Харилцаа холбооны зохицуулах хорооноос
2010 онд шинэчлэн батлагдсан Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний
дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу дөрвөн оронтой тусгай дугаарыг 1800,
1900 дугаарт шилжүүлэхээр болжээ. Ингэхдээ нийслэлд тусгай дугаар эзэмшигчийн
одоо ашиглаж байгаа дугаарыг төлбөргүй бол 1800, төлбөртэй бол 1900 угтвар
дугаарлалтад шилжүүлэн арын дөрвөн оронг хэвээр үлдээх юм байна. Уг ажлыг энэ
оны эхний улиралд багтаан хийхээр төлөвлөж буй бөгөөд нэгдүгээр сард дөрвөн
оронтой тусгай дугаар эзэмшигчид, оператор компаниудтай хамтарч цахилгаан
холбооны үйлчилгээ эрхлэгчид холболт хийх, дугаар үүсгэх, орлого хуваах хувь
хэмжээний саналыг тусгасан журмыг боловсруулах ажээ. Мэдээлэл, лавлагааны
үйлчилгээний хэрэглээ өсч, дугаарын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай болсноос ийнхүү
дөрвөн оронтой тусгай дугаарын өөрчлөлтийг хийх болжээ. Харин үнэ, тарифын
хувьд ямар байх талаар одоогоор тодорхойгүй бөгөөд оператор компаниудтай
зөвшилцөж хийх дээрх журмыг боловсруулсны дараа тодорхой болох юм байна.