Хүний хэл мэдэхгүй ирвэстэй зөрчилдөж байгаа нь бидний буруу

 “Амьдрахын тулд мах иддэгээрээ ирвэс, хүн хоёр адилхан”

Мэргэжлийн хүний үг.

Ирвэс бол сүрлэг байсан амьтан. Бас хуулиар хамгаалагдсан ховор амтьны нэг. Цаст өндөр уулын мөсөн оргилд хүрч, хад асганд нуугдаж, өвөр хоолойгоор нь хэрэн тэнэж, бэлд нь бууж чаддаг цорын ганц амьтан ирвэс учраас уулын сүр сүлд түүнд шингэжээ. Өдөр ирэх тусам ховордож буй энэ амьтныг хамгаалахаар Төв Азийн ирвэстэй 12 улс орон санал нэгдэж, Бишкект болсон олон улсын форумын хуралдаанаар 10-р сарын 23-ныг “Цоохор ирвэсийг хамгаалах олон улсын өдөр” болгон тунхаглажээ. Ирвэс бол өндөр уулын экосистемийн тогтвортой байдлыг хадгалагч гол амьтан бөгөөд ирвэс байна гэдэг нь тэр нутаг байгалийн унаган төрхөө хадгалж байгааг нотолж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл, ирвэс байхгүй болчихвол тухайн нутгийн байгалийн зохилдолгоо алдагдана. Ирвэс бол “Улаан номд” орсон, агнахыг хуулиар хориглосон амьтан. Монголд ойролцоогоор 1000 орчим ирвэс бий гэж судлаачид үздэг. Энэ амьтны барааг харах гэж гадаадаас жуулчид олон мянган км зам туулж Монголд ирдэг ч хүслээ биелүүлж чаддаггүй. Учир нь ирвэс хүн болгонд харагдаад байдаггүй, их нууцлаг амьдралтай. Ирвэсийг олж харна гэдэг өөрөө их том аз. Ирвэсийн гол дайсан бол хүн бөгөөд хүний буруутай үйлдлээс болж ирвэсийн амьдрах орчин хумигдаж, идэш тэжээл нь болдог амьтад цөөрснөөс болж энэ амьтанд дарамт нэмэгдсээр байгаа аж. Ялангуяа малчид ирвэсийн талаар буруу ойлголттой байдаг. Ирвэс бидний малыг идэж байна гэсэн ярианд олон хүн итгэж байгаа учраас ирвэсийг ад үзэх хүн өдөр бүр нэмэгдэх боллоо. Ирвэс мал идээд байгаа нь үнэн боловч яагаад мал руу дайраад байгаа учрыг нь олох гэж оролдсон нь цөөн. Ирвэс бол махчин амьтан учраас амьдрахын тулд мах иднэ. Байгаль ээжээс ирвэсэнд зориулж аргаль, янгир, тарвагыг “зоог” болгосон. Ирвэс олон жил эдгээр амьтадаар хооллож ирсэн, харин одоо байдал өөрөөр эргэжээ. Ирвэс идэх дуртай эдгээр амьтадын тоо эрс цөөрсөн байна. Тарвага, аргал бараг үзэгдэхгүй болсныг малчид бүгдээрээ мэдэж байгаа. Үүний буруутан нь хүмүүс өөрсдөө бөгөөд замбараагүй агнаснаас болж уул, талаар дүүрэн бэлчдэг байсан амьтад цөөрч зарим нь устахын ирмэгт очоод байна. Идэш тэжээл болсон амьтад нь цөөрөөд, бараг байхгүй болчихоор ирвэс хоолны эрэлд гарч, явах замд нь таарсан мах зоог болдог. Малчид ирвэсийн эзэмшил нутагт мар сүргээ бэлчээх болсон нь өөрсдөө ирвэсэнд зоог бэлдэж өгч байгаа хэрэг юм. Малчдыг  сандаргаад байдаг нь ирвэс өсч, олшироод байна гэсэн яриа боловч үнэн хэрэгтээ ирвэс өсөөгүй гэдгийг эрдэмтэд, судлаачид ярьж байна. Өөрийн гэсэн том газар нутагтай ирвэсийн хувьд нэг ууланд хэдэн зуугаараа амьдрах байгалийн хууль байхгүй. Өөрийн төрүүлсэн гүенгүүдийн хамгийн дорой, хүч чадал муутайг өөрөө устгадаг нь хэдэн ирвэс энэ ууланд байх ёстойг мэддэг, хянадаг ухаантай амьтан гэж ойлгож болно. Ирвэс хаа сайгүй мал идээд байгаа зүйл байхгүй бөгөөд  энэхүү буруу ойлголт, малчдын ам дамжсан ярианаас болж ирвэс олон зуу болж “өсчихөөд” байгаа. Хэт цөөрсөн ирвэсийн тоог өсгөх гэж дэлхий даяараа хөдөлж байхад монголд л ганцхан ирвэс өсөөд байна гэдэг маш буруу ойлголт юм. Цөөнгүй малчин, онцгой хязгаарлалтын бүсэд малаа бэлчээдэг. Өвөл болохоор ирвэсийн нутагт, эсвэл ойролцоо ирж өвөлждөг нь өөрсдөө ирвэсэнд зоог бэлдэж өгч байгаагаас ялгаагүй. Ирвэс бол хүн шиг ухамсартай ухаантай амьтан биш. Хүний хэл мэдэхгүй, зүгээр л зэрлэг амьтан. Доржийн, Батын малыг идэж болохгүй шүү гэж ойлгуулах боломжгүй. Ирвэснээс малаа хамгаалах нь малчдын өөрсдийнх нь үүрэг.

