Автозамын боомт шинийн дөрвөн хүртэл амарна

Өнөө жилийн цагаан сарын шинийн нэгэн нэгдүгээр сарын 31-нд болно. Манай сар шинийн баяр Хятадынхтай давхцаж байгаа ажээ. Тиймээс хилийн боомтууд ямар хуваарийн дагуу ажиллахыг тодрууллаа. ОХУ-тай хиллэдэг боомтууд болох Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын төмөр замын боомт баярын өдрүүдэд тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. Тэгэхээр галт тэргээр хойд хөршийг зорих бол галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орохгүй ажээ. Харин авто замын боомт шинийн 1, 2-нд амрах юм байна. Өнөө жилээс эхлэн шинийн 3 албан ёсоор амралтын өдөр болсон хэдий ч хоёр улсын хилийн хэлэлцээрээр ярилцаагүй байгаа учраас зөвхөн шинийн 1, 2-нд амраад гуравнаас цагийн хуваарийн дагуу ажиллах гэнэ. БНХАУ-тай хиллэдэг боомтууд автозамын харин шинийн 4-нийг хүртэл амрах ажээ. Манай цагаан сар болох үед хилийн боомт шинийн 1, 2-нд амардаг, Хятадын баяр болохоор гурван өдөр амардаг байжээ. Харин өнөө жил хоёр улсын сар шинийн баяр давхцаж байгаа учраас гурван өдөр амраад шинийн 4-нөөс эхлэн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. Гэхдээ авто замын боомтууд л уг хуваарийн дагуу ажиллах ажээ. Төмөр замын боомт аль ч өдөр амрахгүй гэнэ. Тиймээс шинийн 1, 2-нд урд хөршийг зорих иргэд олон улсын галт тэргээр зорчиж болох ажээ. Тухайлбал УБ-Эрээн, УБ-Хөх хот, УБ-Бээжингийн галт тэрэг баярын өдрийг үл харгалзан иргэдэд үйлчилнэ гэнэ.