Монгол-Австрийн залуучуудын холбооны урилгаар дэлхийд алдартай Германы реппер дуучин, ая зохиогч, продюссер Нана буюу Darkman Монголд ирж тоглохоор болжээ. Тэрбээр ирэх сарын 1-нд “Remember the time” тоглолтоо UB паласын концертын их танхимд тоглох аж. Энэ талаар тоглолтыг зохион байгуулж буй Монгол-Австрийн залуучуудын холбооноос өчигдөр хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өгсөн юм. Энэ удаагийн арга хэмжээ нь зөвхөн дэлхийд алдартай дуучныг Монголд авчирч дуулуулаад зогсохгүй, хүмүүнлэгийн үйлс явуулж буйгаараа онцлог хэмээлээ. Дуучин Нана уг тоглолтоороо нэн ховордоод байгаа мазаалай баавгайг олон улсад сурталчлан таниулах, анхаарал хандуулах үйлсэд гар бие оролцох гэнэ. Мөн тоглолтынхоо орлогын тодорхой хувийг мазаалай хамгаалах үйлсэд хандивлах юм байна. Дэлхийн хэмжээний одоор дамжуулан зөвхөн Монголд байдаг, хорь гаруйхан тоо толгой үлдээд буй энэ амьтныг олон улсын анхааралд оруулснаар аварч үлдэхэд бага ч болов хувь нэмэр оруулах зорилготой гэж зохион байгуулагчид нь онцолж байв. Нана энэ сарын 28-ны өдөр Монголд газардах бөгөөд түүнийг угтаж фэнүүдэд нь зориулсан “Welcome” парти ч зохион байгуулах аж. Тоглолтын тасалбар өчигдрөөс худалдаанд гарч эхэлсэн бөгөөд байрлалаасаа хамаараад 40-120 мянган төгрөгийн үнэтэй юм байна.