хадны зургийн дурсгалт газрыг илрүүлэн олоод байна. Хамгийн анх 1920-иод онд Р.Ч.Эндрюсын хээрийн шинжилгээний ангийхан Сэрвэй, Булган, Баяндалай, Хүрмэн, Ханхонгор сумдын зааг Гурвансайханы нуруунд хадны зураг илрүүлэн олжээ. Хадны зургийн дурсгал нь Говь-Алтайн нурууны үргэлжлэл Гурвансайханы нуруу, Нэмэгт, Их Шанхай, Сэрвэй, Зөөлөн, Тост, Ноён, Их Номгон, Ханбогд зэрэг уулсын өвөр бэл болон Заг сүүж, Борзон, Галбын говийн умард талын дэллэлсэн хад, сондгой уулсаар илүүтэй тархжээ. Говийн бүсийн хадны зургийн дийлэнх хувийг хүрэл ба түрүү төмрийн үед холбогдох зургууд эзлэх бөгөөд цөөн тооны зургууд дундад зууны үед холбогдоно.

Энэ нутгийн хамгийн алдартай хадны зургийн дурсгалт газруудын нэг бол Ханбогд сумын нутагт орших Жавхлант хайрхан юм. Энэ уул нь байгалийн тогтоцын хувьд Монголын говь нутагт байдаг ердийн нэгэн уул боловч хүрээлж буй бусад уул толгодоос харьцангуй өндөр бөгөөд баруун талд нь цуварч тогтсон хоёр жижиг уултай урдаа өргөн тал газар, араараа тойрсон хуучин голын хөндий, сайртай тэр орчиндоо ялгаран харагдах онцгой уул юм. Энэ уулыг хайрхан хэмээн хүндэтгэн орой дээр нь овоо босгон шүтэн биширч, эртнээс эрхэмлэн дээдэлж ирсэн нь Жавхлант хайрханы оройн хэсэгт эртний хүмүүсийн цоолборлож үлдээсэн хадны зурагтай холбоотой болох нь илэрхий. Жавхлант хайрханы оройн хэсгийн хаднаа хүн, амьтдын дүрсийг цоолборлосон хадны зургийн 200 гаруй зохиомж байна. Үүнээс гадна Номгон сумын нутаг хилийн Жаал шандын заставаас зүүн өмнө зүгт 5км орчимд орших Хахуулын голын хатсан сайрын хоёр талын боржин чулуун хаданд олон тооны зураг сийлжээ. Эдгээр зургийн ихэнхийг урагшаа харсан хаднаа зурсан байх ба зарчмыг дээр дээрээс нь давхарлан цоолборложээ. Энд ан амьтдын, хүний нүүрний дүрст багаар төлөөлүүлсэн сүсэг бишрэлийн, мал аж ахуй, ан агнуур, тамга тэмдэг, эд зүйлсийн сэдэвт зургууд дүрслэгдсэн байдаг.

Үйлдвэрлэлийн ул мөр: Өмнөговь нутаг байгалийн баялагаараа арвин бөгөөд үүнийг гэрчлэх эртний түүхэн баримт хэрэглэгдэхүүн цөөнгүй бий. Энэхүү баялагийг эрт цагаас манай өвөг дээдэс танин мэдэж, олзорлон боловсруулж байсан нь Оюу толгой орчим дахь хүрэл олзворлож байсан ил уурхайн цутгуурын чулуун шанага зэрэг зүйлсээс харагддаг. Энэ талын судалгааг манай ахмад эрдэмтэд 1970-аап оноос анхааран хийж эхэлсэн байна. Ууган археологич Х.Пэрлээ Манлай сумын нутаг дахь Говийн төхөм хэмээх газарт зэс хайлуулах зуух илхүүлэн олж малтсан байна. Говийн төхөм хэмээх загийн ойтой газарт зэсийн шаар хайлш, хүдэр овоолсон хэдэн овгор байснаас 16x12м талбай эзэлсэн 80-90 см өндөр овгорыг малтсан байна. Малтлагаар баруун урд буландаа яндантай, зүүн хойшоо харсан ам бүхий зуух илэрсэн байна. Говийн Төхөмд зэс хайлж байсан хүмүүс загийг түлшинд ашиглаж, хүдрээ Аргалант уулаас олзорлон авчирч байжээ. Харин сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар хүрэл зэвсгийн үе буюу НТӨ 1000 орчим жилийн үед хамаарах эртний нүүдэлчдийн үлдээсэн зэс олзворлож байсан эртний ухмал, хүдрээ олзворлоход ашиглаж байсан бутлуур чулуу, хүдэр хайлуулж байсан зуух зэрэг төмөрлөг боловсруулалтын чухал хэрэглэгдэхүүн илрэн олдсоор байна. Төмөрлөг боловсруулалттай холбоотой дурсгалуудаас зармыг нэрлэвэл, Жавхлант хайрхан уулын баруун хойд бэлээр байх байгалийн боржин чулууг ашиглан хайлуулж байсан “Жавхлант-1” “Зэлт-2” “Ямаат-1А” хүдэр хайлуулах зуухнууд, “Оюутолгой” “Ямаат-1” “Зэлт-1” хүдэр олзворлож байсан эртний уурхайн ул мөр зэргийг дурдаж болно.

