Морин хуурын олон улсын наадам ирэх долоо хоногт болно

“Морин хуурын олон улсын IV наадам-уралдаан-2014” энэ сарын 26-ны өдрөөс ирэх тавдугаар сарын нэгнийг хүртэл Улаанбаатар хотноо болно.

Монгол улсын Ерөнхийлөгчийн “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй уг наадамд манай морин хуурчдаас гадна Япон, ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Герман, Франц орны 100 гаруй морин хуур суралцагч, сонирхогч, урлаач, эрдэмтэн судлаачид оролцох санал хүсэлтээ ирүүлээд байгаа аж.

Энэхүү наадмыг Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам, Дэлхийн Морин хуурын холбоо, Монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сан зэрэг байгууллага хамтран зохион байгуулж буй юм. Тэд “Морин хуурын олон улсын IV наадам - уралдаан 2014” нь монголчууд бидний оюун соёлын үнэт өв морин хуурыг түмэн олон, тив дэлхийд түгээн хүртээх үйлсэд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн.