Түүнчлэн энэ сарын 12-ны өдөр буюу маргааш төрөлх нутаг болох Баянхонгор аймагтаа морилж нийт сүсэгтэн олондоо зориулан ном айлдах бөгөөд лам хуваргууд “Номгон” хайрханыг тахиж, буян хишгийн даллага авах юм байна. Тус арга хэмжээ зуны эхэн сарын шинийн арван таван Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зургадугаар сарын 13-ны 10.00 цагт Түйн голд болох аж.
Дашрамд дуулгахад, Ламын гэгээний түмэн өлзий гийсний түүхт 375 жилийн ой, Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд бат оршил өргөх ёслол, “Говийн бүсийн Их хурд-2014” хурдан морины уралдаан, даншиг наадам Баянхонгор сумд долоодугаар сарын 22-26-ны өдрүүдэд болох юм байна. Сонирхуулахад, Ламын гэгээний мэлмий гийсний 370 жилийн ой тохиосон жил буюу 2009 онд Ламын гэгээн VIII дүрээр Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат Болдын ганц хүү Эрдэнэбат тодорсон байна. Тэрбээр тус аймгийн Баянбулаг сумын Сангийн далай хэмээх газар мэндэлсэн бөгөөд Гэгээнтнээр тодрох жилдээ Б.Эрдэнэбат хүү 14 настай, “Номгон” ахлах сургуулийн сурагч байжээ.