Эзэн Чингис хааны ач Бат хааны байгуулсан Увек хотын туурийг ОХУ-ын Ижил мөрний сав газраас олж илрүүлсэн нь түүхчдийн хувьд ойрд сонсоогүй гайхалтай мэдээ байлаа. Бат хааны байгуулсан Алтан ордны улсын нийслэл нь Сарай-Бат. Сарай-Бат хотын талаар элдэв сонирхолтой мэдээ, сэлт, үүх түүх, ном, судруудад олонтаа тэмдэглэн үлдсэн байдаг. Сарай-Бат хотыг алтадсан шовх оройтой сүм дуган, барилгууд, цайз цамхаг, ордон шилтгээнүүдээр дүүрсэн, холоос алтран шаргалтан харагддаг байсан тухай түүхийн сурвалжуудад дурьдсан нь бий. 1243 онд Алтан ордны хаант улсын нийслэл гэж дэлхийд зарласан шаваа тавьсан уг хот маш богинохон хугацаанд худалдаа, соёл, цэрэг дайны өндөр ач холбогдолтой газар болон хувирсан байдаг. Хотын гайхалтай архитектуртай барилга байгууламж, баян тансаг эрхэмсэг төрх нь өрнө, дорнын худалдаачид, жуулчид хаад ноёд, хатдыг дуу алдуулдаг байжээ. Тус хотоос Европ, Азийн өгүүлэмжийг олж хардаг байсан гэнэ. Уг хотыг нүдээр үзэж биширсэн олон хүмүүс энэ тухайгаа тэмдэглэн үлдээсэн нь бий. 1993 онд Ижил мөрнөөр нь аялсан Арабын Ибн-Батутга Сарай-Бат хотын гайхамшгийг бишрээд бишрээд бараагүй байдаг. Тэрээр “Сарай хот бол ертөнц дээрх хамгийн гоёмсог хотын нэг. Тэгшхэн газар байгуулагдсан хотын гудам, зээлээр хүмүүс дүүрэн хөлхөлдөнө. Тэнд янз бүрийн улсын иргэд амьдарна. Монголчууд улсын үндсэн иргэд болох ба зарим нь мусульман шашинтай. Асычууд, кыпшак, черчешүүд орос, византчууд христийг эрхэмлэх аж. Үндэстэн бүр өөрийн хороололтой. Тэндээ бүр өөрсдийн захтай болой. Ирак, Египет, Сириэс ирсэн худалдаачид, гадаад улсын иргэд өөр аймагт орших ба худалдаачдын агуулахын гадуур өндөр хэрэм хүрээлэх амой” хэмээсэн бол 1300-аад оны үед тус хотод хөл тавьсан Аль-Омари “Алтан хот бол зээлийн газар олонтой, халуун усны газар, эд бараа агуулах олон худалдааны газар бүхий том хот. Хотын төвд голоос татсан сувгаар урсана. Хаан эзэн өндөр сүрлэг, тансаг орд харшид байх ба харшийн оройд кынтар /дундад зууны хүндийн хэмжүүр. Таван кг орчим/ хэмжээтэй цул алтан шинэхэн сар гялалзана. Хааны ордны шадар сайдууд нарын орд гэр, цамхаг хэрэмээр хүрээлнэ. Энэ ордонд тэд зөвхөн өвөл амьдарна” гэсэн байдаг. Энэ бүгдээс Бат хааны байгуулсан Сарай-Бат хот ямархуу төрхтэй байсан нь анзаарагдана. Бат хаан зөвхөн Сарай-Бат хотыг байгуулаад зогсоогүй, Сарай-Бэрх, Увек, Кафа, Судак зэрэг хотыг байгуулж, католик шашны нөлөөгөөр хавчигдан мөхөж байсан Оросын үнэн алдартны шашныг аварч үлдээсэн гэдэг. Эдгээр хотууд нь Сарай хотуудын дэргэд хэмжээгээр жижиг боловч зарим улсын нийслэлтэй харьцуулбал хөгжил нь дээгүүр тооцогддог байж.
Бат хааны байгуулсан Увек хот нь түүний зуны сууцтай ойролцоо оршдог байжээ. Увек хот болон ойр орчимд нь 2005 оноос хойш малтлага судалгаа хийж байгаа Саратов мужийн Орон нутгийн өвийг хамгаалах ажилтнууд, Археологийн төвийн газрын мэргэжилтнүүд “Бид саяханыг хүртэл жижиг хэмжээний, цөөн тооны эд өлгийн зүйл л олдог байсан. Гэтэл хэд хоногийн өмнө эртний Увекийн буюу алтан ордны улсын хамгийн том хотын нэгнийх нь туурийг оллоо. Энэ бол том үйл явдал” хэмээгээд байгаа юм. Увек хотын нутаг дэвсгэрийн гуравны нэг хэсэг нь хувийн өмчид хамаарагдаж байгаа учир малтлагаа гүйцээх боломжгүй байгаа нь археологчдын өмнө тулгарсан хамгийн саад болоод байгаа аж. “Хэрэв хувийн олон эзэмшилд нэвтэрч, гүнд нь байгаа бүхнийг ил гаргавал олон улсад шагшигдах хосгүй нээлт болно” гэж судалгааны багийн ахлагч Д.А.Кубанкина ярьжээ. Увек хот нь ислам, христ, олон соёлын өлгий байсан нь хотын тууриас олдсон эл өлгийн зүйлсээс тодорхой болжээ. Хотын тууринаас Бат хааны ноёрхол дор амьдарч байсан Христийн шашинт хүмүүсийн суурин, хоёр сүм олдсон байна. Эндээс Бат хааны ивээл дор Христийн шашинтнууд элбэг хангалуун амьдарч байсныг гэрчлэх олон зүйлс олджээ. Христийн сууринаас олдсон эд өлгийн зүйлсийн зарим нь хотын елитүүдийн эдэлдэг зүйлс байсан аж. Тухайлбал, Христийн сууринаас үсний хятад хатгуур, луугын зурагтай хагархай таваг, модон бариул зэрэг олджээ. Археологчидын үзэж байгаагаар хоёр сүмийн нэг нь 1280 онд баригдаж, 14-р зууны эхэн үед устгагдсан. Христийн сүм нь вааран дээвэртэй, ханыг нь зургаар чимэглэсэн, гадна дотногүй сийлбэртэй байжээ. 1330 онд байгуулсан нь 1350 он хүртэл оршин тогтносон байна. Христийн сүмийн агуулахад торгоны замын худалдаачдын эд зүйлсийг хадгалдаг байжээ. Агуулахын хэсгээс Византын эзэнт гүрнээс авчирсан таваг, вааран савнууд гээд чамин тансаг эд бараа олдсон байна. Увек хот нийслэл Сарай болоод Ижил мөрний Болгарчуудын нийслэл хот Болгар хоёрын дунд байсан, стратегийн онц ач холбогдолтой, бүс нутгийнхаа худалдааны гол бүс байжээ. Бат хааны зуны өргөөг бараадуулан байгуулсан уг хотыг Доголон төмөр хааны их цэрэг 1395 онд дахин сэргээхгүй болтол нь сүйтгэсэн гэдэг түүхтэй. Судалгааны багийн ахлагч малтлагаа цааш нь үргэлжлүүлэхийг хүсч байгаагаа “Хэрэв малтлагаа үргэлжлүүлвэл яг л Орос нутгийг эзлэн сууж байсан Монголчуудын түүх шиг археологийн дундаршгүй баялаг өв олдох юм” гэсэн байна.