Монгол Улс “ITB Berlin-2015”-д түнш орноор оролцоно.

2014 оны 3-р сарын 5-9-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдсан “ITB Berlin” олон улсын үзэсгэлэн болон “Берлиний олон улсын эдийн засгийн конгресс-2014” хурал зөвөлгөөнд ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл, ССАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. Монгол улс тус арга хэмжээнд 1999 оноос хойш албан ёсоор, төр хувийн хэвшлийн хамтарсан зохион байгуулалтай тогтмол оролцож ирсэн юм. Үүнтэй холбогдуулан Монгол улсын Засгийн газраас 183 тоот тогтоол гаргаж, 2015 онд Монгол улс “ITB Berlin” үзэсгэлэнгийн түнш орноор оролцох 2 талын гэрээнд гарын үсэг зурсан юм.

Монгол улс тус үзэсгэлэнд “түнш орон” болж оролцсоноор Монгол улсын аялал жуулчлалын салбарыг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өргөн хүрээнд сурталчлах боломжтой бөгөөд зар сурталчилгааны үргэлжлэх хугацаа, давтамж, хүртээмж, чанарын хувьд өндөр түвшинд үр ашигтай сурталчлагдах давуу талтай. Мөн “ITB Berlin” үзэсгэлэнд “түнш орон” болж оролцсоноор тухайн оронд ирэх жуулчдын тоо 20-30% нэмэгддэг гэсэн судалгаа бий. Тийм учраас Монгол улсад ирэх жуулчны тоо нэмэгдэж, энэ хэмжээгээр аялал жуулчлалын салбараас Монгол улсын эдийн засагт оруулах хувь нэмэр өсөж, эдийн засгийн бүхий л салбарт эерэг нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байна.

Энэхүү үзэсгэлэнд жил бүр дэлхийн 120 гаруй орны аялал жуулчлалын салбарын шийдвэр гаргагчид, аялал жуулчлалын зуун мянга гаруй худалдан авагчид оролцдог гэсэн тоо бий. Энэ нь зөвхөн салбарын хүрээнд бус, улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт ач холбогдолтой юм.

 “ITB Berlin-2015”-д түнш орноор оролцох ач холбогдол нь зөвхөн ирэх жил нэмэгдэх жуулчны тоогоор хязгаарлагдахгүй бөгөөд Монгол улсын гадаад сурталчилгааны брэнд, дүр төрхийг бүрдүүлэх, улмаар олон улсад таниулах, аялал жуулчлал, соёл урлаг, зам тээвэр, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг бүхий л салбаруудын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх ач холбогдолтой юм.

Эх сурвалж: www.mcst.gov.mn