Их говийн тэмээний баяр боллоо.


Энэ жилийн тэмээний баяруудын гараа Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 11-р сарын 16,17-нд болсноор эхэллээ. Их говийн тэмээний баяр, тэмээчдийн их наадмыг ес дэх удаагаа зохион байгуулагдсан бөгөөд тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, говийн малчид, тэмээчдийн туршлагыг солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх алдаршуулах, дотоод гадаадын зочид жуулчдын сонирхолыг Говь-Алтай аймгийн тэмээнд суурилсан аялал жуулчлалд татах зорилготой байв. Монгол улсад дэлхийн тэмээний хоёр хувь, хос бөхт тэмээний 30 хувь нь байдаг. Тэмээн сүргийг алдаршуулахын тулд жил бүр Их говийн тэмээний баяр зохиогддог уламжлалтай. Хүндэтгэлийн тэмээн жагсаалаар эхэлсэн Их говийн тэмээний баярын хүрээнд хурдан ат, торомны уралдаан, тэмээчдийн буухиа тэмцээн зохиож, сайхан тэмээтэй ганган хос болон үржлийн шилмэл ингэ, буур шалгаруулж, ингэний шилдэг сүүн бүтээгдэхүүн болон ноосон бүтээгдэхүүн, ганган хэрэглэл шалгаруулах үзэсгэлэн худалдаа, тэмээ, тэмээчин, говь нутгийн тухай дуу, бүжиг, ерөөл магтаалыг багтаасан урлагийн томоохон тэмцээн уралдаан боллоо. Уралдаан тэмцээн тус бүрийн шалгаруулалтаас гадна шилдэг зохион байгуулалттай оролцсон эхний таван сумыг шалгаруулан шагнажээ. Мөн тэмээгээ жил дарааллан тогтвортой өсгөж, ашиг шимийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэмээ маллагааны арвин баялаг туршлага хуримтлуулсан шилдгийн шилдэг нэг тэмээчнийг хүндэт өргөмжлөл, 10 лангийн мөнгөн буйл, шилдэг хоёр тэмээчнийг хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулжээ.