Хөтөлбөрт хамрагдах оюутнуудын хэлний мэдлэгийг нь үндэслэн сонгон шалгаруулж, жуулчидтай хэрхэн зөв харьцах, тэдэнд асуудал тулгарвал яаж хуулийн дагуу шийдэх тухай ойлголт өгч, англи хэл, сэтгэл судлал, бие хамгаалах урлаг гэсэн хичээлүүдийг мэргэжлийн багш нар заасан ба хөтөлбөрийн эхний ээлжинд 44 оюутан хамрагджээ.
Оюутан цагдаа нарт ажил үүрэг гүйцэтгэсэн цагаар нь тооцон ажлын хөлсийг олгоно. Тодруулбал, оюутан цагдааг өдөрт 4 цагаас доошгүй, сард 88 цаг ажиллуулахаар төлөвлөж, цагийн хөлсийг 3500 төгрөгөөр тооцон олгох болсон байна. Ингэснээр нэг ажилтан сард доод тал нь 308 000 төгрөг, жуулчны улирал буюу 7, 8, 9 сар дуустал ажилласанаар 924 000 төгрөгийн урамшуулал авах юм байна. Оюутан цагдаа нь үндэсний их баяр наадам болон жуулчдын улирал дуустал ажиллана.
Ийнхүү “Оюутан цагдаа”-г ажиллуулах нь Монгол оронд аялан ирэх аялагчдын итгэлийг даах, аялал жуулчлалын салбарын өсөлт хөгжилтийг хадгалж үлдэх, мөн жуулчдын зорьсон газар дахь аливаа эрсдлийн нөлөөг багасгахад туслах ач холбогдолтой юм. Жуулчинд аливаа бэрхшээл учирсан тохиолдолд яаралтай эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, боломжтой эмнэлгийн байршил холбогдох хаягийн мэдээлэл, түргэн тусламж авах тухай, валютын ханш, хуурамч мөнгөн тэмдэгтээс сэрэмжлүүлсэн мэдээлэл, анхаарал болгоомжтой аялах газрууд, аялж болохгүй газрууд, ачаа тээшээ хадгалуулах газар, аяллын бичиг баримтын хуулбарыг авч явахын ач холбогдол, онгоцны буудал ба төмөр замын өртөөний амрах цэг ба түр хүлээлгийн цэгүүд, Монголд байрлаж буй Элчин сайдын яамдын байршил, Онцгой байдлын ерөнхий газрын байршил, аливаа гамшгийн үеийн хүнсний аюулгүй байдлын тухай гэх мэт мэдээллийг хурдан шуурхай хүргэж чаддаг байх нь чухал юм. Мөн аялагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс томоохон зочид буудал, ресторан, дэлгүүр, музей үзвэрийн газруудад байнга эргэлдэж байдаг халаасны хулгайч нарт эд зүйл, мөнгө төгрөг, бичиг баримтаа алдахаас сэрэмжлүүлэн давхар хянаж байх, гудамжны гэгдэх архичин, хог түүдэг хүмүүст санамсаргүй цохиулж зодуулах, баталгаагүй таксины жолоочид хэд дахин илүү төлбөр хийх, тэдэнд ачаа бараагаа алдах зэрэг эрсдэлээс хамгаалах гэх мэтээр Оюутан цагдаа нар эх орондоо ирсэн гадаад аялагчдын тав тухтай байдлыг хангахад нэлээд үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Дашрамд дурдахад, Аргентин, Бүгд Найрамдах Доминикан Улс, Египет, Грек, Малайз дахь тусгай аялал жуулчлалын цагдаагийн ажиллах хүчин нь хэд хэдэн орны хэл дээр туслалцаа үзүүлэхээр бэлтгэгдсэн байдаг байна.