Хойд мөсөн далай руу түрхэрэгч Идэрийн гол

“Хангайн нуруунаас эх авсан Идэрийн гол өндөр уулнаас буусан тул урсгал түргэн, эрэг дээр сууж чагнахуйяа бас хөгжим мэт” гэж их зохиолч Д.Нацагдорж нэгэнтээ өгүүлжээ. Эх орны минь нэгэн гайхалтай чимэг болсон Идэрийн гол уртаараа дэлхийд тавдугаар байранд ордог гэнэ. Энэ тухай Америкийн жуулчин Дон Кронер гэгч “Монгол орны хойморь нутгаар” номондоо бичжээ. Корнер Хойд мөсөн далайн ай савд хамгийн түрүүнд цутгаж хүрдэг Енисей мөрнөөс хөөн Ангар, Сэлэнгэ, Байгаль гэж туучуулан явсаар хамгийн цаад талд тулгарах эхийг олох гэж зориглон зүтгэсээр түүний эх нь Идэр гол гэдгийг “алх цохих” мэт тогтоожээ. Утга зохиол судлаач нэг үг, өгүүлбэрийн хойноос эрэл болдог бол газарзүйн шинжээчид ингэж уул, мөрөн, гол дагаж явсаар нээлт хийдэггүй юмаа гэхэд баталгаа нотолгоог бий болгодог байна.