Монголын түүх, соёлын тухай номыг хэвлэжээ

Турк Улсад суугаа Элчин сайдын яамнаас эрхлэн “Монголын Ил хаант улсын түүх, соёлтой холбоотой Турк дахь зарим газар, дурсгалт зүйл” номыг хэвлүүлжээ. Уг номонд Туркийн Сивас, Амасиа хотуудад Монголын Ил хаант улсын төрийн зүтгэлтнүүд болон хатдын зарлиг, хөрөнгөөр 13-14 дүгээр зуунд бариулсан эмнэлэг, шашны сургууль, сүм хийдийн тухай болон монгол, туркийн цэргийн хооронд 1243 онд болсон тулалдааны талаар бичиж, зураг сэлтийг үзүүлсэн байна.

Чингис хааны алтан ургийн үргэлжлэл, Хүлэгэ ханы ач хүү Жумудар ноён болон одоогийн Туркийн нутаг дэвсгэр Анатолийг олон жил захирч явсан монгол ноён Ишбуга нарын занданшуулсан шарил Амасиа хотын музейд хадгалагдаж байгааг уг номонд гэрэл зургаар харуулж, үүх түүхийг нь өгүүлсэн нь онц сонирхолтой болсон байна. Мөн Монголын Ил хаант улсын шадар сайд Рашид-Аддины бичсэн “Судрын чуулган” алдарт бүтээлийн агуулга болон уг номыг тус ЭСЯ-наас эрхлэн хэвлүүлсэн тухай өгүүлжээ. Номонд түүхэн үйл явдал болсон газар орон, дурсгалт зүйлсийн 90 гаруй гэрэл зураг оржээ. Уг номыг Анкарагийн их сургуулийн докторант Д.Анхбаяр, доктор, дэд профессор Б.Батхишиг нар бичиж, Г.Энхбаяр, Д.Нямдаваа нар гэрэл зургийг авсан байна.