Нийслэлийн иргэд, жуулчдад зориулсан “Улаанбаатарын өвөл-2014” арга хэмжээ 02 дугаар сарын 02 буюу Шинийн гуравны өдөр Туул гол дээр болж өнгөрлөө. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Аялал жуулчлалын газраас санаачлан анх удаагаа зохион байгуулсан уг арга хэмжээний үеэр мөсөн шагайн харваа, мөсөн сурын харвааны тэмцээн, тэшүүрийн болон уран гулгалтын үзүүлбэр, өвлийн дугуйн аялал, нохойтой чарганы уралдаан, Улаанбаатар чуулга, Хөсөгтөн, Жонон хамтлагийн тоглолт, Торго салоны загварын үзүүлбэр, бартендерийн үзүүлэх тоглолт зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд явагдлаа. Нийслэлийн Хан-Уул дүүргийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчид халуун хоол, ундаагаар үйлчилж тэшүүр, чарга, өвлийн дугуйны түрээсийн үйлчилгээ гарсан нь олны талархлыг хүлээж байв.
Эртнээс нааш Монголчууд шинийн гуравны билэгт сайн өдөр мөсөн шагай харваж тэр жилийнхээ аз хийморийг шинждэг уламжлалыг сэргээсэн, шинэлэг байдлаар зохиогдсон уг арга хэмжээ хэдий анх удаагаа зохиогдож байгаа ч гадаад, дотоодын иргэд ялангуяа манай улсад суугаа олон улсын болон дипломат байгууллагынхан олонхи нь ирсэн.