Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Бага хуралдай болон Дээд цэцийн Зөвлөлийн
шийдвэрийн дагуу Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хөвсгөл далайн эрэгт 2014 оны 7
дугаар сарын 3-4-ны өдрүүдэд “Хөвсгөл далайн их тахилга” хийхээр шийдвэрлэсэн.
“Хөвсгөл далайн их тахилга”-ны гол зорилго нь дэлхий нийтийн өмнө тулгамдаад
байгаа хүрээлэн буй орчныг хамгаалах, Хөвсгөл далайг тахиж ирсэн түүхэн
уламжлал, тахилга зан үйлд монгол бөөгийн оролцоог нэмэгдүүлэх, монгол бөөгийн
уламжлалыг ёс жаягаар нь хөгжүүлэх, таниулан
сурталчлах, бөө судлалыг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний бүтээлч сэтгэлгээг
хөгжүүлэхэд оршино.
Тахилга ёслолын хөтөлбөр
1 дэх өдөр буюу 7-р сарын 3.
- “Хөвсгөл далайн их тахилга” ёслолын нээлтийн
арга хэмжээ
- “Хөвсгөл далайн их тахилга” бөө судлалын эрдэм
шинжилгээний бага хурал
- Хатгал тосгоны 70-аас дээш насны
өндөр настнууд хүндэтгэл үзүүлэх
- Хатгал тосгоны түүх, дурсгалын
музей үзэх
- “Хөвсгөл далайн их тахилга” ёслолын
хүндэтгэлийн зоог барих
2 дахь өдөр буюу 7-р сарын 4.
- 05:40 минут “Нарын тахилга” ёслол
- 07:40 минут “Лусын тахилга” ёслол
- 11:40 минут “Хайрханы тахилга”
ёслол
- 19:40 минут “Галын тахилга” ёслол
- “Хөвсгөл далайн их тахилга”-ын
ёслол хүндэтгэлийн хаалтын арга хэмжээ, галын наадам.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99507012,
86542699, 86396396, 98386857 утаснаас тодруулж болно.
Хөвсгөл далайн их тахилгын зан
үйлийн ёслол үйлдэх журам
Иргэн, аж ахуй нэгж, байгууллагын үүрэг
- Тахилгад оролцож байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллага нь Тусгай
хамгаалалттай газар нутгийн хууль тогтоомж, энэ журам болон тухайн Хөвсгөл
далайн тахилгын жаяг ёсыг сайтар судалж, түүнийг хэрэгжүүлэх, сахих үүрэг
хүлээнэ.
- Тахилгад оролцогсдыг нэгтгэн зохион байгуулах, тахилгын үед дэг журмыг
тогтоох, хамгаалалтын горим, дэглэм мөрдүүлэх зорилгын үүднээс тодорхой тооны
галууд нэгдэн отог болж, отгийн ахлагчийг сонгосон байна.
- Отгийн ахлагч тахилгын үед ажиллах журмыг тахилгын ажлын хэсгээс авч,
отгийн гишүүдэд танилцуулж, энэ журмын дагуу үйл ажиллагааг явуулна.
- Отог нь ажлын хэсгээс заасан газарт отоглож, зөвшөөрөгдсөн зогсоолд машинаа
байрлуулан, тахилга дууссны дараа тухайн газраа цэвэрлэж, байгаль хамгаалагчид
хүлээлгэн өгөхөөс гадна хогны уутыг зориулалтын журмаар хэрэглэнэ.
- Тахилгын үеэр ажил, үйлчилгээ явуулах аж ахуйн нэгж, байгууллага, иргэд
ажил үйлчилгээ явуулах хураамжийг орон нутагт төлсний үндсэн дээр үйл
ажиллагааг явуулна.
Хориглох зүйл
- Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол Улсын хууль болон тухайн
газрын хамгаалалтын горим, байгаль хамгаалах бусад хууль тогтоомжийг зөрчсөн
үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
- Ёслолын үеэр амьтны амийг тэвчиж, цус гаргах, архи уух, маргалдаж
сөргөлдөх, цээртэй үг хэлэх, ёс бус авир гаргах болон ёслолын дэг, дарааллыг
зөрчихийг цээрлэнэ. Ил задгай гал түлэх, үнс нурмаа унтраахгүй орхихыг
хориглоно.
- Амьтадын хөдөлгөөн, байршилд саад учруулж үргээх, дүрвээхийг хориглоно.
- Зөвшөөрөлгүйгээр байгалийн дагалт баялаг ашиглах, хөрс, ус болон байгалийн баялгаас
дээж авах, түүх соёлын дурсгалт зүйлсийг гэмтээх, байрнаас нь хөдөлгөхийг
хориглоно.
- Хуурай хог хаягдлыг ил задгай хаяж хөрс, ургамал, агаар бохирдуулах болон
байгаль орчны тэнцвэрт байдалд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйл ажиллагаа явуулахыг
хориглоно.
- Төрийн тахилгад оролцож буй иргэн, сонирхон яваа жуулчдаас журмаар
батлагдсан жишгээс бусад хэлбэрээр татвар, төлбөр хураамж авахыг хориглоно.