Шүлхий

Шүлхий нь богино хугацаанд мал, амьтанд халдварлаж, аймаг, сум, улс, тив дэлхийд дамжин тархах аюултай. Эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг, олон улсын хорио цээрт, гоц халдварт өвчин юм. Гол төлөв тэжээвэр болон зэрлэг амьтад өвчилдөг. Өвчний нууц үе нь 1-14 хоног бөгөөд вирус нь долоон төрөл байдаг аж.Манай оронд 1938-1946, 1963-1974, 2000-2002, 2004-2005 онд тус тус гарч байжээ.  

Халдвар хэрхэн дамждаг вэ? Өвчний халдварыг тараах үндсэн эх үүсвэр нь өвчтэй, өвчилж хорогдсон мал, амьтан, тэдгээрээс ялгарсан шүлс, сүү, ялгадас. Мөн хашаа, саравч, бууц, ус, бэлчээр, сааль сүүний сав суулга, хөдөлмөрийн багаж, тээврийн хэрэгсэл зэрэг нь вирус дамжуулагч болдог байна. Дэлхий дахинд 1870-1993 оны хооронд гарсан шүлхий өвчний 880 тохиолдлын эх үүсвэрийг судалсан судалгааны дүнгээс харахад 66 хувь нь махан бүтээгдэхүүн, 22 хувь нь агаар дуслаар, 6 хувь нь импортлогдсон малаар, 4 хувь нь бохирдмон эд зүйлээр, 3 хувь нь вакцинаар дамжин халдвар тархаж байжээ. Өвчний шинж тэмдэг нь мал амьтанд бүдгэрсэн хэр нь вирус тээгч, тараагч байсаар байдаг. Тухайлбал үхэр, гахайнд 2-3 жил, бог малд жил орчим хадгалагддаг байна.

Шүлхий өвчний вирус боом шиг хөрсөнд олон жил хадгалагддаггүй тул шатаагаад булдаг. Нэгэнт өвчилсөн мал эдгэнэ гэж байхгүй. Эдгэлээ ч вирус тээж байдаг. Хил дамжин халдварладаг гоц халдварт өвчин. Энэ жил Хятад, Япон, Солонгост шүлхий өвчин их гарсан. Вирус нь манайд гараад буй шүлхийтэй төстэй болох нь ажиглагдсан. Өвчний дамжуулагч нь зээр байж магадгүй гэсэн урьдчилсэн дүгнэлт гараад байгаа ажээ.