Цана чарганы үнэ ямар байна вэ.

Тэмдэглэсэн С.Алтан:

Хандгайт цанын баазаас чарга түрээслэхэд 5000 төгрөг, цана түрээслэхэд 10 мянган төгрөгний үнэтэй байна. Нэг түрээслээд авчихвал хэдэн цаг ч гулгаж болох ажээ. Улаан, цэнхэр өнгөтэй хуванцар чарга байх бөгөөд төмөр чарга арай эрсдэл ихтэй байсан учраас ийнхүү хуванцар чаргаар сольжээ. Түрээсийн газарт бичиг баримтаа барьцаанд өгч чарга авна. Ерөнхийдөө хоёр аманд гулгах ба баруун талын зам нь огцом уруу биш, нэлээн налуу болохоор замынхаа талд нь ороод зогсчихоор шинжтэй. Ихэнх нь замынхаа талд хүрэхгүй онхолдоно, зарим нэг нь хөлөөрөө урдах замаа чиглүүлээд гулгана. Уяагаа барих, хөлөөрөө замаа чиглүүлэн жолоодох, урдуур яваа хүмүүсийг дайрчихгүй гулгах гээд нэлээд авъяас шаардаж байв. Өгсөж яваа хүмүүс замын хоёр талаар алхаж байгаа хэдий ч гулгаж чадахгүй хүмүүсийн чарга хаашаа ч хамаагүй далийсаар явган хүмүүс рүү чиглэчих юм. Урдуур нь хүүхэд гүйвэл хөлөөрөө тулаад зогсох хэдий ч мөргөж унаад дээр доороо орж байгаа хүмүүс ч харагдаж байлаа. Ер нь олон хүнтэй учраас сонор сэрэмжтэй л байхгүй бол хаанаас ч хамаагүй ирж мөргөчих гээд сандаргах юм. Баруун талын ам налуу замтай учраас голдуу бага насныхан гулгадаг ажээ. Харин зүүн талын аманд залуус голдуу гулгаж байв. Тэндхийн зам нэлээд огцом уруу, хол зам туулахаар ажээ. Дээрээс гулгаж ирж байгаа хүмүүс амандаа орилолдон тун ч сүр дуулиантай бууж ирнэ. Анги хамт олноороо явж байгаа хүмүүс чаргаа холбон урт цуваа үүсгээд гулгаж байсан. Цуваа болон гулгахад дунд яваа хэсэг нь хажуу тийшээ онхолдвол газартай нүүрээ наах нь холгүй гулгасаар бууж ирж байлаа. Гулгаж буй хүмүүсийг харж хэсэг зогсоод чаргаа буцааж өгөхөөр түрээсийн газар ирлээ. Хүлээж авч байгаа хүн нь их л нямбайлан харж байв. “Энд цуулчихсан юм бишүү” гэхэд нь “Тийм байсан байх аа, бараг гулгаагүй” гэхэд “Цуулчихсан л байна даа” гээд мөнгө нэмж нэхэх янзтай болоод явчихлаа. “Гулгах гэхээр хүн дайрчих гээд байх юм. Сайн чадахгүй болохоор буцааж байна. Чаргаа аваад цаг хүрээгүй” хэмээн учирлаж байж сая нэг бичиг баримтаа буцааж авлаа. Ингээд халуун юм олоод уучих санаатай өнөөх байшинг тойрлоо. Цайны газар бололтой жижигхэн газар хаалттай байв. Хүмүүс салхинд гарахдаа гэрээсээ халуун савтай цай, хоол унд аваад ирдэг бололтой. Чарга түрээсэлдэг байшингийн нөмөрт гэр бүл, найз нөхдөөрөө яваа хүмүүс цайлж сууна.

 

“Скай Ресорт”-д бүтэн өдөр гулгахад дунджаар 100 мянган төгрөгийн үнэтэй

Энд голдуу цанаар гулгаад сурчихсан хүмүүс ирдэг бөгөөд цана, лифтээр гулгахад том хүн зургаан цагт 69 мянга, хүүхэд 50.500 төгрөг төлөх ажээ. Боард, лифтээр бол том хүн 77 мянга, хүүхэд 57.500 төгрөг юм байна. Харин гүйлтийн цанаар том хүн 20 мянга, хүүхэд 17 мянган төгрөг. Салхи нэвтэрдэггүй хувцас, хамгаалалтын малгай түрээслэх бол дахин мөнгө нэмж төлнө. Гэвч үндсэн хэрэглэлээ хэдэн цагаар түрээслэхээс хамаараад янз бүр ханштай. Цанаар гулгах хүмүүс уул руу өгсөхдөө лифт ашиглах бол чаргаар гулгаж байгаа хүмүүст лифт хэрэггүй. Эндхийн чаргаар гулгах хэсэг нь талбай багатай, тийм ч өндөр биш. Учир нь залуус голдуу цана руу хошуурчихдаг учраас энд дандаа эмэгтэйчүүд, бага насныхан цуглах ажээ. “Скай ресорт”-ын бас нэг давуу тал нь энд амрахаар ирсэн хүмүүс заавал гэрээсээ хоол унд бэлдэж ирээд байх шаардлагагүй. Том хоолны заалтай ба хоол нь дунджаар 12 мянган төгрөг. Мөн кофе, аарц, чацаргана, аньс зэрэг халуун уух юм төрөл бүрээрээ бий.

Богинын ам: Богд уулын энгэрээр явахад машинтайгаа салхилж байгаа хүмүүс, хүүхдээ дагуулаад чарга чирэн уул өөд мацах эцэг эхчүүд хаа сайгүй байх ажээ. Бараг л уулын ам бүрт гулгаж байгаа хүүхдүүд байв. Зарим хэсэгт хүмүүсийг гулгуулахгүй гээд том том цементэн хаалт тавьсан байсныг хүмүүс машинаараа чирэн холдуулж байгаад хүүхдүүдээ гулгуулж байлаа. Туул голын эрэг дагуу цастай хэсэгт залуучууд нэгийгээ чарган дээр суулган машинаараа чирэн тоглож харагдсан. Богинын аманд “Дүнжингарав” цанын бааз байдаг ажээ. Чарга нь бүтэн өдөржингөө бол 10 мянга, цана нь 15 мянган төгрөгийн үнэтэй. Бусад цанын баазыг бодвол энд голдуу албан байгууллагынхан ирдэг ажээ. Тойрч зогсоод олс татаж байгаа гурван ч бүлэг хамт олон ирсэн байгаа харагдав. Дэргэдээ амралтын газартай учраас хоол цай захиалаад идчихэж болно. Амралтын нэг гэр хоногийн 80 мянган төгрөгийн ханштай байлаа. Гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө цасны баяраа хийнгээ агаарт гарч хонох боломжтой. Найрамдал руу явах замд байх “Улаанбаатар” цанын бааз харьцангуй хүн багатай байв. Энд чарга 5000, цана 10 мянган төгрөгийн үнэтэй ажээ.