Ямар ч улс оронд бахархах зүйл гэж байдаг. Тэр нь алдартай хүн, гайхамшигтай байгаль, ан амьтан юу ч байж болно. Жишээ нь хятадууд Цагаан хэрэмээ нэрийн хуудас болгоод зогсохгүй дэлхийн нийтийн анхааралд Панда буюу хулсны баавгайгаа өртүүлж чадсан. Панда баавгайгаа хятад хүн бүр л хайрлаж хамгаалж, амьдардаг газрыг нь хүртэл тусгайлан хамгаалсан. Эргэн тойронд нь хүн амьдруулахгүйгээр амьтны жинхэнэ диваажинг бүрдүүлж чадсан. Ховор амьтан гэж ярьсаар байгаад дэлхийд таниулсан. Одоо өсч үржээд бараг 2000 гаруй тоо толгой болсон ч “ховор чухал амьтан” гэж бүгд ярьсаар байгаа нь хэвээрээ. Иргэд нь ч пандатай газар нутгаа булаалцдаж малаа бэлчээж, тариа ногоо тариад байдаггүй.

Гэтэл монголчууд бид ирвэсээрээ бахархаж чадаж байна уу.  Бид ан амьтаддаа өөриймсөг хандаж чаддаггүй. Харь нутгийн амьтан шиг л ханддаг. Уг нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа амьтад бол бидний л өмч. Шоргоолж, гүрвэл, баавгай, чоно, бөхөн, янгир бүгд биднийх. Гэтэл малчид өөрсдөө малаа эзэмшил нутагт нь авчирч идүүлчээд ирвэсийг нь буруутгаад байдаг. Бас ирвэсээ үзэн ядна. Хүний хэл мэдэхгүй ирвэстэй зөрчилдөж байгаа нь бидний буруу гэхээс өөр хэний буруу гэхэв. Өндөр уулын хаан ирвэс бол бидний бахархал юм. Энэ сүрлэг сайхан амьтан жил ирэх тусам цөөрч, хоол тэжээл нь хомсдож байгаа үед бид хамгаалах үүрэгтэй. Бас Монгол эх нутаг, өндөр уул зөвхөн биднийх биш, бас ирвэсийн эзэмшил гэдгийг мартаж болохгүй. Ирвэс ч бас амьдрах эрхтэй.

Ховордсон цоохор ирвэс 1200 орчим байна. Дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсийг хамгаалахад тулгамдаж байгаа асуудлаар мэргэжлийн хүмүүс мэдээлэл хийлээ. Цоохор ирвэс Монгол болон төв Азийн 11 улсын “Улаан ном”-д бүртгэгдсэн дэлхийд нэн ховор амьтан юм. Манай улс цоохор ирвэсийн тоогоор дэлхийд 2 дугаарт буюу БНХАУ-ын дараа ордог. Өнөөдрийн байдлаар дэлхийн 12 улсад нийт 3900-6400 цоохор ирвэс бий гэсэн тоо баримт байна. Үүнээс 1200 орчим цоохор ирвэс Монгол орны говь, хээрийн нутгаар тархжээ. Уулын систем эрүүл, онгон байгаа эсэхийг шалгах, хянах шалгуур нь цоохор ирвэс болдог байна. Өөрөөр хэлбэл цоохор ирвэс байгаа нутагт байгалийн тэнцвэр хадгалагдаж байгааг илтгэдэг. Зах зээлийн нийгэмд шилжихэд Монголд 700-900 цоохор ирвэс байжээ. Үүнээс харахад тоо толгой өссөн бөгөөд хулгайгаар агнаж устгах нь багассан хэмээн мэргэжилтнүүд онцолж байна. Түүнчлэн цоохор ирвэсийг хамгаалах үүднээс 30 мянга гаруй хяналтын камер байрлуулжээ. Гэхдээ хүний үйл ажиллагааны нөлөөгөөр амьдрах орчин нь хомсдох, идэш болох амьтдыг нь хууль бусаар агнах зэрэг үйлдэл нь цоохор ирвэст сөрөг нөлөө үзүүлсээр байна.