Үлэг гүрвэлийн төв музейн байранд 2014 оны 7-р сарын 8-нд “Т-Батаар ба сор үзмэрүүд” сэдэвт үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд дэлхий дахинд “Монгол баатар” хэмээн алдаршсан “Тарбозавр батаар” болон зөвхөн Монголоос олдсон, дэлхийн палеонтологийн салбарт чухал байр суурь эзэлдэг сор болсон бусад үзмэрүүд тавигджээ. Тухайлбал, 15 зулзаган протокератопсын чулуужсан бөөгнөрөл, Овираптор хэмээх шүдгүй мөртөө махан идэшт үлэг гүрвэл (нэрний утга нь “өндөг хулгайлагч”), Сайхания (нэрний утга нь “сайхан”) зэрэг сонирхолтой үзмэрүүдийг дэлгэн үзүүлжээ. Мөн үлэг гүрвэлүүдийн нэгэн биеийн амьдралын түүхийг дэлгэн харуулсан байдлаар музейг дэглэжээ. Энд тухайн зүйлийн үлэг гүрвэлийг өндөгнөөсөө эхлүүлээд бие гүйцсэн байхдаа ямар хэмжээ хэлбэртэй байсныг таньж мэдэхийн зэрэгцээ Монгол орон нь эртний амьтан, ургамлын арвин их өв сантай болохыг ойлгон мэдэх болно. Музей нь тогтмол үйл ажиллагаа явуулахаас гадна хүүхэд залууст зориулсан боловсрол сургалтын төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулна. Эдгээр боловсролын хөтөлбөрүүд нь палеонтологийн шинжлэх ухаан болоод байгаль экологийн мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой юм байна. Тус музей нь Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутагт байх Тусгаар тогтнолын талбай буюу хуучнаар В.И.Лениний музейн байранд нээгдээд байна. Музейтэй холбоотой бусад мэдээллийг 99124589, 88118075 утаснуудаас лавлах боломжтой.