БОНХЯ 2013 онд төр болон ТББ, эрдэмтэн судлаачид, иргэд, хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран Мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр дэвшүүлсэн 6 зорилтын хүрээнд 35 арга хэмжээг нийт 668.140.00 төгрөгний төсөвтэйгээр хийхээр төлөвлөжээ. Мазаалай баавгайг хамгаалах 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 88 хувийг бүрэн хэрэгжүүлсэн, 5.8 хувь нь хэрэгжилтийн эхний шатанд, 5.7 хувь нь огт хэрэгжээгүй байна. Нийт 499.539.200 төгрөг зарцуулснаас 61.2 хувийг “Байгаль хамгаалах сан”-аас, 14.3 хувийг БОНХЯ-ны төвлөрсөн арга хэмжээнээс, 16.51 хувийг ТББ-аас, 8 хувийг төслөөс санхүүжүүлэв.
Мазаалай баавгайн усан хангамжийг нэмэгдүүлэв
2013 онд Мазаалай баавгайд зориулж 4 уст цэгийг шинээр хийв. Говийн Их дархан цаазат газарт Мазаалай баавгайд зориулж гадаргын усны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Шар хулс, Хөшөөтөд 2 булаг шандыг сэргээн тохижуулж, хөв байгуулав. Эдгээр ажлыг 23.450.000 төгрөгийн төсвөөр “Дунар-Од” ХХК гүйцэтгэжээ.
Нар, салхины эрчим хүчээр ажилладаг автомат ажиллагаатай 2 гүний худгийг Мянган тоорой, Баруун шаргатад гаргав. Эдгээр худгийн усны ундарга 25-200 л/цаг байна. 98 сая төгрөгний төсөвтэй эдгээр худгийг “Номин Холдинг” ХХК барьжээ.
Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх генераторыг 9 дүгээр сарын 18-ны өдөр ажиллуулснаар агаар дахь усан дуслын хэмжээ томорч, тунадасны эрчимшил нэмэгдэж уулархаг газраараа цас орж, Эхийн гол орчимд 5 мм тунадас оржээ. “Хурын Шим” төв хур тунадас нэмэгдүүлэх газрын 3 генератор, 150 ширхэг түлш худалдан авах, суурилуулахад 61.500.000 төгрөг зарцуулсан байна. 2014 оны хавар, зуны улиралд газрын генераторыг ажиллуулж Мазаалай баавгайн идэх дуртай Бажууна ургамлын ургах нөхцлийг сайжруулна гэсэн зорилт тавьж байна.
ТББ, иргэд, ААН-ын оролцоотойгоор нийт 28 сая төгрөгийн өртөгтэй 20 тн нэмэлт тэжээлийг 28 цэгт тараан байршуулав. Говийн Их ДЦГ-ын “А” хэсгийн Хамгаалалтын захиргаа нийт 22 сая төгрөгөөр 10 ширхэг тэжээлийн сав, 2 ширхэг тэжээл хадгалах сав шинээр хийж байршуулав. Ирэх хавар Мазаалай баавгай ичээнээс нь гарахад уургийн агууламж өндөртэй шинэ нэмэлт тэжээл өгөхөөр “Мазаалайг аврах Монголын алхам /МАМА/” ТББ нь Эхийн голд 0.5 га, Баянтооройд 0.7 га газарт эрдэнэшиш, буурцагт ургамлыг тариалжээ. “МАМА” ТББ Мазаалайн идэш тэжээлд зориулж ургамлыг бутлах, холих, хатаах, савлах ажиллагаатай цехийг Эхийн голд байгуулж байна. “МАМА” ТББ нэмэлт тэжээлийг тариалах, хураан авах, жижиг оврын цехийн байр засварлах, холбогдох тоног төхөөрөмж худалдан авах зэрэг үйл ажиллагаанд нийт 71 сая төгрөгийн санхүүжилтийг өөрийн хөрөнгөөс гаргасан байна. БОНХЯ идэш тэжээлийн үйлдвэрлэлийг дэмжиж жижиг оврын цахилгаан үүсгүүр өгчээ. Мазаалай баавгайн генетикийн судалгааны ажлыг сайжруулсны үр дүнд ангилал зүйн маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд ойртлоо. Мазаалай нь Монгол орны Алтай, Хангай, Хэнтийн нуруунд тархсан хүрэн баавгайн зүйлээс генетикийн хувьд ялгаатай нь батлагдлаа. Одоо Гималай, Тэнгэр ууланд тархсан хүрэн баавгайн зүйлээс ялгаатай эсэхийг тодорхойлох ажлыг АНУ-ын Айдехогийн Их сургуульд Монгол Улсын судлаач олон улсын судлаачтай хамтран генетикийн дүн шинжилгээ хийн ажиллаж байна. Судлаач Т.Одбаяр нийт 300 үсний дээжний удамшлын мэдээллийг хадгалж буй генетик /ДНХ/-ийг ялгаж, нарийвчлан шинжлэхэд 225 дээж нь Мазаалай баавгайнх мөн болох нь тогтоогджээ. Дараа нь бодьгал, эр эмээр нь ялгаж шинжлэх юм байна. Байгаль хамгаалах сангаас судлаачийг АНУ-д ажиллахад 42.649.200 төгрөг зарцуулж байна.
