Аялал жуулчлалын салбарт Японы туршлагыг нэвтрүүлнэ

ГХ-ны сайд Л.Болд энэ сарын 10-нд Саппоро хотноо зохиогдсон "Монгол, Хоккайдогийн хамтын ажиллагааны семинар"-т оролцож үг хэлэв. Тэрбээр Байгаль, цаг уурын хувьд төстэй Монгол, Хоккайдогийн хооронд газар тариалан, мал аж ахуй, барилга, хот байгуулалт, аялал жуулчлал, ЖДҮ, соёлын салбарт өргөн хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж байгааг тэмдэглэлээ. Семинарыг Япон дахь Монгол Улсын ЭСЯ, Хоккайдо мужийн захиргаа, Хоккайдогийн Олон улсын хамтын ажиллагааны төвөөс  хамтран зохион байгуулсан байна. Энэ семинарыг зохион байгуулахад Япон улсын ГХЯ албан ёсны дэмжлэг үзүүлжээ. Семинарт Хоккайдогийн олон нийтийн байгууллага, бизнесийн хүрээний 180 гаруй төлөөлөгч оролцсон юм. Семинарт оролцсон Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд С.Кихара сайд Л.Болдод бараалхаж өнгөрөгч онд хоёр улсын Ерөнхий сайд нарын байгуулсан "Стратегийн түншлэлийг хэрэгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхэд, түүнд дурдагдсан Монгол, Хоккайдогийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Мөн Япон Улсын Засгийн газар Монгол Улсад Инженерийн дээд боловсролыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд зориулж 7.5 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэснийг мэдэгдэж, Монгол, Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулахын төлөө эрчимтэй ажиллахаа илэрхийлсэн байна. Хоёр тал НҮБ-ын зарим олон улсын байгууллагын сонгуульд бие биедээ дэмжлэг үзүүлж ажиллахаа нотолжээ. Мөн өдөр Хоккайдо мужийн захирагч Х.Такахаши Гадаад харилцааны сайд Л.Болдод зоог барьжээ.  Хатагтай Х.Такахаши Монгол, Хоккайдогийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлж, мужийн захиргаандаа Монгол Улстай хөгжүүлэх хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулснаа мэдэгдсэн байна. Сайд Л.Болд Саппоро хотын цасны баярыг үзэж сонирхон, уг баярт ирэх жилээс манай улсаас төлөөлөгчид оролцуулж, Хоккайдо мужийн аялал жуулчлалын туршлагаас Монголд нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мужийн захирагч Х.Такахаши эл саналыг талархан хүлээн авч, хамтран ажиллахаар тохиролцсон байна. Түүнчлэн ГХ-ны сайд Л.Болд Япон улсын Либерал Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга асан, Зүүн Азийн "ТОА" судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Цүтомү Такэбэгийн хувийн зочноор Хоккайдо мужийн Абашири, Китами хотуудад зочилсон байна. Китами хотноо Монгол, Японы Гадаад хэргийн сайд нарын ивээл дор "Монгол, Японы урлагийн хамтарсан концерт" тоглож, 600 гаруй хүн үзэж сонирхжээ.