“Изинис Эйрвэйз” дампуурсан шалтгаан

 

Тус компани 2006 оны нэгдүгээр сард байгуулагдсан цагаасаа амжилтаа ахиулан таван жилийн дотор дотоодын нислэгийн 75 хувийг дангаараа үйлддэг болтлоо өргөжсөн түүхтэй. АНУ-ын Засгийн газрын харъяа Худалдаа хөгжлийн агентлагийн санхүүжилт авсан, Японы Олл Ниппон Эйрвэйз компанитай урт хугацааны хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан эхний таван компанийн нэг болсон бөгөөд “Изинис Эйрвэйз”-ийнхэн салбартаа тэргүүлэгч байсан. Гэтэл саяхан санхүүгийн түрээсээр авсан хоёр онгоцоо буцааж, 225 ажилтныхаа тэтгэмжийг өгөөд, хөдөлмөрийн гэрээгээ цуцаллаа. Найман жил нислэг үйлдсэн авиа компани ямар учраас дампуурав. Гол шалтгаан нь төрийн монополь эрхтэй компани салбарт нь байгаа учраас хувийн компаниудад өрсөлдөх боломж олдохгүй байна. 70 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг МИАТ хувьчлагдаагүй цагт иргэний агаарын тээврийн салбар хөгжихгүй. Учир нь төрийн өмчит компанид давуу тал олгож, зах зээл дэх чөлөөт өрсөлдөөний үнэ тариф тогтоох, нислэгийн чиглэлийг зааж өгөх зэргээр хаасаар байгааг эдийн засагчид ярьж байна.

Агаарын тээврийн салбарт МИАТ айлын эрх хүүхэд шиг л байж ирсэн. 1999-2012 оны хооронд гадаадад нислэг үйлдэхдээ 70 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Ойрын жилүүдийн тоо баримтыг жишээ болгоход, МИАТ 2009 онд нэг тэрбум, дараа он нь 2 тэрбум, 2011 онд 5.6 тэрбум, 2012 онд 4.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилсан тооцоог Төрийн өмчийн хороо гаргасан. Тус компани дотоод нислэг үйлддэг байхад орон нутгийн иргэд онгоцны зардлыг дийлдэггүй байлаа. Зорчигчгүй гээд МИАТ-ийн удирдлагууд санаачлага гаргаж, арга хэмжээ авааагүй.  Харин 1993-2009 онд дотоод нислэг үйлдсэн нэрийдлээр 23.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан дүн гаргаад төрд өгчихсөн. Дараа нь “Дотоодод нисэх юм бол зардлаа дийлэхгүй нь” гээд орон нутгийн нислэгийн чиглэлийг тэр чигт нь орхичихсон. МИАТ компаний алдагдалтай гээд хаячихсан дотоодын чиглэлүүдэд “Изинис Эйрвэйз”, “Аэро Монголиа” компани өрсөлдсөний дүнд дотоодын нислэгийн үнэ хямдарч, зорчигчийн урсгал 30 хувиар өссөн үзүүлэлт байдаг юм. Энэ хооронд МИАТ хэмээх төрийн “эрх хүүхэд” хамгийн ашигтай чиглэлд нисч байсан ч алдагдлаа ярьсаар, үе үеийн дарга нар нь хожсоор байсан. Харин хувийн компаниуд МИАТ хэмээх “эрх хүүхэд”-ийн голоод орхисон чиглэлд, тэгш бус нөхцөлд өрсөлдөн амиа зогоож байсан юм.

Агаарын тээвэрлэгч компани гадаадад нислэг үйлдэхгүйгээр, дотоодын бага зах зээлд оршин тогтнох ямар ч боломжгүйг энэ салбарынхан хэлдэг. “Изинис Эйрвэйз” компанид олон улсын нислэгийн эрх олгосон чиглэл нь ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Хайлаар хот, Буриадын нийслэл Улаан-үд хот. Энэ чиглэлд зорчигч байхгүй учраас хоёр удаа нислэг үйлдээд зогссон гэдэг. Дараа нь Эрээн рүү нислэг үйлдэхээр БНХАУ-ын талтай тохирчихоод эрх олгогч байгууллагаас зөвшөөрөл хүссэн ч төрийн монополь компаний хавчлагаар бүтээгүй гэдэг яриа байдаг.