Баавгай судлал, хамгааллын олон улсын нийгэмлэг 2013 оны 9 дүгээр сарын 15-20-ны хооронд АНУ-ын Юта мужийн Прово хотод Баавгайн олон улсын 22-р их хурал зохион байгуулав. БОНХЯ энэхүү хуралд Мазаалай баавгайн генетикийн үр дүнг олон улсад танилцуулах зорилгоор судлаач Т.Одбаярыг оролцуулсан бөгөөд тэрбээр “Говийн баавгай нь хүрэн баавгайгаас ялгагдах Монголын говь цөлд амьдардаг бие даасан дэд зүйл мөн үү?” сэдвээр асуудал дэвшүүлсэн илтгэл тавив. Судлаач Т.Одбаярын илтгэл хамгийн зохион байгуулалттай, сонирхолтой хэмээн олон улсын түвшинд сайшаагдан “Шилдэг ханын илтгэл” гэсэн шагналыг авлаа. Энэ нь Мазаалай баавгайг олон улсад сурталчилсан үр дүнтэй ажил болов. Судалгаа шинжилгээний ажлын хүрээнд хөдөлгөөн мэдрэгч 152 автомат камерын тусламжтайгаар Мазаалайн тоо толгойд мониторинг хийх ажил эхэлсэн бөгөөд энэ нь бусад нэн ховор, ховор амьтдын бүртгэл судалгаа, байгаль хамгаалагчдад хяналт шалгалт явуулахад ач холбогдолтой юм. Хөдөлгөөн мэдрэгч автомат гэрэл зургийн 50 ширхэг аппарат, дагалт хэрэгсэл худалдан авч, суурилуулах ажлыг МУИС-ийн Биологи, Биотехнологийн сургууль, “Тал нутгийн түүчээ” ТББ нийт 44 сая төгрөгөөр гүйцэтгэв. Камерийг 1 сарын хугацаатай ажилуулсан бөгөөд эдүгээ автомат зургийн камер болон видео бичлэгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж байна.
Мазаалай баавгайн тархац нутагт гэрэл зургын автомат аппарат суурилуулан тоо толгойн мэдээллийг цуглуулж байна. Одоогоор бидний мэдэж байгаагаар 2 Мазаалай ихэр бамбарууш гаргаж Мазаалай баавгайн бүл 4 бамбаруушаар нэмэгдлээ.
МУИС, ШУА-ийн Биологийн хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллагууд Мазаалайн гол идэш тэжээл болох бажууны өсөлт, ургалтын онцлог, Мазаалайн шилжилт хөдөлгөөн зэрэг судалгааг төслийн санхүүжилтээр 49.000.000 төгрөгөөр гүйцэтгэж байна.
