“Үндэсний бичиг үсгийн баяр"-ыг тэмдэглэв

Энэ амралтын өдөр Чингис хааны нэрэмжит төв талбайд “Үндэсний бичиг үсгийн баяр” боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн ням гарагийг бичиг үсгийн баяр болгон тэмдэглэж ирсэн билээ.

11 дэх жилдээ тэмдэглэж буй уг баярын хүрээнд “Монгол бичиг үсгийн дурсгал үзэсгэлэн”, МУБИС-ийн оюутнуудын уран бүтээлийн үзэсгэлэн, уран бичлэгийн уралдаан, “Монгол бичгийн хэрэглээг өргөжүүлье” хэлэлцүүлэг, “Монгол бичгийн тэргүүний уншигч шалгаруулах уралдаан”, уран бичлэгийн үзүүлэх тоглолт, “Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит монгол бичгийн улсын уралдаан” зэрэг үйл ажиллагаа зохион байгуулсан юм.

“Үндэсний бичиг соёлын баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл оролцсон бөгөөд “Монгол бичиг дэлхийд данслагдаж, ЮНЕСКО-ИЙН өвд бүртгэгдсэн энэ онд бид Үндэсний бичиг үсгийн баяраа анх удаагаа Их эзэн хааныхаа нэрэмжит талбайд тэмдэглэж байгааг цохон дурдсан юм. Жил ирэх тусам бидний үйл ажиллагаа өргөжиж, монголчууд маань үндэсний бичгээ сурдаг, түгээн дэлгэрүүлдэг болж байгаа нь сайшаалтай. Энэ жилийн турш ёс заншил, өв соёлоо судлах, сурталчилах, үндэсний бичгээрээ бүх нийтээр уншиж, бичиж сурах хөдөлгөөнийг өрнүүлж, үр хойчдоо өвлүүлэн эзэмшүүлэхийг уриалж байна. Бүгдээрээ үндэсний бичгээ сурч, хос бичигтэн ард түмэн болохоор нэгдэцгээе” хэмээн хэлсэн юм.

Энэ удаагийн Үндэсний бичиг соёлын баярын ерөнхий зохион байгуулагчаар ССАЖЯ, Төрийн хэлний зөвлөл, Үндэсний номын сан, хамтран зохион байгуулагчаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, МУИС, МУБИС зэрэг төрийн болон төрийн бус байгууллага ажиллалаа.