“Монгол нүүдэлчдийн тайлбар толь” ном зарагдаж эхэлжээ

“Монсудар” хэвлэлийн газраас “Монгол нүүдэлчдийн тайлбар толь”-ийг эрхлэн гаргажээ. Цуврал болон гаргах энэ тайлбар толийн тэргүүн боть нь гэр, хувцас, мал ахуй гэсэн гурван бүлгээс бүрдэх аж. Бүлэг бүрийг гэр барих, цуцах ёс, нүүх, ачаалахаас авахуулаад монгол үндэстэн, ястны хувцас, тэдгээрийн төрөл зүйл, мөн мал төллөх, бод малыг уналга, эдэлгээнд сургах зэрэг сэдвийн дагуу нарийвчлан тайлбарласнаараа энэ чиглэлийн анхны тайлбар толь болж байгаа юм байна. Монгол хүн бүр гол, булгийн усанд сүү, цагаан идээ оруулдаггүй, уурган дээгүүр алхдаггүйн учрыг тайлбарласан. Бас баяр, наадмын үеэр л үндэсний дээл, хувцсаараа гоёх болсон өнөө үед дээл өмсөх ёс, жудаг, түүний ашиг, тусын талаар ч нарийн мэдэх хүн ховор болсон. Тиймээс хүмүүсийн мэддэг хэрнээ мэддэггүй юм шиг ёс, цээр, “мартагдах” шахсан монгол ухааныг “Монгол нүүдэлчдийн тайлбар толь”-д тусгаж өгсөн юм байна. Энэ номыг уншиж, судалснаар гэрийн хаалгыг яагаад заавал урд зүгт харуулж барьдаг, ямар учраас дээлийн нударгыг залгаа оруулж оёдог гэх мэт монголчуудын байгаль, цаг агаартайгаа зохицсоор ирсэн арга ухаан, амьдралын логик зэргийг мэдэж, ойлгох чухал ач холбогдолтой. Уг бүтээлээ бид малчдад гэхээсээ илүү монгол өв соёлоо өөрсдийн ахуй амьдралд авч хэрэглэхийг хүссэн шинэ, залуу үеийнхэнд онцлон зориулж байна хэмээж байв.  “Монгол нүүдэлчдийн тайлбар толь” нь хэрэгтэй үедээ хэрэгцээтэй мэдээллээ олж авдаг хэрэглээний, танин мэдэхүйн ном юм байна.