"Азийн фестиваль, үзэсгэлэн яармаг-2014"-д оролцов

Бельгийн Вант Улсын Белазия байгуулагаас Европын Ази судлалын хүрээлэнтэй хамтран энэ сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулсан "Азийн фестиваль, үзэсгэлэн яармаг-2014" арга хэмжээнд Монгол Улсаас тус улсад суугаа ЭСЯ оролцож эх орноо сурталчилжээ.

1992 онд байгууллагдсан ашгийн бус Белазия байгууллага нь Азийн улс орнууд, ард түмэнтэй найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлж нийгэм, эдийн засаг, соёл урлагийн харилцааг хөгжүүлэх зорилготой бөгөөд энэ жил 21 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээнд Бангладеш, Лаос, Монгол, Непал, Шри Ланка, Филиппины ЭСЯ-дууд, Хятад, Индонез, Тайландын авиа компаниудын төлөөлөл, Азийн улс орнуудтай хамтран ажилладаг Бенелюксийн орнуудын аялал жуулчлалын болон ТББ-ууд оролцож Азийн орнуудын үндэсний гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарган соёл урлагийн тоглолтуудыг сонирхуулж, аялал жуулчлалын сурталчилгаа хийхийн зэрэгцээ ази хоолоор үйлчилсэн байна.

Энэ үеэр Элчин сайд Х.Даваадорж улс орныхоо улс төр, эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын хуулийн талаар мэдээлж, Өргөмжит консул Пол ван Вүүв Монгол орны үзэсгэлэнт байгаль, ургамал, ан амьтан, ард түмний ахуй амьдрал, уламжлал, зан заншил, соёл урлаг, аялал жуулчлал, эдийн засгийн хөгжлийг харуулсан зургуудаар дамжуулан тайлбар яриа хийж, фото зургийн үзэсгэлэн гарган Монгол Улсыг сурталчилсан байна.