Цаг хугацааны хувьд М.Э-ний VIII – XVI зууны үеийн нүүдэлчдэд холбогдох бөгөөд түүхэн үечлэлээр бол Эртний Түрэгийн үеэс Их Монгол улсын үед холбогдох дурсгалууд юм. ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байсан эдгээр олдворууд нь маш хурдан муудаж, цаашид устаж үгүй болох шинж илт ажиглагдаж эхэлсэн тул нэн яаралтай сэргээн засварлах, бэхжүүлэх шаардлагын улмаас ХБНГУ-ын Бонн хотын Ландес музейн лабораторитой хамтарсан төсөл хэрэгжүүлжээ. Энэ төслийн хүрээнд олдворуудыг хамтран судлах, сэргээн засварлах ба бэхжүүлэх зэрэг зардалд хагас сая евро зарцуулагдсаныг Германы тал бүрэн хариуцсан бөгөөд сэргээн засварлалтын ажлын үр дүнг олон нийтэд танилцуулах зорилгоор зарим нэгэн олдворыг оролцуулан Бонн, Мюнхин, Голландын Амстердамын музейд тус тус дэлгэн тавьж сурталчилсан байна. Энэ үзэсгэлэн нь Европын ард иргэдэд Монгол орныг таниулан сурталчилах өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа болсон юм. Сэргээн засварлагдсан түүх, соёлын үнэт олдвор хэрэглэгдэхүүн дотор морин толгой бүхий чавхдаст хөгжмийн зэмсэг байгааг онцгойлон дурдах хэрэгтэй юм.
Хөгжмийн зэмсгийн гадна ар талд эртний руни бичээс, ар царан дээр нь ан агнуурын сэдэвтэй сийлмэл зураг байгаа нь уг олдворын утга соёлын болон шинжлэх ухааны үнэ цэнийг улам нэмэгдүүлж байгаа юм.
Монгол түүхийн төдийгүй дэлхийн өв соёлын нэгээхэн хэсэг болсон дээрхи олдворуудыг сэргээн засварлаж авран хамгаалах ажлыг зохион байгуулахад Монгол улсад суугаа ХБНГУ-ын элчин сайдын яам болон Германы Боннын их сургуулийн Өвөг ба түрүү түүхийн археологийн тэнхим, Холбооны Шинжлэх ухааны яам, Герда Хенкелийн сан, Бонн хот дахь Ландес музейн хамт олон, доктор, профессор Ян Бемманн, Монголын ШУА–ын Археологийн хүрээлэнгийн захирал Д. Цэвээндорж, секторын эрхлэгч Ц. Төрбат эрдэм шинжилгээний ажилтан, Д.Батсүх, Т.Батбаяр нарын эрдэмтэн судлаачид, сэргээн засварлагчид оролцсон байна. Энэ оны нэгдүгээр улиралд багтаан дээрх олдворуудаар Монголын Үндэсний Музейд үзэсгэлэн гаргаж олон нийтэд дэлгэн толилуулах юм.