Монгол Улс агаарын ачаа тээврийн компанитай боллоо

Агаарын ачаа тээврийн анхны компани Монголд үүдээ нээхээр болоод байна. Энэхүү компани нь “АIRCARGO MONGOLIA” нэртэй ажээ. Холбогдох албаныхны өгсөн мэдээллээр тус компани ачаа тээврийн “Airbus A 300-600 маягийн агаарын хөлгөөр ачаа тээврийн нислэгийг хийх гэнэ. Ингэхдээ Зам тээврийн яамнаас олгосон томилгооны дагуу нислэг үйлдэхээр болоод байна. Зам тээврийн яамнаас гаргасан тухайн томилгоо нь үндэсний тээвэрлэгч бусад компаниудтай давхардахгүй гэж албаны хүмүүс хэлсэн. Агаарын тээврийн “АIRCARGO MONGOLIA” компани нь тогтмол болон захиалгат нислэг хийхээр төлөвлөжээ. Энэ дагуу ОХУ-ын Новосибирьск, Иркутск, ХБНГУ-ын Бонн хот, БНХАУ-ын Тяньжин, Шанхай, Өрөмч хотуудад тогтмол нислэгийг цагийн хуваарийн дагуу үйлдэх юм. Харин Ази, Европын хотуудад энэ сарын 25-наас захиалгат нислэгийг хийж эхлэх нь. Дээр дурдсан “Airbus A300-600” агаарын хөлөг нь биетэй, 300-400 м3 багтаамжтай. Мөн буулгүйгээр 7540 км (4070 nm) замыг туулж, нэг дор 45-50 тонн ачааг тээвэрлэх хүчин чадалтай агаарын хөлөг юм байна. Тодруулахад, Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Зам тээврийн яамнаас Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн онцлог, байршлын давуу тал, зах зээлийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээнд тулгуурлан агаарын ачаа тээврийг бүх талаар дэмжих бодлого баримталж буй билээ. Энэхүү бодлогын хүрээнд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас “АIRCARGO MONGOLIA” компанид дэмжлэг үзүүлснээр ийнхүү Монгол Улс агаарын ачаа тээврийн компанитай болж буй ажээ. Өргөн уудам нутаг дэвсгэртэй, далайд гарцгүй манай орны хувьд агаарын ачаа тээврийн салбар нь олон улсад өрсөлдөх чадвартай болж буйн жишээ гэж холбогдох албаныхан тайлбарлалаа. Гол нь гуравдагч ертөнцтэй шууд холбогдох нөхцөл боломжийн эхлэл гэж холбогдох мэргэжилтнүүд үзэж буй юм.