МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч Г.Баатарнум
Аливаа бүхэн уг үндэстэй байдгийн адил монгол бөхийн гарал үүсэл ч мөн адил түүх өгүүлнэ. Нүүдэлчин монголчуудын амьдралын хэв маяг, ёс заншлыг гадныхан аль хэдийнээс сонирхон судалж байсны нэгэнд монгол бөх хүндтэй байр эзэлдгийг тэртээх он жилүүдэд АНУ-ын “Вашингтон пост” сонинд хэрхэн бичсэнээс жишээлж болно. Дэлхийд нэр хүндтэй тэр сонинд “Монгол эрийн гурван наадам нь 7000 жилийн түүхтэй бөгөөд жин, насны хязгаар гэж байдаггүй” хэмээн бичсэн нь бий. Мөн Хятадын эртний сурвалж бичигт “одоогоос 7000 жилийн тэртээ Хятадын Умард хязгаарын нүүдэлчин монголчууд уул овоо тахиж, наадам хийж байжээ” хэмээн тэмдэглэн үлдээснийг бөх судлаач Ц.Шагдаргочоо өөрийн бичсэн номондоо дурдаад, эрийн гурван наадам манай он тооллын өмнөх 209-93 он хүртэл оршин тогтнож байсан Хүннү улсын үед ихэд хөгжиж өнөөгийн хэв маягийг олсон гэж тодотгожээ. Хожим эзэн Чингис хаан Сартуул улсыг 1219-1225 онд байлдан төвшитгөснийхөө дараа бүх нийтийг хамарсан их наадмыг Эргүнэ мөрний хөндийн “Буга сочигай” гэдэг газарт хийж байжээ. Энэ наадамд чухам хэн гэгч бөх түрүүлсэн нь тэмдэглэгдэн үлдээгүй бөгөөд харин сур харвах тэмцээнд их хааны дүү Хавт Хасарын хүү Есүхэй 335 алд буюу 502.5 метр газраас харван байг онож түрүүлэхэд Чингис хаан машид үнэлж, улмаар “Мэргэн” цол олгож боржин чулуун дээр сийлүүлэн мөнхжүүлж, Хархираагийн хөндийд гэрэлт хөшөө босгосон нь түүхэнд “Чингисийн чулуу” гэж нэрлэгдэн, өдгөө ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитажид хадгалагдан байна. П.Е.Больщев, Б.Жигмиддорж нарын бичсэн “Биеийн тамирын түүх” номонд “Монголын эзэнт улсын анхны том наадам өрнө зүгийн их аян дайнаас буцаж ирсний дараа 1227 онд болсон байж магад” гэж таамагласан байдаг. ОХУ-ын их бичгийн хүн, Төрийн шагналт зохиолч В.Ян “Батхаан” түүхэн романдаа “Батхаан их улсыг гатлаад гурван өдрийн амралт зарлан Урал уулын өвөрт цэрэг эрсийн наадам эхлүүлэв. Урт бүрээнүүд цангинаж, зарлагч бүдүүн дуугаар “Аймшиггүй аварга бөхчүүд ээ, зоригоо үзүүлж, хүчээ шалгацгаа. Гурван давааг давж далаа шороодоогүй бөхөд Батхаан “Баатар цол” хайрлана хэмээн тасралтгүй хашгирч байлаа. Энэхүү шалгарч түрүүлсэн бөх нэн өндөр бөгөөд мөн нэн сүртэй. Нэр нь Торгуд. Тэр сүүлчийн учраагаа дээр өргөн газарт шидэв. Батхаан хоёр бөхийн эрэлхэг зоригтойг магтан сайшааж, хоёуланг өөрийн шадар бие хамгаалагч болгоод хуяг, дуулга, баатарын бүрэн зэвсэг хэрэгслээр шагнав” хэмээн дүрслэн бичсэн байдаг. Халхын түшээт хан Гомбодоржийн хоёрдугаар хүү Занабазарыг таван настай байхад Халхын шарын шашны тэргүүн Богд гэгээнд өргөмжилж, бат оршил өргөх том наадмыг “Цагаан луу” жил буюу 1640 онд одоогийн Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг Хөгнө-Тарнын голын эх, бага Монгол уулын өвөр, “Ширээт цагаан” хэмээх саруул сайхан дэнжид хийжээ. Энэ нь Их монгол Шаравжамц аваргын хүй цөглөсөн нутаг юм. Магсар хурцын Дугаржав “Халхын долоон хошууны даншиг наадам” номондоо “Монголын өндөр Богд Занабазар Өөлд Галданбошигт хааны самуунаас зугтан, халхчуудыг авч Долнуур гэдэг газар 10 орчим жил суусны хойно, газар цагийн байдал тайван болоход “Улаан хулгана” буюу Энх-Амгалангийн 1696 онд Халх нутагтаа эргэн ирэхэд Халхын долоон хошууны ноёд өндөр Богдод насан хутаг бий болох бэлгэдэл ёслолоор Даншиг өргөн Их наадам үйлдэхэд Бонхор Донир ганц морио уяж түрүүлэхэд “Түмний эх” цол олгов” хэмээжээ. Монголын эрийн гурван наадамтай холбоотой бүдэг бадагхан түүх цааш хөврөн, хорьдугаар зуунтай золгосон бөгөөд 1921 оны долдугаар сард Монгол ардын журамт цэрэг Улаан армийн ангиудын хамт Нийслэл хүрээг чөлөөлж, засгийн эрх ард түмний гарт шилжиж, ардын хувьсгал ялсан баярт үйл явдлыг тохиолдуулан Зүүн хойд хязгаарын хэргийг эрхлэн шийтгэх Алтанбулагийн яамны анхны сайд Намсрайн Билэгсайхан болоод бусад хүмүүс “Солдат” овоог тахиж баяр наадам хийхэд 96 бөх барилдаж, Сэлэнгийн Дамдин долоо давж түрүүлэн, мөн нутгийн Бат-Очирын “Эрийн гурван наадам” номд тэмдэглэснээр “Уул тайлгын наадамд дөрөв, тав давсан бөхөд начин, зургаа, долоо, найм давсан бөхөд заан цол тус тус олгож, үүнээс дээш цол олгодоггүй журамтай байжээ. Харин Богдын Даншигт бол 1000 гаруй бөх барилдахад зургаа, долоо давахад начин, найм, ес давахад заан, арав, арван нэг давахад арслан, арван хоёр давж түрүүлсэн бол “аварга” цол олгодог заншил байсан боловч Богдын бөхийг онцгой эрх мэдэлтэй барилдуулж байжээ. Тухайлбал, зөвхөн Богдын бөх л гоц мөргөнө. Богдын шавийн бөхийг амлан авч барилдах ёсгүй, Шавь аймгийн бөхийг бусад аймаг, хошуудын бөх амлан авч барилдах ёсгүй байв. Шавийн бөхийг өргөмжлөн начны даваанд гоц мөргүүлэн начин болгох буюу мөн уул тайлгын наадамд тав, Даншигт долоо давахад заан цол олгох гэх мэтээр бусад бөхчүүдээс илүүтэй өргөмжлөх зэргээр шавь аймгийн сайн бөхийг өргөмжлөн түрүүлүүлэх явдал ч гардаг байжээ. Харин ийм явдал 1912 оны үеэс өөрчлөгдөх эхлэл тавигджээ” гэж бичсэн байдаг. Монголчууд эрт дээр үеэс “Эр хүний 13 мэх” гэж ярьдаг байсан нь угтаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар дархан аварга Х.Баянмөнх өөрийн туурвисан номдоо монгол бөхийн 256 мэхийг задлан тогтоожээ. Монгол үндэсний бөхийн үүсэл гарал нь бидний өдөр тутмын ахуй амьдралтай салшгүй холбоотой байсныг эрдэмтэн мэргэд судлан тогтоосон байдаг. Чухамдаа Монгол үндэсний бөхийн барилдааны хөдөлгөөн, мэх, гараа, шаваа бүгд хүмүүсийн өдөр тутмын амьдрал, хөдөлгөөн хэв маягтай салшгүй холбоотой юм. Улмаар тусгай өмсгөлтэй болж, далбааны өнгийг маргааш өдрийн сайхныг бэлгэдсэн цэнхэр, шуудгийг мандал бадралын улаан өнгөөр хийсэн байна. Эх нутаг, элгэн саднаа гэсэн сэтгэлээр ээтэн монгол гутал өмсөж, халх дөрвөн аймаг шавь таван хошуу нэгэн санаатай байхын бэлгэдэл болгож малгайн оройд нь сампин зангидсан байдаг. Ер нь монголчуудын ёс заншил, үйл бүхэн нь үргэлжид бэлгэдлийн утгыг агуулсан байдаг байна. Монгол бөхийн барилдаантай холбоотой хууч, домог яриа өнөөдрийг хүртэл өртөөлөн ирсний бодитой нэгэн жишээнд Даншиг наадамд олон жил аваргалан түрүүлсэн Сэцэн хааны алдарт Буньяа аваргын төрсөн дүү бүсгүйн тухай домог яриа юм. Ахынхаа нэрээр ирж Даншиг наадамд барилдан түрүүлсэн тэр бүсгүй монгол бөхийн өмсгөлд эрс эргэлт хийхэд хүргэсэн нь далбааны битүү энгэрийг задгайлж өгсөн явдал юм. Энэ тухай Монгол Улсын арслан М.Мөнгөний зохиолоор бүтээсэн “Хэлтгий заяа” уран сайхны кинонд тод томруун тусгагдсан байдаг. Монгол түмний сүр хүч, омог, хийморийг үеийн үед бадраасан монгол бөхчүүдийн маань алдар гавъяа мөнхөд бадран гийж байхын ерөөлийн есөн цагаан цацал өргөмү!