Чулуун зэвсэг: Хуучин чулуун зэвсгийн үед холбогдох дурсгал Өмнөговь аймгийн Булган, Өвөрхангай аймгийн Богд сумын зааг нутаг Цахиуртын хөндлөн Ханбогд сумын нутаг Хацавчийн толгод, Зүрх уул, Оцон мааньт, Их цагаан хад, Өвөрхангайтай хил залгаа Арц Богд зэрэг газраас олдсон байна. Зүрх уул, Хацавчийн толгодын дурсгалт газраас Африк, Европын гилбэр зэвсгийн дурсгалтай адилсах гилбэр зэвсэг олдсон нь ихээхэн сонирхолтой бөгөөд эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой юм. Мөн эдгээр дурсгалуудад том хэмжээтэй үлдэц, төрөл бүрийн хянгар хусуур зэрэг зэвсгийн олон төрөл зүйл илэрсэн нь Монгол орны бусад нутаг болон хөрш зэргэлдээх бүс нутгуудаас илэрсэн хуучин чулуун зэвсгийн дурсгалуудтай адилсаж байгаа юм. Булган сумын нутаг Зүүн, Баруун хайрхан буюу Хоёр хайрханы чулуун зэвсгийн дурсгалын цуулалтын арга барил үндэслэн судлаачид мезолит буюу дундад чулуун зэвсгийн үед холбогдуулан үздэг. Шинэ чулуун зэвсгийн үед холбогдох томоохон суурингуудаас Булган сумын Баянзаг, Эргийн хоолой, Төгрөгийн ширээ, Ноён сумын нутаг Ганзагадын дурсгалыг дурдаж болно. Шинэ чулуун зэвсгийн үед холбогдох дурсгалуудад жижиг болон бичил ялтас цуулах зориулалт бүхий олон төрлийн үлдэц, зүсэх, огтлох, нүхлэх, газар ухах, хусах, өнгөлж холтослох зэрэг үйлд зориулагдсан төрөл бүрийн зэвсгүүд, янз бүрийн хэлбэрийн сумны зэв, зуулга зэвсгүүд, жадны үзүүр, торны хүндрүүлэгч ачаа олддог байна.

Тус үзэсгэлэнд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс илэрсэн чулуун зэвсгийн дурсгалуудыг дээжлэн цөөн тооны олдворыг толилуулсан юм. Үүнд, Ханбогд сумын Хацавчийн толгодын гилбэр, зэвсэг, Зүрх уулын гилбэр болон пик хэлбэрийн зэвсэг, ооль, Арц Богдын шүллэг болон хүнхэр ирт зэвсэг, иртэй цуулдас зэрэг хуучин чулуун зэвсгийн олдворууд, Баянзагийн самбар, чулуу, нухуур, ваарны хагархай, нэвт нүхтэй шавар эдлэл, чулуун сүх, хусуур, Төгрөгийн ширээгийн үлдэц, Оёдлын худагийн цоолтуур, жадны үзүүр, хянгар зэвсэг зэрэг шинэ чулуун зэвсгийн олдворууд багтана.

