“Сэтгүүлчдийн аялал” болов.

Автозамын хөгжил нь Монголын аялал жуулчлалын хөгжилд маш чухал түлхэц өгөх билээ. Энэ жил Монголд автозамын салбар үүсч хөгжсөний 85 жилийн ой тохиож байна. Баруун ба зүүн бүсэд авто зам тавих их бүтээн байгуулалтыг хийж буй нийт замчид, замын байгууллагын хамт олны дунд “Автозамчдын ур чадварын улсын уралдаан” 2014 оны 10-р сарын 18-нд зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг Монголын автозамчдын холбоо, “Монголиан гайд тур” ХХК хамтран зохион байгуулж “Арж капитал” ХХК ивээн тэтгэсэн юм. Зүүн бүсийн энэхүү бүтээн байгуулалт болон автозамчдын уралдааныг сурвалжлах зорилготой Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн аяллыг “УБ-Балданбарайвун хийд, Мөнххаан сум, Баруун урт хот, Талын агуй, Шилийн богд, Ганга нуур, Тоорой бандийн хөшөө, Алтан-овоо” маршрутаар зохион байгууллаа. Тус аялалд МҮОНТ, UBS телевиз, TV9 телевиз, NTV телевиз, өдөр тутмын  news.mn site, Монголын радио, Өдрийн сонин зэрэг байгууллагын сэтгүүлч зураглаач 20 гаруй хүн оролцсон юм.

Өндөрхаан хотоос Баруун урт хот хүртэл 132.6 км автозамыг 100% үндэсний хөрөнгө оруулалттай, Х.Мөнх-Эрдэнэ захиралтай “Арж капитал” ХХК барьжээ. Сүүлийн жилүүдэд “Монголын Автозамчдын Холбоо”-ноос хийж бүтээсэн ажил их бөгөөд түүний дотор Монголын авто замын ажилд гадаадын 100%-ийн хөрөнгө оруулалттай компанийг оролцуулахгүй хязгаарлах, үндэсний компаниудыг дэмжих бодлого чиглэлийг эрхзүйн хувьд шийдвэрлүүлж чаджээ. Тийм ч учраас дотоодын олон компани тус бүтээн байгуулалтанд бие даан оролцох боломж нэмэгдсэн төдийгүй, техник технологийн хувьд ч эрс ахиж, сүүл үеийн машин тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байгаа нь чухал ололт болсон байна.