Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Найрсаг
Улаанбаатар” хөтөлбөрийн талаар сэтгүүлчидтэй зангиагүй уулзлаа. 2014-2020 он
хүртэл хэрэгжих энэхүү хөтөлбөр нь Улаанбаатар хотыг аялал жуулчлалын гол бүс
болгон хөгжүүлэх үндсэн зорилготой байна. Энэ хүрээнд соёл урлаг, үзвэр
үйлчилгээний газруудын менежментийг сайжруулах, үндэсний их баяр наадмыг 7-14
хоног үргэлжилдэг мега эвент болгон өргөжүүлж монгол туургатны соёл, спортын
наадам гэсэн агуулга хэлбэрээр зохион байгуулдаг болгохоор төлөвлөжээ. Мөн дэлхийн
хэмжээний урлаг, спортын тоглолт, наадмуудыг жилийн турш зохион байгуулах,
Гандангийн дэнжийг жуулчдын дүүрэг болгож, усан парк, амьтны хүрээлэн, “Их
майдар”, “Зайсан” цогцолбор “Түмэн хишигтэн” цогцолборыг шинээр байгуулах юм
байна. Харин архитектурын өвөрмөц шийдэлтэй, дурсгалт газруудыг сэргээн
засварлах, хотын түүхтэй холбогдох онцлог газруудыг тэмдэгжүүлэх, амралт, аялал
жуулчлалын цогцолборуудыг барьж байгуулах юм байна. Мөн нийслэлийн Налайх
дүүрэгт “аялал жуулчлалын жишиг суурин” байгуулахаар төлөвлөжээ. Жуулчдыг татахад
нөлөөлдөг зүйл бол үйлчилгээний ажилтнуудын зан харилцаа байдаг. Тиймээс “Инээмсэглэх
Монгол-Найрсаг Улаанбаатар” аяныг зохион байгуулж, үүндээ нийслэлийн иргэд,
нийтийн болон төрийн үйлчилгээний ажилтнуудыг хамруулах юм байна. 2030 он гэхэд
нийслэл хот таван сая жуулчин хүлээн авах томоохон зорилт тавьжээ. Энэ талаар
Э.Бат-Үүл “Өнөөдрийн байдлаар таван сая жуулчин ирвэл даахгүй шүү дээ. Метро,
тусгай зориулалтын зам, байшин барилгаа бариад 2030 онд авна гээд байгаа юм. Бүх
дэд бүтцээ шийдвэрлэнэ. Мөн жуулчдыг татахын тулд чөлөөт худалдааны бүс
байгуулна. Дэлхийн брэндүүдийг татваргүй худалдаалах бүс гэсэн үг. Аялал жуулчлалын
салбарыг манай улсад хөгжүүлэхэд хамгийн том хүндрэл нь жуулчдын аюулгүй байдал, иргэдийн найрсаг хандлага юм. 2013
онд жуулчдын эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг 4,3 хувиар өссөн. Эдгээр гэмт хэрэг
зөрчлийн 80 орчим хувь нь нийслэл хотод гарсан. Ялангуяа халаасны хулгай, хүний
биед санаатай гэмтэл учруулах, танхайрах хэргүүд зонхилж байна. Дэлхийн эдийн
засгийн байгууллагаас улс орнуудын аялал жуулчлалын өрсөлдөх чадвар гэсэн
судалгааг жил болгон шинэчилж гаргадаг. 2013 онд Монгол Улс гадаадын иргэдэд
хамгийн таагүй ханддаг 10 орны нэгээр нэрлэгдсэн. Дээр нь жуулчдын хөтөч номонд
Улаанбаатар хотын жуулчдын аюулгүй байдлыг хангах хэд хэдэн ноцтой асуудлыг
хөндсөн байна. Улаанбаатар хотод цагдаагаас тусламж хүссэний хэрэггүй. Халаасны
хулгайчаар дүүрэн хот. Согтуу жолоочоос болгоомжилж, аль болох Улаанбаатар
хотод олон хонохгүйгээр хөдөөг зориорой гэж сануулсан байдаг. Мөн интернэтэд
хас тэмдэгтэй монгол залуучууд авто засварын газар ажиллаж байгаа вьетнам
залуучуудыг зодож дээрэлхэж байгаа бичлэг тавьсан байна. Ямар ч гэм хийгээгүй
хүмүүсийг дээрэлхэж зодож байгаа ийм бичлэгийг хараад Монгол Улсын талаар
дэлхий нийт сайнаар бодохгүй нь мэдээж. Хамгийн гол нь энэ балмад явдлаас
болоод өнгөрсөн жил жуулчдын тоо 15 хувиар буурсан. Нэг жуулчин хоногт 198
ам.доллар зарцуулдаг гэж бодоход ямар хэмжээний хохирол амссан байж таарах уу.
Энэ хохирлыг хас тэмдэгтэй залуучууд хариуцахгүй шүү дээ. Энэ тухайд хаа хаанаа
бодох хэрэгтэй байна” гэв.