Аж ахуйн холбогдолтой олдвор: Булш оршуулгын дурсгалаас түгээмэл илэрдэг олдвор бол аж ахуйн холбогдол эдлэл зүйлс юм. Өмнөговь аймгийн нутагт малтан шинжилсэн хүннү, монголын үед холбогдох булш оршуулга, хот суурины дурсгалаас цөөнгүй тооны аж ахуйн холбогдолтой олдвор гарчээ. Эдгээр олдвор дотор ясан эдлэл, хүрэл зоос, хүрэл дардас, шавар ваар сав, хүрэл цар, аяга, ээрүүлийн дугуй, хүрэл хадаас, тулгатан хүндрүүлэгч гэх мэт зүйлс багтаж байна. Эртний нүүдэлчдийн үхэгсдээ оршуулах зан үйлийн тогтсон нэгэн хэлбэр бол талийгаачид түүний эдэлж байсан эд зүйлсийг хойд насандаа үргэлжлүүлэн хэрэглэх утга санааг агуулан хамт дагалдуулан тавьдаг ёс заншил юм. Иймээс тухайн хүний өдөр тутам хэрэглэж байсан эд зүйлсийг түүнд дагалдуулан тавьдаг хэмээн үздэг. Цогтцэций сумын Ухаа худагийн хүннү булшнаас гарсан ясан цорго, бог малын далаар ур гарган хийсэн зүйлс болон ямар нэгэн үлээвэр хөгжмийн шүгэл мэт ясан эдлэл зэрэг нь зориулалтын хувьд бүдэг бадаг хэдий ч тухайн үеийн хүмүүсийн аж ахуй, соёлын талаарх шинэ ойлголт бий болгох чухал ач холбогдолтой зүйлс хэмээн үзэж болно. Мөн Ханбогд сумын нутагт малтан шинжилсэн XIII-XIV зууны монголчуудын булш оршуулгын дурсгалаас гарсан шавар хүрэл, мөнгөн сав суулга нь тухайн үед холбогдох бусад газар нутгаас олдсон ийм төрлийн олдвортой нэгэн ижил байгаа нь нэг хэлбэр хийцийн зүйлсийг өргөн хүрээнд хэрэглэж байсныг харуулах нэгэн баримт юм. Тус аймаг нь түүхийн бүхий л үеийн туршид хилийн бүс нутаг болохын сацуу худалдаа арилжааны гол замууд энэ нутгаар дайран өнгөрч байжээ. Иймээс энэ нутгаас урд хөрштэй харилцаж байсан баримт хэрэглэгдэхүүн цөөнгүй олддог. Үүний нэг жишээ бол хүннүгийн үед холбогдох хотын туриас хүрэл зоос, хүрэл дардас, холховч нумын хүрэл эд анги зэрэг олдвор эд зүйлс юм.

Хувцас өмсгөл, гоёл чимэглэл: Говийн цаг агаар хөрсний бүтэцтэй холбоотойгоор даавуу, үйсэн эдлэл харьцангуй сайн хадгалагдан үлддэг юм. XIII-XVI зууны монголчуудын хадны оршуулга болон чулуун дарааст булшнаас хувцас өмсгөлийн зүйлс ч олдсоор байна. Өмнөговь аймгийн Ноён сумын Цагаан ханан хэмээх газрын хадны оршуулгад малгай гутал, хавтага, дээл хувцас зэрэг хосгүй ховор зүйлчийг аварч чадсан юм. Эдгээр олдворууд нь тухайн үеийн ихэс язгууртнуудын хувцас хэрэгсэлийг нэхэн сэргээхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан бөгөөд өнөөдөр Монголын Төрийн түүхийн музейд хадгалагдаж байна.

Мөн тухайн үеийн эмэгтэйчүүдийн нийтлэг өмсгөл болох богтаг малгай Ханбогд сумын булшнаас гарсан нь харьцангуй сайн хадгалагджээ. Ийм төрлийн богтаг малгай чулуун дарааст булшинд бүтэн хадгалагдах нь тун ховор юм. Монголын үед холбогдох булшинд хүрэл толь дагалдуулах ёс байсан бөгөөд энэ нь Ханбогд сумын Оюутолгой, Цогтцэций сумын Тавантолгойн булшнаас олон янзын хэлбэр хийцтэй хүрэл толинууд олджээ.

Зэр зэвсэг:  Эртний нүүдэлчдийн цэрэг, зэр зэвсэггүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Үүнийг батлах баримт үе үеийн дурсгалуудаас олон тоотой олддог юм. Сүүлийн жилүүдэд тус аймгийн нутагт малтан шинжилсэн булш оршуулгын дурсгалаас зэр зэвсгийн зүйл цөөнгүй илэрч олдоод байгаагаас энэ удаад цөөн тоотой зүйлсийг дэлгэн үзүүлэв. Хүннү нарын хүчирхэг нум тэднийг эзэнт гүрэн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан нь дамжиггүй. Одоогоор манай улсын хамгийн өмнөд захад малтан шинжилсэн Ухаа худагийн булшнаас нумын ясан гичир, дөрвөн төрлийн ясан зэв гарсан нь ховор олдворын тоонд тооцогдоно. Эдгээр ясан зэвнүүдээс эрс өөр хэлбэр, зориулалт бүхий холховч нуманд зориулсан хүрэл зэв Номтон сумын Баянбулагийн турь, Ханбогд сумын Мангасын хүрээ, Баян-Овоо сумын Сайрын балгаснаас түүвэр маягаар элбэг олддог.