Байгаль дээрх эртний амьтан ургамлын чулуужсан үлдэгдлийг олж, орчин үеийн техник технологийн аргаар боловсруулж, бүс нутаг, тив дэлхийн хэмжээнд харьцуулан судалж, шинжлэх ухаан танин мэдэхүйн учир байдал, ач холбогдлыг тогтоосны дараа музейн үзмэрийн түвшинд хүргэж, сонирхогч олонд толилуулах олон улсын тогтсон арга зам, дараалсан үе шат байдаг байна. Эртний амьтан ургамлын олдвороос бүрдэх үзмэрийг үзэгчдэд илүү сонирхолтой болгохын тулд бүтэн бус олдворыг сэргээн засварлаж, дутууг нь нөхөж, угсран босгож, хэв маягт оруулан үзмэрийн дизайн байрлалыг бүтээж, тэдгээрийн танин мэдэхүйн ач холбогдлыг өргөжүүлж, үзэгч олны сонирхлыг илүү татах арга аргачлал олон улсын музейн ажиллагаанд багагүй хуримтлагдсаар байна.
Музейн үзмэр бэлтгэх орчин үеийн дэвшилтэт арга замын нэгэнд үзмэрийг олон тоогоор хийх, тухайн үзмэрийн танин мэдэхүйн ач холбогдлыг өргөжүүлэх, үзэгч сонирхогч олонд өгөх мэдээ мэдээллийг өсгөн нэмэгдүүлэх, тухайн үзмэрийн үнэ цэнийг өндөрсгөх үүднээс шинжлэх ухаан-уран сайхны технологийн аргыг ашиглах юм. Өөрөөр хэлбэл, Монголын дэлхийд алдартай Батаар-тарбозаврын ганц нэг хэлхээ яснаас 10-12 хэв авч үзмэр бэлтгэн, олон янзаар угсран байрлуулж, гүйж, ноцолдож, дайрч давшилж, сүргээрээ оршиж, зулзагаа дагуулан сургаж байгааг илтгэн харуулж чадвал эдгээр амьтны талаар өнөөгийн шинжлэх ухааны хуримтлуулсан сонирхолтой мэдээллийг үзэгч олонд хүргэх танин мэдэхүйн хүрээн дэх томоохон арга хэмжээ болно.