Шинжлэх ухаан академийн Бага чуулганы санаачлагаар 2013 оны 04 дүгээр сарын 22-ныөдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд “Мазаалай баавгай хамгаалал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсны дараа Байнгын хорооны 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар тогтоол гарч “Мазаалай баавгайг хамгаалах үндэсний хөтөлбөр боловсруулах, генетикийн судалгааны ажлыг эрчимжүүлэх, Мазаалай баавгай хамгаалалд олон нийтийн оролцоог дэмжиж ажиллах” зэрэг үүргийг Засгийн газарт даалгасан байна.
Мазаалайг зөвхөн говийнхон мэдэж байх учиргүй
Мазаалай баавгай хамгаалах ажилд иргэд нийгмийн сүлжээгээр /facebook, twitter гэх мэт/ нэгдэн 2 томоохон групп, 5 ТББ, 2 телевиз, 10 гаруй сэтгүүлч, 3 ААН, 8000 орчим иргэд Мазаалай баавгайн хамгаалалд идэвхтэй оролцож эхлэв. Энэ тоо цаашид өсөх хандлагатай байна.
БОНХЯ www.mazaalai.mn сайтыг тогтмол ажиллуулж байна.
“Их говийн эзэн Мазаалай”, “Говийн баавгай Мазаалай” зэрэг танин мэдэхүйн болон судалгааны номыг хэвлүүлж, олны хүртээл болголоо. Эдгээр бүтээл нь доктор Мижиддорж, А.Доржмаа нарын олон жилийн судалгаа, ажиглалтын үр дүн юм.
Уран бүтээлчдийн дунд “Мазаалай баавгайн хамгаалал-иргэдийн оролцоо” сэдвээр видео бүтээлийн уралдаан зарлаж, нийт 5 бүтээл шалгарчээ.
Мазаалай болон нэн ховор амьтны талаар хүүхдүүд юу мэддэг, яаж хайрлан хамгаалах сэтгэл тээж явдгийг харуулах зорилгоор комикс зургийн уралдаан зарлаж, хот, хөдөөгийн 120 гаруй хүүхэд бүтээлээ ирүүлжээ.
“Байгаль орчны кино” нийгэмлэг Мазаалай баавгайн тухай Англи хэл дээрх баримтат кино болон богино хэмжээний баримтат нэвтрүүлгийг хийж олны хүртээл болгохоор ажиллаж байна.
“ECO CHANNEL HD” телевизээр “Мазаалайн нутгаар” 3 цуврал нэвтрүүлэг тус бүр 5 удаагийн давталттайгаар нийт 15 удаа өөрийн эфирээр олон нийтэд хүргэсэн бол UBS TB-ийн “Ногоон ирээдүй” ток шоу нэвтрүүлэг Мазаалай хамгаалал сэдэвт 3 цуврал нэвтрүүлэг бэлтгэж, олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлжээ. Дархан-Уул аймгийн Орхон радио “Атас Богдын майга бор”, “Мазаалай Монголын нэрийн хуудас” цуврал нэвтрүүлгийг бэлтгэн олны сонорт хүргэсэн байна.
Говь-Алтай аймгийн ЗДТГ Байгаль орчны газар Мазаалай баавгайг аймгийн 9 бахархлынхаа 1 болгожээ.
Зүүн Хойд Азийн орнуудын байгаль орчны 9 дүгээр хуралд Мазаалай баавгайг хамгаалах төслийг танилцуулж, хурлаас энэхүү төслийг санхүүжүүлэх боломжтой гэсэн шийдвэрийг гаргажээ.
“Мазаалай сан” ТББ-ын санаачлагаар 2013 оны 07 сарын 04-нд “Мазаалайг хамгаалах, өсгөн үржүүлэхэд төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын түншлэл, түүний ирээдүй” сэдэвт семинарыг НҮБ-ын суурийн төлөөлөгчийн газарт зохион байгуулав. Семинарт оролцогсод Мазаалай баавгайг хамгаалах урт хугацааны хөтөлбөр боловсруулан батлуулах, Ерөнхийлөгчийн ивээлд оруулах, Мазаалайн нэрэмжит өдөртэй болох, гадаад улсад сурталчлан ажиллах зэрэг саналыг гаргав.
“Мазаалай сан” ТББ CNN олон улсын телевизтэй хамтран 12 удаагийн цуврал нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд түгээх төслийн санал боловсруулан донор байгууллагаас санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.