Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой, Монгол-Японы палеонтологийн хамтарсан экспедицийн 20 жилийн ойд зориулсан Монголын үлэг гүрвэлийн үзэсгэлэн 2012 оны 11-р сарын 22-ноос 2014 оны 9-р сарын 15 хүртэл Японы Токио, Осака, Нагояа, Куммамото хотод амжилттай нээгдэж нийт 677122 хүн манай үзэсгэлэнг үзэж сонирхсон байна.
Ази болон Европын орнуудад гарган үзүүлж байсан үзэсгэлэн дээр Монгол-Японы палеонтологийн хамтарсан экспедицийн үр дүнд шинээр олж тогтоосон ховор сонин олдворуудыг нэмж Монголын үлэг гүрвэлийн гол төлөөлөл олддог Цэрдийн галавын Баянширээ, Жодохт, Нэмэгтийн цаг үеийн олдворт газруудын мэдээллийг палеонтологийн судалгаанд орчин үед ихээхэн сонирхол татаж байгаа үлэг гүрвэлийн өсөлт, үржил хувьсал хөгжлийн холбоо харилцаа зэрэг палеобиологийн чиглэлээр хоёр орны эрдэмтэдийн явуулсан судалгааны үр дүнг биет үзмэрээр тайлбар танилцуулга, зураг, схемтэй нь уялдуулан үзүүлсэн нь ихээхэн сонирхол татаж байв. Үзэсгэлэнд том жижиг нийлсэн олон үзмэр тавигдсаны дотор аварга махан идэшт үлэг гүрвэл Тарбозавр батаарын бүтэн хэлхээ яс, аварга өвсөн идэшт нугасан хушуут үлэг гүрвэл Завролофын бүтэн араг ясыг угсран тавьсанаас гадна Монгол орноос олдсон хамгийн том үлэг гүрвэл болох завропод хэлбэрийн өвсөн идэшт үлэг гүрвэл-Опистоцеоликаудиа-гийн хэлхээ ясыг анх удаа босгож үзүүлсэн байна.