Гэтэл МИАТ гадаадын хамгийн ашигтай чиглэлүүдийг үндэсний тээвэрлэгч нэрийдлээр авч, монополь үнэ тогтоочихсон байгаа. Бээжин, Москва, Сөүл чиглэлд МИАТ дангаараа нислэг үйлддэг боловч жил бүр алдагдал хүлээдэг. Бүх зах зээлийг эзэлдэг атлаа алдагдалтай ажиллаж, үе үеийн дарга нарын баяжих эх үүсвэр болсон МИАТ Монголын эдийн засагт болоод бусад компаниудад гай болсоор байна. Жилийн өмнө “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл бодлого” баталж чөлөөт өрсөлдөөнийг бий болголоо гэсэн боловч МИАТ-д “Үндэсний агаарын тээвэрлэгч” статус болгож, бүх давуу эрхийг олгосон. Ингэснээр энэ салбарт өрсөлддөг компаниуд оршин тогтнох боломжгүй болж “Изинис Эйрвэйз” компани дампуурлаа.

Хувийн компани гадаадын ашигтай чиглэлд нислэг үйлдэх ямар ч боломжгүй бол зах зээлийг МИАТ дангаараа эзэлж, дотоодын хэдхэн зорчигчийг хувийн гурван компани хуваадаг байлаа. Дотоодод нислэг үйлддэг компаниудын амиа зогоох ганц эх үүсвэр нь Оюутолгой компани байсан. “Изинис Эйрвэйз” компани 2011 оны наймдугаар сараас Өмнөговь аймгийн Оюутолгойн нисэх онгоцны буудал руу “Авро Ар-Жэй 85” агаарын хөлгөөр нислэг үйлдэж эхэлсэн түүхтэй. Дараа жил  нь Оюутолгой компаний “Шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч”-ээр тодорч, 2013 онд урт хугацааны хамтын гэрээнд гарын үсэг зурчихсан байсан юм. Гэвч Оюутолгой зогсч “Изинис Эйрвэйз” компаний зорчигчид байхгүй болсон. Одоо Өмнөговь аймагт “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас дутахааргүй “Ханбумбат” нисэх онгоцны буудал эзэнгүй байна. Тус нисэх буудлын хөөрч, буух зурвас 3250 метр урт, 45 метр өргөнтэй. Боинг 737-800 болон ачааны С-130 зэрэг онгоц хүлээн авах чадалтай, нисэх зурвасын аль ч талаас бууж хөөрөх нөхцөлийг бүрдүүлсэн нисэх буудал буух онгоцгүй, зорчих хүнгүй ганц манаачтай л байгаа.

Орон нутгийн тав, зургаахан чиглэлд зорчигчгүй шахам нислэг үйлдэхийн тулд үнэтэй онгоц түрээсэлдэг компаниуд оршин тогтнох боломжгүй нь хэнд ч ойлгомжтой. Тиймээс ч монополь эрхтэй МИАТ-ийн гологдол чиглэлд нисдэг “Изинис Эйрвэйз” дампуурсан бололтой. “Аэро Монголиа” компанийн захирал П.Баатарсүрэн 7 жил хорих ял сонслоо. Одоо “Хүннү Эйр” компани дэн дун байгааг салбарынхан нь ярьж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр тэжээлгэдэг атлаа байнга алдагдалтай ажилласан МИАТ орон нутгийнханд хөл залгуулж чадахгүй гэдгээ 1993-2009 онд харуулчихсан. Тэгэхээр иргэний нисэхийн салбараа авч үлдэх ганц боломж нь МИАТ-ийг даруй хувьчлах гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байна.

Эх сурвалж: “Өдрийн сонин”