Майдар бурханы эхний хэсгийг заллаа

Зуны эхэн сарын шинийн 15 буюу бурхан багшийн их дүйчин өдөр Дашчойлин хийдэд Майдар бурхан хүлээж авах ёслол боллоо. Уг бурхныг Бээжин дэхь “Young He Gong” буюу “Найралт Найрамдал” хийдээс манайд бэлэглэж байгаа юм байна. Шинээр бүтээж буй Майдар 23 метр өндөр ажээ. Чойжин ламын сүм музейд байх Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн дагуу бүтээсэн хувилбарыг томруулан бүтээжээ. Майдар бурханыг залахдаа эхлээд хөлийг нь залсан байна. Бусад хэсгийг аравдугаар сарын 15 гэхэд угсарч дуусгах гэнэ. Хүрээ Майдар бурханыг анх 1834-1837 онд долоон алд буюу 50 тохой өндөртэй бүтээж байжээ. Гэвч 1942-1943 онд устгасан байдаг. Устсан бурханыг эргэн сэргээх ажил 1990 онд Зүүн хүрээ Дашчойлин хийд дахин сэргэхтэй зэрэгцэн эхэлжээ. Улмаар 2010 онд “Young He Gong” хийдтэй гэрээ байгуулж Сычуан мужид бүтээлгэсэн юм байна.