Монгол угсаатны дотроос буриад зон олон “Алтаргана” наадмыг
зохион байгуулсаар 20 жил болж байгаа ажээ. Хоёр жилд нэг удаа зохион
байгуулагддаг наадам нь Олон улсын хэмжээний томоохон наадмын нэг болон
өргөжсөн бөгөөд тэртээ 1994 оны зун Хэнтий аймгийн Дадал суманд буриадын ардын
дууны наадам болж анх зохион байгуулагдаж байжээ.
Энэ жил “Алтаргана-2014” наадмыг анх эхэлсэн тэр л тоонто, эзэн Чингисийн өлгий
нутагт Хэнтий аймгийн Дадал сумын төвд хийхээр тогтжээ. Бүсийн наадам,
сумдын ой зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан, давхардахгүй байх, олон нийтийн
оролцоог тэгш хангах үүднээс хугацааг 2014 оны 7-р сарын 18-21-ны өдрүүдэд
хийхээр болж, 7 хоногоор нааш нь татсан байна. Энэ удаагийн наадам нь уламжлалт
номинациудаараа зохион байгуулагдах боловч зарим нэгэнд нь өөрчлөлт орсон
байна. Удахгүй наадмын заавар, удирдамжийг баталж, олон нийтэд зарлах юм байна.
“Алтаргана-2014” наадам нь хоёр үе шаттайгаар зохион байгуулагдах ба эхний
шатыг орон нутаг, улс орон бүр 5-р сарын 30-ны дотор зохион байгуулж, дараагийн
шатанд оролцох хүмүүсийнхээ нэр, оролцох багийг Наадмыг зохион байгуулах
үндэсний хороонд урьдчилан ирлүүлсэн байх ажээ.