“Алсын удирдлага” кино Европт нээлтээ хийнэ

Азидаа хамгийн томд тооцогддог БНСУ-ын Бусаны олон улсын кино наадмаас “New Currents” буюу “Шинэ давалгаа” төрлөөс тэргүүн шагнал хүртсэн “Алсын удирдлага” уран сайхны киноны Европ дахь нээлт энэ сарын 27-нд болох гэж байна. Найруулагч С.Бямбын энэхүү бүтээл одоогийн байдлаар олон улсын дөрвөн кино наадамд оролцох урилга хүлээн аваад байгаа юм билээ. Роттердамд болдог олон улсын кино наадамд “Алсын удирдлага” кино оролцож байгаа бөгөөд 27-ноос эхлэн дөрвөн удаа кино театрт гарах юм. Үүний дараа найруулагч С.Бямба бүтээлээ Гётэбургийн олон улсын кино наадамд сойхоор төлөвлөсөн юм. Тэнд “Алсын удирдлага” гурван өдөр гарах бөгөөд өчигдрийн байдлаар 30 тасалбараас бусад нь зарагдаж дууссан мэдээлэлтэй байгаа ажээ. Түүнчлэн уг киноны уран бүтээлчид олон улсын хоёр наадамд оролцсоныхоо дараа эх нутагтаа ирж өөрсдийн бүтээлээ олны хүртээл болгохоор төлөвлөөд байгаа юм байна.