Монголын аялал жуучлалын үзэсгэлэн Германд гарна

Холбооны бүгд найрамдах Герман улсын Эйрфурт хотын Мессе Эйрфурт худалдааны төвийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах “Морин аялал-ан агнуур-загасчлах” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсыг сурталчлахаар болжээ. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн нэгдсэн арга хэмжээний хүрээнд ирэх сарын 21-23-нд болох дээрх үзэсгэлэнгийн үеэр манай улсын тусгай сонирхолын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, аяллын төрөл хэлбэр, онцлогыг үзүүлэх үүднээс үндэсний аялал жуулчлалын компаниудыг нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцуулах юм байна.

“Морин аялал-ан агнуур-загасчлах” үзэсгэлэн нь тус улсад томоохон арга хэмжээний нэгд тооцогддог бөгөөд шинэ Герман улс байгуулагдснаас хойш тогтмол зохион байгуулагдсаар иржээ. Нийтдээ 21600м2 гадаа талбайд болон үзэсгэлэнгийн 3 танхимд зохиогддог тус үзэсгэлэнг сонирхохоор ХБНГУ болон Баруун, Зүүн европийн өнцөг бүрээс 25 мянган зочид төлөөлөгч, худалдан авагч хүрэлцэн ирж үздэг  байна.

Энэ үеэр Монголын Аялал жуулчлалын үндэсний төвөөс үзэсгэлэнгийн талбайд монгол морин циркийн үзүүлбэр шоу, урлагийн тоглолтуудыг үзүүлэхээр төлөвлөжээ. Мөн оролцогч компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг Германы зах зээлд сурталчлан борлуулахаас гадна, морин аялал, загас, ангийн аяллын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч компаниудтай гэрээ хэлэлцээр хийж, бизнесээ өргөжүүлэх бүрэн боломжтой аж.